Найрамдлын Дархан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой болов

Түүхт олон ой давхцаж байгаа өнөө жил Дархан хотын 50 жилийн ой тохиож байгаа билээ. Өчигдөр эхэлсэн Дархан-Уул аймгийн наадамд Ерөнхий сайд С.Батболд оролцож, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбатад гардуулав.

Ийнхүү хагас зууныг ардаа орхисон Дархан хотынхон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт хот болон баяр дээрээ баяр нэмлээ. Найрамдлын бэлгэ тэмдэг болсон дарханчууд хотынхоо 50 жилийн ойг угтаж 50 бүтээлч ажил санаачлан хийжээ.

Усан оргилуур, ногоон байгууламж бүхий “Дархан 50” цогцолборыг хоёр хоногийн өмнө тууз хайчлан нээсэн юм. Шанхайн мэргэжилтнүүдийн байгуулсан энэхүү “Дархан 50” цогцолбор нь Монголдоо хамгийн томд тооцогдох хөгжимт усан оргилуур болж байна.

Түүнчлэн 2200 хүний суудалтай усан сан бүхий спорт цогцолборын шавыг тавиад удаагүй байна. Спорт цогцолбор ирэх оны 12 дугаар сард ашиглалтад орох юм. Мөн ойд зориулан “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнг шинээр байгуулсан гээд хагас зуун жилийн ойгоо дарханчууд их бүтээн байгуулалтаар угтлаа.

Б.Эрхэс


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.