Өнөөдөр ихэнх нутгаар бороо орох тул үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Ус цаг уурын хүрээлэнгээс өнөөдөр ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын талаар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хот: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.

Долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд төвийн нутгаар, 29, 30-нд зүүн зүгийн нутгаар бороо, 31-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хугацааны эцсээр  нутгийн баруун өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 29-нөөс ихэнх нутгаар хална хэмээн Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.

М.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих