Хохирогч Ц.Энхбаяр: Ордон руу харвахад цагдаа нар уухайлж дэмжчихээд, эцэст нь буруутгасан

“Гал үндэстэн” холбооныхныг өнгөрсөн амралтын өдөр суллажээ. Тэднийг Төрийн ордон руу сум харваж, уурхайн компани руу буу тулгаж танхайрсан хэргээр 30 хоног баривчлах шүүхийн шийдвэр гарсан юм. Тус холбооны гишүүн, долдугаар сарын 1-ний хэргийн хохирогч Ц.Энхбаяртай ярилцлаа.

-Та хоригдох хугацаандаа өлсгөлөн зарласан байсан. Одоо бие тань зүгээр үү?

-Илт зовиурлах нь гайгүй болсон.

-”Гал үндэстэн” холбооныхныг цагдан хорьсон шалтгаан нь юу байсан юм бэ?
-Их сонирхолтой. Өнгөрсөн сарын 22-ны өдөр Улсын мөрдөн байцаах газрын байцаагч нар биднийг дуудаж байцаалт аваад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгээд өгчихлөө. Нөгөө хэд нь дүүргийнхээ шүүгчтэй нийлээд Жагсаал цуглаан зохион байгуулах хууль зөрчсөн хэмээн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл, Болдбаатар бид гурвыг “Дэнжийн 1000”-ын саатуулах төвд 30 хоног баривчлахаар болж, Ц.Мөнхбаяр тэргүүтэй Баатархуяг нарын дөрвөн гишүүнийг бусад руу буу тулгасан, Төрийн ордон руу харвасан гээд 461 дүгээр хорих анги руу ачсан.

Өөрөөр хэлбэл, байгаль эх орныхоо төлөө тэмцэж явсан хөдөлгөөнийхнийг учир битүүлгээр цагдан хорьсон юм. Энэ хугацаанд Ц.Мөнхбаяр тэргүүтэй гишүүд маань наадмын өмнөхөн батлан даалтаар гарч, харин бид гурвыг өнгөрсөн амралтын өдөр суллалаа. Эх орон, байгалийнхаа төлөө тэмцсэн “Гал үндэстэн” холбооны гишүүдийг цагдан хорьж байгаа нь бид зөв зам дээр зогсч байгааг гэрчилж байна. Төр, засгийнхан ямар нэгэн шалтгаанаар дуугүй, хүлцэнгүй байлгах сонирхол их байгаа нь мэдрэгдсэн.

-Та бүхнийг Жагсаал цуглаан зохион байгуулах хууль зөрчсөн гэж үзсэн байна. Сүхбаатарын талбайд ямар ч зөвшөөрөлгүйгээр морьтой жагссан юм уу?
-Тухайн үед “Тэнгэр угсаат Монгол” холбооны тэргүүн Н.Даваа нийслэлийн захирагчтай уулзаж, Сүхбаатарын талбайд есөн гэр барьж тэмцэх болсноо мэдэгдсэн бичиг өгсөн. Гэтэл нийслэлээс хуулийн хугацаанд буюу гурван хоногтоо хариугаа өгөөгүй учраас бид зөвшөөрсөн гэж үзээд тэмцлээ эхлүүлсэн юм. “Зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй” гэсэн бичиг аль аль нь ирээгүй учраас тэр шүү дээ. Энэ хугацаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргаас бидэнд “Хууль бусаар жагслаа, тар” гэсэн бичгүүдийг ирүүлж байсан. Гэхдээ Жагсаал цуглааны тухай хуулиар хоёр засаг захиргааны нэгжээс дээш нэгж хамрагдсан бол нийслэлийн захирагчаас зөвшөөрөл хүсэх зохицуулалттай. Бид энэ ёсоор нь хандсан. Яагаад гэвэл жагсагчид Чингэлтэй дүүргийн таван буудлаас Сүхбаатарын талбай хүртэл хөндлөн гулд тэмцэж орж ирсэн учраас тэр.

-Гомдлын мөрөөр цагдан хорьж эрүүгийн хэрэг үүсэх учиртай. Хэргийн хохирогч нь хэн юм бэ?
-Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс хохирогч юм шиг байна лээ. Гэхдээ их сонин. Цагдаа нар өөрсдөө жагсаал цуглааны зөрчлийг арилгах үүрэгтэй. Бидний гаргасан зөрчлийг тухай бүрт нь хэлж сануулахгүй байгаад гэнэтхэн бөөн зөрчил болгож хувиргаад цагдан хорьсон. Тэгж ярих юм бол манай хөдөлгөөнийхөн цагдаа нартай хамгийн ойр ажилласан. Бид Нийслэлийн цагдаагийн дарга, хурандаа С.Баатаржав болон холбогдох удирдлагуудтай уулзаж, тэмцлийн хэлбэрүүдээ хэлдэг байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох эрхтэй цагдаа нар бидний үйл хөдлөлийг уухайлан дэмжиж байснаа гэнэтхэн буруутгаж, 30 хоног саатууллаа.

-Цагдаагийн байгууллагынхан та нарыг зөрчил гаргасаар байтал сануулж анхааруулаагүй байсан гэсэн үг үү?
-Төрийн ордон руу харвахад цагдаа нар “Хурай, хурай…” гээд уухайлж байсан. Тэд биднийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол үйлдэхээс нь өмнө таслан сэргийлэх ёстой. Гэтэл уухайлж, хурайлаад, зураг аваад зогсоод байсан шүү дээ.

-Ер нь яагаад Төрийн ордон руу харвасан юм. Хүн гэмтэж бэртээвэл яана?
-Бидний харвасан нум сум спорт загвартай, урдаа булцуутай. Ямар ч тохиолдолд хүнийг бэртэж гэмтээхгүй. Төрийн ордон руу харвасан шалтгаан нь байгаль дэлхийгээ хайрлах бидний сэтгэлтэй холбоотой. “Гал үндэстэн” холбоо байгуулагдснаас хойш дөрвөн аймгийн 30 гаруй сумын иргэдийн санаа бодлыг сонслоо. Тэд төр, засагтаа их бухимдсан, уур уцаартай байна. Үүнийх нь дагуу УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид Монгол Улс мөхлийн ирмэгт байгаа, Монголчууд зэвсэг бариад тэмцэхэд бэлэн байгааг сануулсан албан шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хариу өнөө хүртэл алга. Аргаа бараад гэрийнх нь үүдэнд хүртэл очиж зогслоо. Гэтэл дахиад л сүүлээ хавчсан нохой шиг зугтсан. Монгол орны хөгжил цэцэглэлт, байгаль экологийн тэнцвэрт байдал хамаагүй, мөнгө олж байвал болно гэсэн атгаг санаа агуулсан улс төрчид олон байгаа учраас иргэд бухимдаж байгаа юм.

-”Гал үндэстэн” холбооныхон уурхайн эздээс мөнгө нэхэж авсан гэх юм. Энэ үнэн үү?

-Энэ бол иргэний хөдөлгөөний нэр хүндийг унагах гэсэн явуулга. Хэрэв бид мөнгөний төлөө явах байсан бол арай өөр газраар явах байсан. Тэгээд ч уурхайн эздээс мөнгө нэхэх байсан бол хөдөө явж яах юм. Эзэд нь нийслэлд байдаг шүү дээ. Яахав, нутгийн иргэд биднийг эх орныхоо төлөө явж байгаа гээд ганц килограмм хонины мах, пүүс компаниуд шатахуун тос хандивладаг. Харин түүнийг нь дээрэмдэж авдаг гэх нь худал. Ц.Мөнхбаяр холбооныхоо үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд гурван өрөө байраа хүртэл зарсан шүү дээ. Холбооны гишүүд үүнийг нь эсэргүүцэхэд “Та нар амиа золиослоод эх орны сайн сайхны төлөө явж байхад би байраа золиослох нь юу ч биш” гэж загнаад өнгөрч байсан удаатай.

Өвөрхангай аймагт болсон буудлагын тухай ярихад бид хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж компанийн үйл ажиллагааг зогсоох журамт үүрэгтэй. Үүргийнхээ дагуу тус аймгийн Зүүнбаян Улаан суманд үйл ажиллагаа явуулж байсан “Эрмүүн босго” компанитай танилцахад хууль бус байсан учраас зогсоохыг шаардсан. Уурхайн эзэн ч үүнийгээ хүлээн зөвш өөрч, байгалийн нөхөн сэргээлт хийхээ амалсан юм. Гэтэл тэд дахин хууль бусаар ажиллаж эхлэхээр нь шаардлагаа тавихад эсэргүүцсэн. Тиймээс мотор руу нь буудсан юм. Үүнийг асуудал болж магадгүй гэж бодоод сумын хэсгийн төлөөлөгчид хэлсэн байсан.

-Хүүгээ алдсан долдугаар сарын 1-ний өдөр таныг бас л төрийн эсрэг хөдөлсөн хэмээн буруутган хорьсон. Энэ бүхэн санаандгүй хэрэг байсан уу?
-Хүүгээ алдсан хар өдөр дотроо буяны маань уншаад л өнгөрлөө. Төр, засгийн удирдлагуудад хүн чанар гэж байхгүйг сая ухаарлаа. Тэд үрийг минь хөнөөчихөөд эцгийг нь хүртэл хорилоо шүү дээ. Ийм хүн чанаргүй төр цаашдаа яахаас ч буцахгүй.

-Хэргийн эзэн холбогдогч нь гурван жил дамнаад ч олдсонгүй?
-Хохирогчид буруутан этгээдэд хариуцлага тооцохыг харж байж л санаа амарна. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан цагдаа галт зэвсэг хэрэглэж буудсныг хөдөлшгүй баримтаар тогтоосон шүү дээ. Гэтэл цагдаа нар буудаагүй гэцгээх юм. Хөдөлшгүй баримт гэдэг нь тухайн үед 801 дүгээр ангийн зургадугаар тасгийнхан 13 “АКА”-тай явж МАН-ын байрнаас эхлээд Гадаад харилцааны яам хүртэлх талбайд хэв журам сахиулсан. Тэдний явсан маршрутын дагуух газарт дөрвөн иргэн галт зэвсэгт өртөж амь насаа алдсан байдаг. Үүнийг нь мөрдөн байцаалтаар тогтоосон.

Нөгөө талаас таван хүний халуун амь үрэгдсэн үед МАН Засгийн эрхийг барьж байсан. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох цагдаа нь иргэдийг буудсан. МАН-ын агентлаг хүний амь бүрэлгэсэн хэргийг тухайн үед нь цогцоор нь авч шийдэх ёстой байсан. Гэтэлд тэгээгүй. МАН-ын дарга байсан С.Баяр АН-ынхныг “Хамтарсан Засгийн газар байгуулъя” гээд хариуцлагаас зугтсан шүү дээ. Хэлэх ч үг алга. 2012 онд сонгууль будлиантай болбол иргэд тэмцэхэд бэлэн байна шүү дээ. Энэ байдлаар бол 2008 оны долдугаар сарын 1-нээс ч аюултай явдал тохиолдож мэдэх юм шүү.

Д.Болор


URL:

Сэтгэгдэл бичих