Хүсэл биелүүлэгч 10 газар

Аливаад үл итгэгч нар хүртэл хүмүүсийн нүдийг хариулж байгаад хүслээ шивнэн ус руу зоос хаядаг шүү дээ. Тэгвэл хүний бүхий л хүслийг биелүүлэх ид шидтэй газрууд дэлхийгээр нэг тархан байрласан байх юм. Ийм газрууд домог шиг түүхээр баяжигдан жуулчдын очих дуртай газруудын нэг болсон байдаг төдийгүй заримдаа үнэхээр хэн нэгний хүслийг биелүүлэхэд тусалсан байдаг. Мөнгө санхүү, эрүүл мэнд, бүр хайр дурлалыг ч хүсч болох 10 газрыг Forbes сэтгүүлээс танилцуулж байна.

1.Делигийн шон

Байршил: Энэтхэг, Өмнөд Дели, Кутуб цогцолбор

Үнэ: цогцолборын тасалбар 250 рупи

Хүслийн төрөл: эрүүл мэнд, бусад

Делигийн шон гэж 7 м өндөртэй, 6.5 т жинтэй баганыг хэлдэг. Ойролцоогоор 1500 жилийн өмнө Дели хотын захад сүндэрлэсэн ба Кувват-уль-Ислам сүмийн туурьнаас холгүй оршдог. Шонгийн бүслүүр дээр түүнийг Дундад Азийн ард түмнийг ялсан Чандрагупт хааны ялалтыг бэлэгдэн босгосон тухай бичиг бий.

Делигийн шонгийн нууцыг тайлах гэж эрдэмтэд өнөөг хүртэл тархиа гашилгасаар байгаа. Учир нь уг баганыг дан төмрөөр хийсэн байдаг ба өнөөг хүртэл зэвэнд бараг идэгдээгүй байна. Өнөө цагийн технологиор ч ийм үр дүнд хүрэх амаргүй билээ. Тийм учраас зарим эрдэмтэн энэхүү баганыг харь гаргийнхан суурилуулсан гэж ч үздэг. Харин шинжээчид арай өөр тайлбар өгдөг. Тэдний бодлоор, энд харь гаргийнхан огт хамаагүй, Дели хотын цаг агаарын онцгой нөхцөл байдал уг баганад хамгаалалтын бүрхүүл бий болгосон нь түүнийг зэвнээс хамгаалах хүчин зүйлс болжээ гэдэг.

Тэгвэл нутгийн оршин суугчид энэ баганыг ид шидтэй, ямар ч өвчнийг анагаах чадвартай гэж итгэн сүсэглэдэг байна. Бүр таяг тулсан хүн баганад ойртмогц таягаа шууд хаядаг гэх. Делигийн шон хүн эмчлэхээс гадна бүх төрлийн хүслийг ч биелүүлдэг гэнэ. Түүний ид шидийг мэдэрье гэвэл нуруугаа шон руу харуулан гараараа тэврэхдээ аль болох хуруунуудаа нийлүүлэхийг хичээх хэрэгтэй аж. Ийм байрлалтайгаар хэдэн хором зогссоны дараа хүсэл биелнэ гэдэгт итгэж амьдрах хэрэгтэй гэнэ.

2. Эраваны тахилын тавцан

2eravanБайршил: Тайландын Бангкок хотын төвд, Ратчадамри ба Пхлоен Чит гудмуудын уулзвар дээр

Хүслийн төрөл: юуг ч хүсч болно

Эраваны тахилын тавцан нь Бангкок хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй газар байрладаг. Өндөр барилгуудын дундаас түүнийг олох тийм ч хэцүү биш. Учир нь уг тахилын тавцанг үргэлж өнгө өнгийн цэцгүүд чимж байдаг тул холоос тод харагддаг ба цэцэгсийнх нь үнэр тэртээд ч ханхалдаг. Уг тавцанг хагас зууны тэртээ Индра бурхан, түүний Эраван нэртэй заанд зориулан босгосон бөгөөд голд нь алтаар бүрсэн дөрвөн толгойтой бурхны хүрэл баримал бий.

Тавцангийн эсрэг талд “Эраван” нэртэй зочид буудал байх агаад түүнийг барьж байгуулах хугацаанд олон тооны золгүй явдал тохиолдож байжээ. Тухайлбал, зочид буудлын дотоод засал чимэглэлд ашиглах гантиг чулуу ачсан хөлөг онгоц живж байв. Үүнээс гадна учир битүүлэг шалтгаанаар хэдэн ажилчин нас баржээ. Сэтгэл нь түгшсэн тайчууд нутгийн брахман лам нарт хандахад тэд зочид буудлын ойролцоо тахилын тавцан босгохыг зөвлөсөн гэдэг. Үүнээс хойш учир битүүлэг золгүй явдлууд тохиолдохоо больсон түүхтэй. Нийслэлийн оршин суугчид бурханд талархан энэхүү тахилын тавцанд өргөл барьж талархсан сэтгэлээ илэрхийлэх болжээ. Тэднээс гадна дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид зорьж ирдэг болов. Тахилын тавцанд өргөл барихдаа ямар нэгэн зүйлийн талаар үнэн сэтгэлээсээ гуйвал хүсэл заавал биелдэг гэдэгт нутгийн оршин суугчид итгэдэг юм. Индра бурханд зааны баримал, хүж, өнгө өнгийн цаасан цэцэг бэлэглэдэг уламжлалтай. Гэхдээ доор нь чанасан өндөг болон бусад хүнсийг тавьсан байгаа харагддаг.

Тахилын тавцангийн хажууд жижиг тайз бий. Хүсэл нь биелсэн хүмүүс бурханд талархан бүжигчдэд мөнгө төлж тэрхүү тайзан дээр бүжүүлдэг. Тахилын тавцангийн өмнө зарим үдэш тай ардын бүжгийн шоу явагддаг юм.

3. Мөнгөний царс мод

3tsarsБайршил: Шотландын Мари арлын төвд орших Маэль Рува цамхагийн ойролцоо ургадаг

Үнэ: завиар аялахад доод тал нь 15 фунт стерлинг болно

Хүслийн төрөл: юуг ч хүсч болно

Английн зарим иргэн царс модны холтосны завсар зоос хавчуулахад хүсэл биелдэг гэдэгт итгэдэг. Мэдээж царс мод өөрөө их өвөрмөц байх ёстой нь ойлгомжтой. Дээрх зан үйлийг өөртөө шингээсэн мод Английн олон муж, хотод байдаг ч Шотланд, Ирландын нутаг дэвсгэр дээр илүү олон бий. Тэдгээрийн дотроос Лох-Мари нуурын Мари хэмээх арал дээр ургадаг царс мод их алдартай. 1877 онд Виктория хатан хаан энэхүү газар хүрэлцэн ирж хүслээ шивнэх зан үйлийг гүйцэтгэсэн нь царс модонд ийм их алдрыг авчирсан юмсанж. Энэ талаар хатан хаан өөрийнхөө өдрийн тэмдэглэлд бичиж үлдээсэн байдаг. Өдгөө царс модны холтос нь бүрхсэн олон зоосны цаанаас харагдахаа ч байж. Зоос дотроос хамгийн эртнийх нь 1828 оных байна.

Царс модны ойролцоо нэгэн цагт сэтгэцийн өвчтэй хүмүүсийг анагаах чадалтай ариун худаг байсан гэлцдэг. Өвчтөний хөл гарыг уяад тус арлыг цагийн зүүний дагуу завиар гурван удаа тойруулдаг байсан юмсанж. Ийн тойрч явахдаа өвчтөнийг ус руу унагаан, дараа нь гаргаж авах үйл хийнэ. Үүний дара дараа дээрх худгийн уснаас уулгадаг байв. Эцэст нь, өвчтөнийг эдгээж өгөхийг хүсэн нэг бол царс модны холтост зоос хавчуулж, нэг бол мөчрөөс нь тууз уядаг байжээ. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг анагаах дээрх зан үйлийг 19 дүгээр зууны дунд үе хүртэл үйлддэг байв. Түүнээс хойш түүний анагаах чадалд үл итгэх болсон ч царс модны ид шидэнд итгэсэн хэвээр байна.

Дэлхийн I дайны үеэр энэхүү царс мод нэлээд гэмтсэн тул түүнийг нэг хэсэг хугацаанд авч хаясан байдаг. Хожмоо ургаж байсан газар нь мөчир болон их биенийх нь талыг авчирч суулгажээ. Хүслээ шивнэх гэсэн хүмүүсийн хүсэлтийг сонссон мэт царс мод дахин ургаж эхэлсэн түүхтэй.

4. Аль-Кутубия сүм

4ali-kutubiaБайршил: Марокко улсын Марракеш хот дахь 5 дугаар Мохаммедийн өргөн чөлөөнд

Хүслийн төрөл: юуг ч хүсч болно

Мароккод бараг алхам тутамд хүсэл биелэх боломжтой. Тухайлбал, ус түгээж байгаа хүн тааралдвал дотроо бушуухан хүслээ шивнэхийг зөвлөдөг. Гэхдээ Марракеш хотод өөр бас нэг заншил бий. Хотын иргэд Аль-Кутубия хэмээх эртний сүмийн үүдэнд хүрэлцэн очиж хүслээ шивнэдэг уламжлалтай.

Аль-Кутубия сүмийг 12 дугаар зууны үед барьжээ. Сүмийг барих явцад мөргөл үйлдэх ханыг мусульманчуудын ариун хот гэгдэх Меккагийн зүг харуулж босгоогүй байсныг мэдсэн Абд-Аль-Мумин султан уурандаа сүмийн архитекторчийг цаазаар авсан гэх домог бий.

Сүмийн оройг чимж байдаг алтан бөмбөлгүүдийн талаар ч нэг домог байдаг. Султан ноёны эхнэрүүдийн нэг нь Рамадан сарын үеэр гурван ширхэг усан үзэм идчихэж. Ингээд нүглээ наминчлах үүднээс өөртөө байсан бүхий л алтан эдлэлээ хайлуулан дээрх бөмбөлгүүдийг бүтээлгэсэн гэх.

Өдгөө нутгийн оршин суугчид болон жуулчид эдгээр бөмбөлөгтэй холбоотой зан үйлийг хийдэг болжээ. Бүтэн сартай шөнө мөргөлийн ханын өмнө дорно зүг рүү харж зогсонгоо сарыг ажиглана. Саран дээр алтан бөмбөлгүүдийн тусгал туссан үед хүслээ шивнэх хэрэгтэй гэнэ. Ариун бодол санаатай хүний хүсэл л биелдэг гэдгийг анхаарууштай.

5. Зурхайн муж нутаг

5zurhaiБайршил: Израиль улсын Яффа дүүрэг

Хүслийн төрөл: Mөнгө санхүү, бусад

Яффа бол дэлхийн хамгийн эртний хотуудын нэг. Нэгэн цагт бие даасан улс байсан бол өдгөө Израиль улсын Иерусалим хотын дүүрэг гэж нэрлэгддэг болжээ. Яффа хотын талаар МЭӨ 16 дугаар зууны үеэс анх дурдаж эхэлсэн байдаг. Харин үлгэр туульсад итгэвэл, алдарт Ноев ковчег энд бий гэх.

Тэгвэл өнөөдөр Яффа хотын эртний хэсэгт зурхайн жим гэмээр нэгэн газар бий. Энэ газрын гудмууд нь зурхайн ордуудын нэртэй байх агаад хүслээ шивнэхийн тулд өөрийн ордтой гудмыг хайж олоод ордын дүрстэй пайзанд гараа хүргэх хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд, тэдгээр пайзанд хүрнэ гэдэг амаргүй. Учир нь зарим пайз 2.5 метрээс ч өндөрт бэхлэгдсэн байдаг байна. Гэхдээ ордуудын дүрстэй бариултай гүүрэн дээр хүслээ шивнэж бас болно. Үүний тулд мөн л ордынхоо дүрсэнд гараа хүргээд хүслээ шивнэхэд л хангалттай.

6. Жульеттагийн хөшөө

6juliettaБайршил: Италийн Верона хотын Виа Капелло-23 гудамжинд

Хүслийн төрөл: гол төлөв хайр дурлал

Олонх хос Италид бал сараа өнгөрүүлэхийг мөрөөддөг билээ. Гэхдээ хайр дурлалд бүтэлгүйтсэн нэгэн ч энэ орныг зорих хэрэгтэй. Тийм хүмүүс тус улсын Верона хотод байрладаг Жульеттагийн музейд морилогтун. Музейн гадна талд Шекспирийн зохиолын баатар бүсгүйн хөшөө бий. Заншил ёсоор, энэ хөшөөний баруун хөхөнд нь гар хүрсэн хүмүүсийг харилцан дурлалцах аз хүлээж байгаа гэдэг. Энэ заншилд итгэдэг хүмүүс олон байдаг учир Жульеттагийн музей Италийн аялал жуулчлалын гол төвүүдийн нэгд зүй ёсоор тооцогдсоор байна.

Дашрамд өгүүлэхэд, Верона хотын төвд байрлах энэ байшинд Капеллогийн гэр бүлийнхэн амьдарч байсан гэлцдэг ба Шекспир тэднээс санаа авч зохиолдоо алдарт Капулеттигийн гэр бүлийнхний дүрийг бий болгосон гэж тооцогддог. Энэ байшин дээр жуулчид нэгэн үе хүслээ бичсэн тоймгүй олон зурвасуудыг бохиор нааж үлдээдэг байжээ. Зарим нь бүр байшин дээр граффити зурдаг байв. Наасан зурвасууд хэт олон болсон байсан учир Верона хотын захиргаа ханыг цэвэрлэх шийдвэр гаргасан байдаг. Одоо Жульеттагийн музейд хүрэлцэн ирсэн хэн бүхэнд илүү соёлтой үйлчилгээг санал болгохын сацуу хүслээ бичих эрхийг чөлөөтэй өгч байгаа.

Харин саяхан Верона хотын захиргаанаас нэгэн өвөрмөц үйлчилгээг санал болгож эхэллээ. Тэр нь Жульеттагийн музейн тагтан дээр хуримын ёслолоо хийх. Верона хотын хосууд 600 еврогоор, Европын холбооны улсуудын хосууд 800 еврогоор, бусад улсын хосууд 1000 еврогоор хуримлаж болох юм байна.

7. Сүжоугийн гүүрүүд

7sujouБайршил: Хэнань муж дахь Хятадын их суваг, Сүжоу хот.

Хүслийн төрөл: Mөнгө санхүү, аз хийморь, ажлын амжилт

Сүжоу хотыг Дорнын Венеци гэх нь бий. Ойролцоогоор 2500 жилийн тэртээ босгосон түүхтэй. Тухайн үед эрх барьж байсан У овогтон дэлхий дээрх хамгийн гоёмсог хоттой болохыг хүссэндээ энэхүү хотыг байгуулах шийдвэрийг гаргасан гэдэг. Түүний хүсэл биелсэн гэж үзэж болно. Хятадууд “Тэнгэрт диваажин байдаг бол дэлхий дээр Сүжоу, Ханжоу хоёр бий” гэх үгийг хүртэл гаргасан байдаг.

Эрт дээр үеэс Сүжоу хот байнга үерт автдаг байжээ. Хотыг энэхүү байгалийн гамшгаас аврахын тулд хятадууд олон суваг татав. Нэгэн цагт бүр 1000 орчим суваг байсан гэдэг ч өдгөө 200 орчим нь хадгалагдан үлджээ. Сувгуудыг эхэндээ модоор хийдэг байснаа дараа нь чулуугаар хийдэг болсон бөгөөд суваг дээрх гүүр бүр нь өөрийн гэсэн нэртэй ажгуу. Сүжоуд Албан тушаалын, Ерөөлийн, Энх тайвны, Аз хийморийн гэх нэртэй гүүрүүд бий. Эдгээрийн дотроос хүмүүсийн хамгийн их очих дуртай гүүрийн нэг нь Үнэт бүсний гүүр юм. Энэ гүүрийг 11 дүгээр зууны үед Юань Хэ эзэн хааны үед барьж байгуулсан түүхтэй. Гүүрний урт нь 317 м бөгөөд нефритэн бүсний борлуулалтын орлогоор барьсан гэх домог бий. Домогт өгүүлснээр, барилгын ажлыг хариуцан авсан захирагч хөрөнгө хүрэлцээгүйн улмаас Сүжоугийн эзнээс бэлэглэсэн нефритэн бүсээ зарахаас аргагүйд хүрсэн гэдэг.

Үнэт бүсний гүүр хүмүүст хөрөнгө мөнгө бий болгоход нь тусалж, ажил амьдралд нь аз хийморь авчирдаг гэж бэлэгддэг билээ. Тиймээс ийм зүйлсийг мөрөөдөж яваа хэн боловч уг гүүрийг зорьж очин хүслээ шивнээд зоос эсвэл гоёл чимэглэлийн аль нэг зүйлтээ суваг руу шидэх хэрэгтэй.

8. Үхлийн худаг

8uhliin_hudagБайршил: Мексикийн Юкатан мужийн Чичен-Ица хотоос 300 метрийн зайд

Хүслийн төрөл: Aз хийморь болон бусад

Чичен-Ица хот нь Юкатаны хойгт оршдог. Энэ хотод Үхлийн худаг хэмээх алдартай зүйл байх агаад эртний майяа омгийнхон түүнийг тахилын зан үйлдээ ашигладаг байжээ. Диего де Ландола хэмээх хамба ламын гар бичмэлд энэ зан үйлийн талаар бичихдээ дээрх худгийн нэрийг анхлан дурдсан байдаг. Түүний бичсэнээр, хуурай улирал эхлэх үед нутгийн оршин суугчид хамгийн царайлаг онгон бүсгүйг сонгоод уяагаар баглан худаг руу амь тавьтал нь дүрдэг байжээ. Ийн үйлдлээрээ тэд бурхдын ивээлийг олж, бороо хур оруулахыг хүсдэг байсан аж.

Худгийн ёроолд олон төрлийн үнэт эдлэл бий гэсэн. Үнэт чулуунаас авахуулаад алтан эдлэл, үнэт металлаар хийсэн хэрэгсэл байдаг гэлцдэг. Тахилын зан үйлийг гүйцэтгэх үед худгийн дээгүүр матар шиг ногоон өнгөтэй сүнс гарч ирдэг гэж майяачууд итгэдэг байжээ.

20 дугаар зууны үед Америкийн хоёр иргэн худаг руу шумбан ёроолыг нь харжээ. Ингэснээр энэ худагт майяачууд тахил өргөдөг байсныг баталж чадсан. Тэр бүү хэл, тэд залуухан бүсгүйчүүдээр зогсохгүй өсвөр насны хөвгүүд, бүр жаахан хүүхдүүдээр тахил өргөдөг байсан нь илэрсэн юм. Хэдийгээр энэ худагт дээрх ёслолыг хийхээ болиод хэдэн зууныг үзэж байгаа ч өнөөг хүртэл хүмүүс түүнийг ид шидтэй гэдэгт итгэсээр байдаг. Тиймээс энэ худаг руу зоос шидэж хүслээ шивнэхийг хүссэн хүмүүс ихээр зорьж очдог болжээ. Харин хур бороо гуйдаг эсэх талаар мэдээлэл алга.

9. Сююмбикегийн цамхаг

9sumБайршил: Бүгд найрамдах Татарстан улс дахь Казанскийн Кремльд, ОХУ

Хүслийн төрөл: Xайр дурлал, бүхий л хүслээ

Зүүн хойд зүг рүү хазайсан энэхүү цамхаг нь Казанскийн Кремлийн бүрэлдэхүүнд ордог ба Казань хотын гол бэлэг тэмдгийн нэгд тооцогддог. Сююмбикегийн цамхагийн талаар анх 1777 оны эх сурвалжуудад Хан-Жами, Хан-Мечете гэдэг нэрүүдээр дурдсан байдаг.

Энэ цамхагийг дагалдсан олон домог бий. Нэг домгонд өгүүлснээр, цамхагийг Сююмбике хэмээх гүнж өөрийн нөхөр Сафа-Гирей хаанд зориулж бариулсан гэх. Өөр нэг домгонд болохоор Догшин Иван Казанийг эзлэн аваад долоо хоногийн дараа энэхүү цамхагийг бариулсан гэх. Оросын энэ хаан Казанийн гүнжийг өөрийн эхнэрээ болгохыг хүссэн аж. Гэтэл гүнж түүнд цамхаг барьж өгөх болзол тавьсан юмсанж. Харин цамхагийг барьж дуусмагц Сююмбике гүнж түүнээс үсэрч амиа хорлосон гэдэг.

Казанийн энэхүү гайхамшигт цамхагт хүрэлцэн ирж хүслээ шивнэдэг хүмүүс олон бий. Гол төлөв хайр дурлалтай учруулж өгөх хүслээ шивнэсэн хүмүүсийг онцгойлон ивээдэг гэх. Уг цамхагт духаа хүргээд дотроо гурван хүсэл шивнэх хэрэгтэй. Харин хайр дурлалтай холбоотой хүслийг гуйхдаа цамхагийг нуруугаараа налах хэрэгтэй гэдэг.

10. Мэнгирүүд

10mengirБайршил: ОХУ-ын Бүгд найрамдах Хакаси улсын Аскиз дүүрэгт

Хүслийн төрөл: эрүүл мэнд, бусад

Газарт босоогоор нь зоосон маш том чулуун хавтанг мэнгир гэж нэрлэдэг бөгөөд нэг бус зууны туршид эрдэмтдийн анхаарлыг татсаар иржээ. Зарим баримтаас харвал, эдгээр хавтанг ойролцоогоор 4 000 жилийн өмнө амьдарч байсан овог аймгууд босгосон гэдэг ч зорилго нь тодорхойгүй байгаа. Нөгөө талаар, 50 тонноос ч хүнд эдгээр хавтанг уулнаас тал газар руу хэрхэн буулгаж ирсэн нь ойлгомжгүй. Эртний хүмүүс мэнгирүүдийг өвчин анагаахад хэрэглэдэг байсан гэх таамаглал бий.

Зарим эрдэмтэн эдгээр хавтанг өвөрмөц энерги ялгарч байдаг дэлхийн гадаргын эвдэрхий хэсэгтэй ойролцоо байрлуулсан байна гэж баталдаг. Тийм учраас эрт дээр үеэс энэ газрыг янз бүрийн зан үйл явуулахад ашигласаар иржээ.

Бараг мэнгир бүр өөрийн гэсэн нэртэй. Хамгийн алдартай нь Улус-Хуртуях-Тас. Орчуулбал “Том чулуун эмгэний хөшөө” гэх утгатай агаад түүн дээр эмэгтэй хүний царай, хөх, том гэдсийг дүрслэн сийлсэн байдаг. Уг мэнгир хүүхэдтэй болж чадахгүй байгаа эмэгтэйчүүдэд тусалдаг. Хүслээ гуйхдаа чулуун эмгэний нүүрэнд сүү, цөцгий түрхэх ёстой юм. Уг зан үйлийг олон хүн хийдэг учраас Улус-Хуртуях-Тас нэлээд харлажээ.

Хөшөөг эвдэхээс хамгаалж гадуур нь шилэн гэр барьсан байгаа. Гэр дотор нь өвс суулгаж, агаарыг нь тогтмол хэмтэй байлгадаг. Улус-Хуртуях-Тас мэнгирийг ЮНЕСКО Дэлхийн өвдөө бүртгэж авсан билээ.

Бүх менгирүүдийг ид шидтэй гэдэг. Тиймээс дуртайгаа сонгоод цагийн зүүний дагуу гурван удаа тойрсны дараа гараа хүргэж бодол дотроо хүслээ төсөөлөхөд л болно.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.