НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМУУДАД ХИЙСЭН ШАЛГАЛТААР 59 ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

МХЕГ, НМХГ-аас Улаанбаатар хотод улсын болон Нийслэлийн төсөв, Нийслэлийн замын сан, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй авто зам, замын байгууламжийн барилга угсралт, засвар шинэчлэлтийн ажилд шалгалт хийжээ.
Нийслэлд нийт 450 гаруй км хатуу хучилттай авто зам бий бөгөөд 60 гаруй төмөрбетон гүүр байдаг. 2011 онд гадаадын зээл тусламжийн хүрээнд 13.1 км авто зам, Улсын төсвийн хөрөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 47.7 км хатуу хучилттай авто зам, улсын төсвийн хөрөнгөөр шинээр баригдах 2.1 км хатуу хучилттай авто зам, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 4.1 км авто зам, 137.3 у/м гүүр, Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр дүүргүүдийн авто замд урсгал засвар хийгдэж байгаа аж.
МХЕГ-ын дарга Р.Содхүүгээр ахлуулсан комисс нийт 14 аж ахуй нэгжийн 18 объект буюу 56,2 км авто зам, замын байгууламж, 399,3 у/м гүүр, 5 аж ахуй нэгжийн долоон асфальтбетон завод, зураг төслийн найман компанид боловсруулагдсан найман зураг төслийг шалгасан байна. Хяналт шалгалтаар нийт 59 зөрчил илрүүлэн 55 заалт бүхий 16 албан шаардлага, 10 заалт бүхий 5 акт, дөрвөн заалт бүхий хоёр дүгнэлт гаргаж, холбогдох байгууллага, аж ахуй нэгжид хүргүүлж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авчээ.
Хатуу хучилттай замуудад ус зайлуулах байгууламжийг шинэчлэх, засварлах, цэвэрлэх ажлуудыг тогтмол хийдгүйгээс зуны улиралд борооны ус тогтож замын хөдөлгөөнд саад учруулах, зам эвдрэх, цөмрөх зэрэг аюултай нөхцөл байдал үүсч байгаа, шинээр барих буюу өргөтгөх, шинэчлэх замын трасст орсон инженерийн шугам сүлжээг зайлуулах арга хэмжээг урьдчилан аваагүйгээс барилгын ажил саатаж хүндрэл бэрхшээл учирч байна. Жишээлбэл, Дамбадаржаа-Шадивлан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай 100 хүүхдийн цэцэрлэгийн зураг төсөл уялдуулаагүйгээс нь замын трассад орж хэмжээ нь багассан байна. Засвар шинэчлэлийн ажлын техникийн зураг төсөлд дагуу огтлолын зураг байхгүй, зөвхөн нэг маягийн хөндлөн огтлолын зурагтай нь газар дээр таарахгүй, геодезийн хэмжилт хийгээгүй зөвхөн дэвсгэр зураг үзүүлсэнээс гадаргуугийн ус зайлуулах арга хэмжээ аваагүй, инженерийн шугам сүлжээний худаг замын трасст орсон байхад холбогдох газраас техникийн нөхцөл аваагүй, зураг төслийн шийдэлгүй байгаагаас шаардлага хангахгүй барилгын ажлыг гүйцэтгэгдэж байгаа аж.Барилга угсралт, өргөтгөл шинэчлэлтийн ажилд ашиглахаар лабораторийн шинжилгээгээр баталгаажуулагдсан шороон болон уулын чулууны нөөц орд байхгүй, төрөл бүрийн газраас авсан материалыг лабораторийн шинжилгээнд хамруулж баталгаажуулаагүйгээр авто замын далан, буталсан чулуун сууринд шууд зөөж, ашиглаж байгаа,мөн асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэхдээ битумэн шингэн цацлага, түрхлэгийг стандартын дагуу хийгээгүй, дэвссэн асфальтобетон хучлагын зузаан, нягтралын хувь нь зураг төсөл, техникийн шаардлагад заасан хэмжээнд хүрээгүй, авто замд асфальтобетон хучилтын технологийн горим / бороотой үед/ зөрчигдөн гүйцэтгэгдсэнээс хучилтанд эвдрэл үүсэх, хөндийрэх, авто замын бетон хашлаганы бат бэх байдал нь алдагдаж эвдэрч байгаа зөрчил гарсаар байгаа аж.
Улаанбаатар хотын Хандгайт, Шаргаморьт чиглэлийн авто замд жил бүр урсгал засварын ажлын хүрээнд хөрөнгө зарцуулж зөвхөн асфальтбетон хучилтыг нөхөж, далан суурийн материалыг солихгүй байгаа нь ашиглалтын хугацаа дууссан замууд дээр суурийн болон хучилтын эвдрэлүүд дахин гарч засварын ажил бүтээмжгүй үргүй зардал гарсаар байна. Нийслэлийн авто замын зураг төслийн боловсруулалтад инженер геологи, лабораторийн судалгаа хийгдэдгүй, геодезийн хэмжилтийн өндөр, газар доорхи инженерийн байгууламжийн байршил нь бодит байдалтай зөрж барилга угсралтын ажилд хүндрэл үүсч хугацаа алдах нөхцөл бүрдүүлдэг мөн техникийн шаардлага нь тухайн замын онцлогт тохирч боловсруулагддаггүй зэрэг зөрчил дутагдал нь захиалагч байгууллагаас зураг төслийн байгууллагад тавих шаардлага хангалтгүй ,захиалагчаас зураг төслийг хүлээн авах ажил шаардлагын түвшинд хийгддэггүй, зураг төслийн байгууллагуудын хариуцлага сул, инженер техникийн ажилчидын чадавхи, хүрэлцээ хангалтгүйтэй холбоотой байна гэж дүгнэжээ.
Хотын авто замуудын арчлалтын ажлыг мэргэжлийн байгууллага бус ТҮК хариуцан ажиллаж байгаа нь хотын замын засвар арчлалтын ажилд технологийн ажлууд орхигдож зөвхөн цэвэрлэгээний хүрээнд засварын ажил хийгдэж байгаа нь ашиглалтын хугацааг богиносгоход хүргэж байна. Иймд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа авто замын ачааллыг даахуйц чанартай, хотын хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн шинэ дэвшилтэт хучилтын хийц бүхий техник,технологийг нэвтрүүлж авто замын шинэчлэлт, засварын ажлыг чанартай гүйцэтгэж хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх , хотын замын арчлалтын ажлыг чанартай гүйцэтгэх арга хэмжээг нэн даруй авах нь зүйтэй гэжээ.
Нийслэл хотын төвийн авто зам өнөөдөр ачааллаа даахгүй бөглөрч, гадаргуугийн ус зайлуулж, дамжуулах байгууламжгүй авто замыг барьснаас замын хөдөлгөөнд саад учруулах, замын барилга байгууламж эвдрэх, хөвөө урсаж алга болох, цөмрөх зэрэг нөхцөл байдал үүсч иргэдийн эрүүл аюулгүй, таатай амьдрах эрх зөрчигдөхөд хүрч байгаагаас гадна замын ажилд илэрсэн алдаа, дутагдлуудыг засахад асар их хөрөнгө хүч, цаг хугацаа шаардагдах нөхцөл байдал үүссэн тухай шалгалтын комисс дүгнэжээ.
Н.Туяа


URL:

Нэр: Avelina Palone Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.