Я.Содбаатар гишүүн Өндөр гэгээн Занабазарын ойг тэмдэглэх талаар санал хүргүүлэв

sodbaatar

УИХ-ын гишүүн Я.Содбаатар Монголын төр, нийгэм, соёл урлаг, шашны нэрт зүтгэлтэн, анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Засгийн газарт санал хүргүүллээ.

Монгол Улсын төрөөс Монголын анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх, хүндэтгэл үзүүлэх ёслолыг уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Анх 1995 онд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 360 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг үндэслэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт анх удаа даншиг наадам зохион байгуулан өргөн дэлгэр тэмдэглэсэн юм. Мөн 2005 онд Засгийн газрын 92 дугаар тогтоол гарган түүний мэндэлсний 370 жилийн ойг Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт тэмдэглэн өнгөрүүлсэн түүхтэй.

Тиймээс өмнөх уламжлалын дагуу ойг зохион байгуулах комиссыг Засгийн газраас байгуулан Занабазарын үйл хэргийн талаар олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, баримтын эмхэтгэл гаргах, баримтат кино, нэвтрүүлэг хийх, Сарьдагийн хийдийн малтлагыг үргэлжлүүлэх, урлагийн нэрт мастер төдийгүй төр нийгмийн зүтгэлтний хувьд нь судалгааны шинэ чиглэл гаргах, баяр наадам зохион байгуулах зэргээр архивын баримтад түшиглэн түүхэн бодит үнэнийг танин мэдүүлэх, сурталчлан түгээх нь зүйтэй гэж үзэж буйгаа Я.Содбаатар гишүүн энэхүү саналдаа онцолжээ. Энэ онд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний тэгш ойг тохиолдуулан Унгар Улсад эрдэм шинжилгээний бага хурал болох ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих