Тарган, архичин хүмүүст нийгмийн халамж үзүүлэхгүй

targanИх Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон илүүдэл жинтэй, архичин, хар тамхичин хүмүүст нийгмийн тэтгэлэг, халамж үзүүлэхийг зогсоох санал дэвшүүлжээ. Лэйборист сөрөг хүчин Засгийн газрын тэргүүнийг тавдугаар сарын 7-ны сонгуулийг угтаж олон нийтийн санаа бодлыг ядуу, орлого багатай иргэд рүү шилжүүлэх оролдлого хийлээ хэмээн шүүмжлэв. Парламентын хуралдаанд суусан Д.Кэмероноос HSBC банкны Швейцарь дахь салбаруудад хадгаламжтай Британийн тэрбумтнууд татвараас зайлсхийсэн шуугианы талаар асуулт тавьсан ч тэрээр хариулт өгөхөөс татгалзсан юм.

Үүний оронд Ерөнхий сайд нийгмийн халамж, үйлчилгээг хуваарилахад шударга бус байдал давамгайлж байна хэмээн ярьжээ. Консерватив намаас гаргасан судалгаагаар, Их Британид 100 мянга орчим хүн эмчлэгдэh боломжтой өвчнийхээ төлөө төрөөс тэтгэмж авдаг бөгөөд тэдгээрт төсвөөс долоо хоног бүр 12 сая евро зарцуулж байдаг аж. Хоёр жилийн өмнө Хөдөлмөр, тэтгэврийн сайд Дункан Смит архи, хар тамхинд донтсон хүмүүсийн ажилгүйдлийн тэтгэмжийг хүчингүй болгох санал дэвшүүлж байв. Гэвч энэ санаачилга ихээхэн эсэргүүцэлтэй тулгарчээ. Буяны болон эрүүл ахуйн байгууллагууд “Засгийн газар мөн хөгжлийн бэрхшээлтэй, оюуны хоцрогдолтой иргэдийн тусламж дэмжлэгийг үгүй хийх гэж байна” хэмээн эсэргүүцжээ.

Эдүгээ энэ санал эргэн амилсан төдийгүй илүүдэл жинтэй хүмүүсийн тэтгэмжийг цуцлах санал нэмэгдэн орж ирлээ. Ажилгүй иргэдийг ялгаварлан гадуурхлаа гэсэн шүүмжлэл хүчээ авч, нийгмийн сүлжээгээр Засгийн газрыг буруутгах давалгаа үүсчээ. Гэвч Кэмерон “Энэ арга хэмжээг нухацтай судалж байгаа, дараагийн Засгийн газар хэрэгжүүлэх болно” хэмээн мэдэгдлээ. “Эмчилгээ хийлгээд жирийн амьдралд орох боломжтой залхуу, бэртэгчин хүмүүсийн нийгмийн халамжийг нөр их хөдөлмөрлөж буй иргэд төлөөд, санхүүжүүлээд байна гэдэг нь шударга бус юм. Өвчнөө эмчлүүлээд ажил хийхийн оронд эмчлүүлэхээс татгалзаад  хэвтэж байдаг хүмүүс дэндүү их байна” хэмээн Кэмерон онцоллоо.

Хар тамхи, архинд донтсон хүмүүс эмчилгээ хийлгэлгүй зугтах нь их байдаг аж. Илүүдэл жин, таргалалтаас сэргийлж болно, гэвч тэдгээр хүмүүс ажил хийхээсээ өмнө халамж, тэтгэмж аваад сууж байхыг илүүд үзэж байна хэмээн эрх баригчид үзэж байгаа аж. Британичууд “Дэглэм барьж, жингээ хас. Эс бөгөөс халамж, тэтгэвэр байхгүй” гэсэн сонголтын өмнө ирсэн бололтой.

 

Н.МӨНХЖИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих