А.Эрдэнэтуяа ажлаа өгөхөөсөө урьтаж хууль бус гэрээ байгуулжээ

A.ErdenetuyaЭрүүл мэнд, Байгаль орчны сайдын хамтарсан тушаалаар бол эмнэлгийн гаралтай тусгай хог хаягдлыг ил задгай хаях хориотой. Учир нь, эдгээр хог хаягдал хүний эрүүл мэнд болон байгаль орчинд их хэмжээний сөрөг нөлөө, аюултай учраас ил задгай хаях нь байтугай бүрэн ариутгаж, халдваргүй болгосны дараа устгалд оруулахаар тусгасан нь энэ юм. Улмаар журмыг хэрэгжүүлэх үүднээс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер нар хамтран “Эрүүл мэндийн байгууллагын тусгай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, аюулгүй болгох, халдваргүйжүүлэх, устгах ажил үйлчилгээ явуулах” гэрээг “Элемент” компанитай 2009 онд нэг жилийн хугацаатайгаар цаашид сунгагдах нөхцөлтэйгөөр байгуулсан байдаг. Тиймдээ ч “Элемент” компани 2014 оныг хүртэл эмнэлгийн тусгай хог хаягдлыг цуглуулах, устгалд оруулах ажлыг дангаараа хийж, гүйцэтгэж иржээ.

Гэвч “Элемент” компанийнхан гэрээний үүргээ зөрчиж, хэрэглэсэн зүү тариур, биохимийн шинжилгээ авсан цустай хуруу шил, дуслын систем, багаж хэрэгсэл, рентгенд ашигладаг хорны сав зэрэг эмнэлгээс гардаг бүхий л төрлийн хог хаягдлыг Улаанчулуутын хогийн цэг дээр ил задгай хаяж байсан нь илэрч, хэсэгтээ шуугиан тарьсан. Товчхондоо, хүрээлэн буй орчин болон хүн, амьтан, ургамалд вирус халдаах эрсдэл бүхий хог хаягдлыг ил задгай хаяж байсан нь холбогдох албаныхны хараанд өртсөн юм.

Улмаар “Элемент” компанийг татан буулгах тухай салбар хариуцсан яамны хэмжээнд яригдаж, НМХГ-аас мөнгөн торгууль ногдуулснаар энэ асуудал тэгсхийгээд намжсан. “Элемент” компанийнхан ч буруугаа хүлээж, гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэхээ илэрхийлсэн байдаг.

Улмаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, “Элемент” компанийн захирал З.Баярсайхан нарын гарын үсэгтэй гэрээний сунгалтыг 2014 оны зургадугаар сарын 3-нд хийжээ. Хачирхалтай нь, энэхүү гэрээг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан А.Эрдэнэтуяа хууль зөрчин байгуулсан байх юм. Угтаа бол Эрүүл мэндийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Элемент” компанийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсний дараа гэрээг албан ёсоор үзэглэх учиртай байжээ. Гэвч А.Эрдэнэтуяа өөрийн эрх мэдлийн хүрээнд дур мэдэн гэрээ байгуулсан нь энэ аж. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Эрдэнэтуяа ийнхүү анхны гэрээний нэг оролцогч буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас төлөөлөл оролцоогүйгээс гадна гэрээнд хоёр ч хууль зөрчсөн зохицуулалтыг мөн оруулжээ.

Тодруулбал, гэрээний 2.1.8-д “Эрүүл мэндийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн алба, Эрүүл мэндийн газарт улирал тутамд эрүүл мэндийн байгууллагаас хүлээн авсан хогхаягдлын хэмжээ болон бүх үзүүлэлтээр мэдээ, тайланг гаргаж хүргүүлнэ гэх заалтыг нэмж оруулсан аж. Гэтэл энэ нь гэрээний оролцогч биш этгээдийн өмнө үүрэг хүлээсэн шинжтэй буйгаараа журам зөрчсөн байна. Мөн 2.2.4-д Улаанбаатар хотын Захирагчийн албатай өмнө нь хийсэн гэрээний дагуу гарч буй хог хаягдлыг ландфил хийх талбайгаар хангана хэмээн заасан нь гэрээний оролцогч биш гуравдагч этгээдэд үүрэг хүлээлгэжээ. Өөрөөр хэлбэл, “Элемент” компанийнхныг гэрээгээрхүлээсэн үүргээ гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхээр тусгасан нь хоёр яамны сайдын хамтарсан тушаалыг зөрчсөн байна. Нөгөөтэйгүүр, гэрээг байгуулахдаа ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр зөвхөн нэг хуулийн этгээдэд өөрийн эрх мэдлээ ашиглан давуу байдал олгож гэрээ байгуулсан нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байгаа аж.