Өөртөө итгэлгүй байх нь эрүүл мэндийг ноцтой хордуулна!

48736668_01183

Бидний дотоод байдал, ялангуяа аливаа нэгэн хязгаарлалттай холбоотой бол, эрүүл мэндэд маань тун муугаар нөлөөлж байдаг. Яагаад, ямар байдлаар ийм зүйл болдог вэ?

Биеэ авч явах байдал ба бие организмын өвчний холбоо

Жишээ нь, хэрэв хүн ярвигтай асуудал руу орох бэлтгэл байхгүй, алдаа хийхээс айж байгаа бол, эсвэл шүүмжлэлд өртөхөөс, тэр ч байтугай амжилтанд хүрэхээс эмээж байгаа бол тэр хүн бие ба сэтгэлээрээ бусдаас сулхан байна гэсэн үг юм. “Би үүнд хүрч чадна, би үүнийг олж авна” гэдэгтээ итгэдэггүй хүнд бусдын бодлыг сонсож тэдэнд хөтлөгдөх нь амар байдаг болохоор өөрийгөө сонсдоггүй. Өөртөө итгэлгүйгээс аливаа хүнд хэцүү байдалд орохоос зайлсхийж явахыг эрхэмлэдэг хүмүүс өвчлөмтгэй болчихдог: хүмүүсийн шүүмжлэлээс, эсвэл ярвигтай байдалд орж алдаа гаргахаас зугтах сайхан боломж! Таны эргэн тойронд яг чухал хурал зөвөлгөөн, тайлангийн хурал зэргийн өмнө дандаа өвдөж таардаг хүмүүс бий юу? Байгаа гэдэгт би итгэлтэй байна.

Сэтгэл зүйн үндэс суурьтай өвчлөлийг эмчлэхэд ч төвөгтэй байдаг. Яагаад гэвэл зүгээр нэг халдвар биш, хуралд тайлан тавихгүй байхын тулд ч юм уу авсан “тусгай халдвар” болохоор ердийн эмчилгээнд илааршихгүй хэдэн сараар үргэлжлэх нь элбэг. Мөн өнөө айгаад зугтаад байсан үйл явдал нь өнгөрөнгүүт өвчний шинж тэмдгүүд нь өргөс авсан юм шиг алга болон эв эрүүл болчихдог тохиолдол ч их байдаг.

Ийм “аргатай” хүмүүс есөн шидийн өвчинд өртдөг: өнөөдөр салхин цэцэгтсэн бол дараагийн “аймшигт өдрийн” өмнө хоолойны ангин, дараагийн ээлжинд арьсны халдвар авсан байх гэх мэтээр хамаг байдаг халдварт өвчнийг дамждаг аюултай тул асуудлыг анхааралтай авч үзэж өвчлөлтийн жинхэнэ шалтгаан дээр ажиллаж айдас болон өөртөө итгэлгүй байдлаасаа ангижрах хэрэгтэй.

Бас, шийдвэр гаргахаас зайлсхийж бусдад даалгахыг боддог, эсвэл огт шийдвэр гаргахгүйгээр асуудлыг орхиж “тэгэж байтал учир нь олдоно биз…” гэх дуртай хүмүүс их байдаг. Асуудал өөрөө хэзээ ч шийдэгддэггүй, ямар нэг хүн л шийддэг гэдгийг ойлгох хэрэгтэй! Ийм идэвхигүй байдал эрүүл мэнд хоёрын хооронд мөн л нягт холбоо байдаг. Өөрөө шийдвэр гаргахаас бултдаг хүн хариуцлага үүрэхээс зугтдаг хүн гэсэн үг, тэгэхээр эрүүл мэндийн асуудлаа ч орхидог учраас өвчин нэгэнт ирээд өөрөөс нь зуураад авсны дараа л эмнэлэг бараадна.

Өөртөө итгэлгүй хүн бага эрч хүчтэй байдаг. Өнөөх,”уулыг ч эргүүлж чаддаг” гэдэг амьдралын эрч хүч байдаггүй гэсэн үг. Хаанаасаа ч байх билээ? Аливаа үйл ажиллагаанд оролцохгүй , юм ярьдаггүй, хариуцлага үүрдэггүй, зорилгогүй, амжилтанд хүрэхийг эрмэлздэггүй хүн үргэлжид өөрийнхөө эрч хүчийг хазаарлан барьж байдаг гэсэн үг. Гэтэл хүний эрч хүч заавал гадагш гарч байх шаардлагатай биз дээ? Энерги гадагшлахгүй байгаа юм чинь гаднаас ч энерги орж ирэхгүй, өөрөөр хэлбэл энергийн солилцоо явагдахгүй! Харин энерги гэдэг зүйл үргэлжийн хөдөлгөөн, солилцоонд байх ёстой гэдгийг физикийн хичээлээс бид мэднэ! Тэгэхээр, өөртөө итгэлгүй, идэвхигүй хүний дотоод энерги хөдөлгөөнгүй байсаар дотроо илжирч муудна, ийм хүн яаж эрүүл байх билээ?

 

Өөртөө итгэлгүй хүний сэтгэл санаанд юу болж байдаг вэ?

Ийм хүмүүс бусдад атаархах нь элбэг, харин атаархал гэдэг мэдрэмж маань угаасаа хор хөнөөлтэй эд! Атаархуу хүний ходоод, элэг, дэлүү, цөс гээд хамаг л дотоод эрхтэн асуудалтай байдаг, мөн ийм хүмүүс биеийн жингийн асуудалтай байдаг. Зарим өөртөө итгэлгүй хүмүүс айдас хүйдсээсээ болоод хоолонд муугаас маш туранхай байдаг бол, зарим нь, эсрэгээр, тавгүй байдлаа хоолоор дарах гэсэн шиг ихээр иддэгээс хэт таргалсан байдаг. Тэгээд тарганаасаа ичээд улам ч өөртөө итгэлгүй болно, улам их иднэ, улам таргална… – битүү цагираг!

Бас, өөртөө итгэлгүй үлбэгэр хүмүүс их аймхай байдаг, үр дүн нь мөн л элдэв янзын өвчин! Ийм хүмүүс ямар ч идэвхигүй хэмнэлээр амьдардаг тул /яаж идэвхитэй байх вэ дээ, идэвхи гэдэг чинь өөрийгөө ил гаргаж тавина гэсэн үг, тэгэхээр түмний нүдэн дээр ямар нэгэн алдаа гаргах, буруу хөдлөх гэх мэт юм болбол хүмүүс юу гэх юм, тэгэж үхсэнээс тээглэж үхсэн нь дээр!../ дархлаа нь суларсан байдаг. Хүн цугларсан газар очиж хөдөлгөөн хийхээс айгаад гэртээ зурагтаа үзээд суугаад байдаг хүнд ямар эрүүл мэнд байх вэ дээ?

Мөн, өөртөө итгэлгүй хүмүүс үргэлжид “одоо яана аа” гэсэн байдалтай /”аймаар” үйл явдал болох, шийдвэр гаргах хэрэг гарах вий гэх мэт/ байнгын сэтгэл болоод биеийн хүчрэлд оршиж байдаг болохоор биеэ ч тавируулж амарч чаддаггүйгээс нуруу болон үе мөчний олон төрлийн өвчинд нэрвэгдэнэ.

Дээр нь, хүмүүстэй харьцахаас зайлсхийдгээсээ болж найз нөхөдгүй болсон хүн амьдралдаа тохиолдсон зовлон бэрхшээлийг ярьж хуваалцах хүнгүйгээс  улам их сэтгэлийн шаналгаанд ордог. Хүн гэдэг амьтан ямар ч байсан харьцааг хүсч байдаг.  Өөрөө хүн рүү хандаж харьцаж чаддаггүй хүн чинь өөр рүү нь хэн хандаж харьцахыг л хүлээнэ шүү дээ? Харин үлбийсэн амьтантай харьцахыг хүсэх хүн тэр бүр олдохгүй. Ингээд, хөөрхий, түүнийг ашиглая, утсан хүүхэлдэйгээ болгоё гэсэн муу санаатнуудын олз болдог. Хүний олз болсон, ашиглуулж байгаагаа ямар ч хүн мэдэрдэг учраас үүндээ гутран сэтгэл санааны гүн хямралд ордог юм.

Өөртөө итгэлгүй хүмүүс ихэнхи тохиолдолд хүссэн /чадах/ газраа бус, өөрийг нь авсан газар л ажилладаг бөгөөд хөдөлмөрөө бүрэн дүүрэн үнэлүүлж чаддаггүйгээс бага цалин авдаг.  “Би ийм, ийм учраас өндөр цалин авах эрхтэй” гэж хэлж зүрхлэхгүй юм чинь… Бага цалин – амьдралын түвшин доогуур, идэж уух эдэлж хэрэглэх нь тэр хэмжээндээ захирагдана.

Өөртөө итгэлгүй байдлаас гардаг үр дагаварыг үргэлжлүүлээд байвал үргэлжлээд л байна. Хамгийн гол миний хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэвэл: хэрэв таны амьдралд иймэрхүү зүйл байгаа бол одоо та энэ байдал юунд хүргэдгийг мэддэг боллоо, тэгэхээр та өнөөдрөөс өөр дээрээ ажиллаж эхэл!

Хэрэв та аливаа таагүй байдлаас зугатах дуртай бол та өөрийгөө нэг тийм, “бүлээн намаг” болгож байна гэсэн үг! Үүнийг бие организмд шилжүүлбэл – бүх бие, организмын үйл ажиллагааны зогсонги байдал, сульдаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл организм цагаасаа өмнө хөгширөх болно. Хэрэв та залуу байдлаа хадгалъя гэвэл, бие сэтгэлээ сэргэлэн байлгая гэвэл идэвхигүй байдлаасаа гарч өөртөө итгэл олж ав. Өөр дээрээ хийж байгаа ямар ч ажиллагаа дотроосоо гадагш гардаг жамтай гэдгийг мэд! Өөрийнхөө дутагдлыг зас, сэтгэлээ дасгалжуул! Юу хийхээ мэдэхгүй байвал ямар нэгэн юм хийж эхэл, юу ч хамаагүй, эерэг юм л байвал боллоо. Өөрийнхөө биенээс эхэлж ч болно – хөдөл, биеийн тамир хий, биеээ чийрэгжүүл, гаднах байдал болон эрүүл мэнддээ анхаарал тавиад эхэл. Ингэхэд л, аяндаа өөртөө итгэлтэй болоод эхэлнэ! Битүү цагирагаа таслаад гар! Бүх зүйл таны гарт гэдгийг ухаар! Ухаараад – шийд, таны өмнөөс хэн ч шийдэхгүй!

Танд амжилт хүсье, та чадна, бүү эргэлз!

Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn


URL:

Сэтгэгдэл бичих