Автобус амь авах эрлэг болох нь

Иргэдийн дунд “Хотын зам гэж там”, “Нийтийн тээвэр нь нисдэг авс” гэсэн үг гарчээ. Нээрээ л өглөө ажил, сургуульдаа явах замдаа хэзээ, хаана, хэний, ямар машинд мөргүүлэх бол, болж өгвөл гэртээ амьд мэнд ирэх юм шүү гэсэн нууцхан айдас болгоомжлолтой явдаг. Өглөө гэрээсээ эрүүл саруул гарсан хүн хариуцлагагүй жолоочийн буруугаас насан туршдаа тахир дутуу болох, цаашлаад амь насаа алдах тохиолдол ихэсч байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард ажилдаа явж байсан 20-25 насны эмэгтэй Ботаникийн чиглэлийн автобусанд мөргүүлж, газар дээрээ амиа алдсан. Түүнийг зам хөндлөн гарах үед нь тус чиглэлийн автобусны жолооч явган зорчигчийн гарцнаас 30 метрийн зайд явахад нь мөргөж хохироосон. Тухайн үед автобусны жолооч “Сансар хорооллоос зүүн тийш эргэтэл эмэгтэй баруун талаас гүйгээд гараад ирсэн. Тормоз гишгэсэн боловч амжаагүй” хэмээн өөрийгөө өмгөөлж байсан.

Гэтэл энэ хэргээс долоохон хоногийн дараа баруун дөрвөн замд хоёр автобус мөргөлдөж, таван хүнийг бэртээсэн хэрэг гарсан. Ослын улмаас нэг зорчигчийн хөл хугарч, бусад нь тархи, хөл гарандаа бэртэл авч эмнэлэгт хүргэгдэж байсан. Бие биеэсээ илүү ашиг олохоор улайран тэмцэж, хүнээ булаацалдан уралдах тэдэнд эрдэнэт хүний амь нас огтхон ч хамаагүй гэхэд хилсдэхгүй.

Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард “Автобус-1” компанийн жолооч явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан гурван иргэнийг дайрч, хоёрынх нь аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тухайн ослыг гаргасан жолооч мөн л дээрхтэй адил тайлбар хийж, өөрийгөө хамгаалж байсан.

Том оврын автобус осол гаргадаг ч жолооч нар ихэнхдээ зорчигч гэнэт гараад ирсэн, урдуур гүйсэн, тормоз гишгэж амжаагүй хэмээн өөрсдийгөө өмгөөлөн, явган зорчигч руу буруу чихдэг. Ямар үхсэн хүн үг хэлэх биш тухайн хэрэг тэгсхийгээд л өнгөрдөг. Гэтэл тормоз гишгээд ч зогсож чадаагүй гэдгээрээ хэр зэрэг хурдтай явсанаа жолооч нар баталж өгдөг.

Гэтэл сүүлийн үед зөвхөн зам хөндлөн гарахдаа ч биш, замын хажуугийн явган хүний замаар алхахдаа ч болгоомжлох хэрэгтэй болж. Хамгийн сүүлийн жишээ гэвэл өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 13 дугаар хорооллоос ХӨСҮТ-рүү уруудах замд 14.30 цагт “Atibus” компанийн жолооч замын хажууд зогсож байсан явган зорчигчийг гэрлийн шонтой хавсран амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан.

Энэ мэтчилэн том оврын автобусны хариуцлага, туршлагагүй жолооч нараас болж иргэдийн амь нас, эрүүл мэнд золиослогдсоор байна. Эрдэнэт хүний амь насыг атган яваа тэдэнд мэргэжил, дадлага, туршлага дутагдаж байна. Уг нь “ЕБС-ийн найм, аравдугаар ангийн боловсролтой, автобусны жолооч бэлтгэх тусгай дамжаа дүүргэсэн, Д ангилалтай, таваас доошгүй жил жолоо барьсан, 23-аас дээш насны хүн байх ёстой гэсэн Нийтийн тээврийн газрын жолооч нарын MNS 50.12.1 гэсэн стандарт байдаг.

Гэтэл өнөөдөр нийтийн тээвэрт энэ шаардлагыг хангасан хичнээн жолооч байгаа бол. Д ангилалтай л бол шаардлага хангасан, хангаагүй том оврын автобус жолоодож байгаа нь нууц биш. Мөн эрүүл мэндээрээ тэнцэхгүй хүмүүс хүртэл том оврын автобус жолоодож, иргэдийн амь насаар дэнчин тавьж байна. Үүнийг дээрхи хэргүүд гэрчилнэ.

Хаалтгүй төмөр замын гармаар гарч яваад хойд хэсгээрээ галт тэрэгтэй мөргөлдсөн “Атибус” компанийн Улиастай чиглэлийн автобусны жолооч сонсгол муутайгаасаа болж, дуут дохиог сонсолгүй төмөр зам руу орсон байдаг. Хэрвээ автобус галт тэрэгтэй бүтэн биеэрээ мөргөлдсөн бол ямар аймшигтай зүйл болох байсныг хэлэх аргагүй.

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар нийтийн тээвэр эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага аюулгүй байдлыг хангахын тулд жил бүр ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт оруулах ёстой. Гэтэл энэ заалтыг хэрэгсэхгүй болгосон байна. Олон хүний эрдэнэт амийг дааж, амьдралын хоромхон хугацааг нь атгаж яваа жолооч нарын асуудлыг хаана хаанаа анхаарах болжээ.

Б.Чимэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих