Ш.Сайхансамбуу: Оюутнуудад бэлэн мөнгө тараах нь алдаа

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуутай ярилцлаа. Тэрбээр энэ сарын 30-нд тойрогтоо ажиллахаар Завхан нутгаа зорих аж.

-Хаврын чуулган завсарласнаас хойш ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?
-Монгол Улсыг хоёр танхимтай парламентад шилжүүлэх хуулийн төсөл дээр ажиллаж байна. УИХ-д сонгогдсоноосоо хойш л үүнийг янз бүрээр боловсруулж үзсэн. Монгол Улсыг хөгжүүлье гэвэл хоёр танхимтай парламент л дээр юм шиг байна.

-Яагаад?
-Манайх шиг улсад зохимжтой хувилбар гэж үзсэн. Сонгуулийн шатлалуудыг 1992 оноос хойш харахад энэ улсад ямар ч боддого алга. Улсын бодлого ердөө харагдахгүй байна. Гарч ирж байгаа улс төрийн хүчнүүдийн залгамж чанар гэж алга. Ард түмэнд худпаа амлалт өгч сонгуульд ялдаг. Хүмүүс бэлэнчлэх сэтгэлгээнд дуртай болсон. Үүнийг нь ашиглаж байна. 2004, 2008 онд хоёр улстөрийн хүчин хамтарсан нэрийн дор улсыг завхрууллаа.

АНУ, барууны орнуудын жишээг ярихаа больё. Эрээний боомтын хөгжлийг л манай улсын хөгжил гүйцэхгүй байна. Тиймээс л парламентыг хоёр танхимтай байсан нь дээр гэж үзсэн.

-Дээд, доод танхимтай болбол сонгуулийн зардал ихэсч, “гудамжны” улстөрчид нэмэгдэнэ гэсэн шүүмжлэл байдаг?
-Хүн бүрт нам байгуулах, УИХ-д бие дааж нэр дэвших эрх бий. Одооны залуучууд санаачилгагүй байна. Хоёр нам л байх ёстой юм шиг сэтгэж, тэдэнд л долигонож, намаар дамжин УИХ-д ордог гэсэн бичигдээгүй хууль үйлчлээд байна. Дээрх хуулиар бол 400 гаруй депататтай болох юм.

Тэднээсээ улсын бага хурлын 51 гишүүнийг сонгох юм. Хуульч цахилгаан, барилга, дэд бүтэц зэрэг мэргэжлийн хүмүүс сонгогдох нь мэдээж. УИХ-аасаа Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг сонгоно. Улсын бага хурлаасаа Ерөнхийлөгчөө сонгож гаргавал дээр юм уу гэж харж байна.

-Тэгэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж таарах нь ээ?
-Тэгнэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа бид баталсан. Тиймээс одоо хоёр танхимтай парламенттай байх нь зөв үү, буруу юу гээд л ард түмнйихээ саналыг авах хэрэгтэй. Ард түмний сонгосноор л болно. Ард түмнээсээ асууна гэхээр ухаа алдталаа айж байна. Тэртэй тэргүй УИХ-ын 76 гишүүн ямар ч нэр хүндгүй байгаа. Хэн ч гарсан муу хэлүүлнэ.

Тиймээс хоёр танхимтай парламентад шилжүүлж 76 мангуу, дээрэмчин гэсэн нэрнээс сална. Харин 400 депататыг хахуульдаж, нэг ашиг сонирхлыг нэгтгэнэ гэдэг тийм амар биш. 1992 онд хоёр танхимтай парламентыг байгуулаад устгасан. Устгасан хүмүүс нь одоо ч УИХ-д сууж байгаа.

-Хаврын чуулганыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Үнэнийг хэлэхэд, хаврын чуулган ямар ч үр дүнгүй өнгөрсөн. Ажил хариуцсан УИХ-ын дарга, Дэд дарга нар, байнгын хороодын дарга нар үр дүнгүй гэж ярихгүй. Хэзээ монгол хүн дутагдлаа хүлээж, уучлалт гуйж байсан юм бэ. Миний үзэж байгаагаар батлагдах ёстой хуулиуд гарсангүй.

-Тэгэхээр батлагдсан хуулиудыг “алдаа” гэх гээд байна уу?
-Ганц, хоёр хүний дараагийн улстөр хийх гэсэн хуулиуд гарлаа. Жишээ нь, Дээд боловсролын санүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны хууль. Санал хураахад ганцхан би л эсрэг байсан. Оюутнуудад цалин өгч яах юм. Шөнийн цэнгээний газрынх нь мөнгийг нэмж байна гэсэн үг. Өнөөдөр оюутнуудын түвшин, ухамсар ийм хэмжээнд байна.

Манайхан хавтгайруулж мөнгө тараагаад л, сүүлд нь хариуцлага тооцох гэхээр эзэн олддоггүй. Яг тэр жишиг харагдаж байна. Би оюутнуудыг ад үзэж байгаа хэрэг биш ээ. Тэдний боловсрол, ухамсарыг дээшлүүлье гэвэл бэлэн мөнгөөр бус ухуулга сурталчилгаа, бодлогоор чанартай сургалттай сургууль байгуулах хэрэгтэй.

АН-ынхан шахалт үзүүлж, завсарлага авч пүжигнэж байснаа Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн дээрх хуульд барьцаалж, МАН-ын гишүүд дэмжлээ. Сонгуулийн хууль л чухал гэсэн дүр үзүүлж байгаад л баяр наадмын өмнө баталсан. Эдийн засгийн хямрал зэрэг ямар нэгэн хүчин зүйлээс хамаарч оюутнуудын мөнгийг өгөхөө болибол тэд босно. Бид нарт өгөх ёстой мөнгөө өгсөнгүй гээд л жанжны талбай оюутнуудаар дүүрвэл хэн хариуцах вэ.

Өмнөд Солонгост гарсан оюутны бослого 20 жилийн турш үргэлжлэн 2000 оноос л намжсан. Нялх хүүхдийн угжийг авахад яаж орилдог билээ. Оюутнуудад бэлэн мөнгө өгч байгаа нь үүнтэй адил. Тэднийг биеийг нь даалгаж, өөрсдөөр нь хариуцлагыг нь үүрүүлж төгсгөдөг.

-Сонгуулийн хуулийн Зөвшилцөх ажлын хэсгийн санал 52:24, 50:26 гэсэн тоон дээр зөрөлдөж шийдвэл гаргаж чадаагүй. Танай намынхан 52:24 гэсэн хувилбар дээр хатуу зогсохоо мэдэгдсэн. Та намынхаа байр суурийг дэмжиж байгаа юу?
-Үндсэн хуульд товчхондоо Монгол Улс 76 тойрог байна. 76 тойргоос нэг хүнийг сонгож УИХ-ын гишүүн болгоно гэж заасан байдаг. Гэтэл Үндсэн хуулиа зөрчиж Сонгуулийн хуулийг батлах гэж байна.

-Гишүүд дан пропорциональ биш учир Үндсэн хуулийг зөрчихгүй гэж тайлбарлаж байсан шүү дээ?

-МАН аргаа бараад хуулиа 52 хувь зөрчих гэж байхгүй юу. Харин АН-ынхан 26 хувь. Намаар сонгоод ард түмнийг төлөөлөлгүй болгох гэж байна. Ингэвэл намын дарга дуртай хүнээ УИХ-ын гишүүн болгоно. Дорж …гээд л жагсаалт эхэлнэ шүү дээ.

-Таныхаар манай улсад сонгуулийн тогголцооны ямар хувилбар тохирох вэ?

-Монгол Улсыг ганцхан тойрог болгож пропорционалиар явуулбал хамгийн шударга.

-Сонгуулийн тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд оруулна гэж тохирсон. Гэтэл намрын чуулганаар Мөнгөний бодлого, 2012 оны төсвийн төсөл зэрэг томоохон хууль бий шүү дээ?
-Хэлэлцэж амжихгүй болов уу. Монгол Улсын Үндсэн чиглэлийг сая баталж чадсангүй, хойшлууллаа. Гуравдугаар сард төсвийн тодотгол хийх байсан, хийсэнгүй. Юун сонгуулийн хууль төсвийн тодотголоо хэлэлцэж бэлэн мөнгөний амлалтаа ярина. Намрын чуулганаар нрэх оны Мөнгөний бодлого, 2012 оны төсвийн төсөл зэрэг хуулийн хугацаа заасан дөрвөн төслийг хэлэлцэх учиртай. Ийм байхад Сонгуулийн хуулийг хэлэлцэх үү. Юу л бол. УИХ нь өөрөө хуулиа зөрчөөд байхад юу ч хэлэх вэ дээ.

-Жижиг намууд Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй бол тэмцэнэ гэдгээ илэрхийлж эхэлсэн. Тэд тодорхой хэмжээгээ пропорциональ систем оруулах хэрэгтэй гэж шаардаж байсан. Хэрэв Сонгуулийн хууль өөрчлөгдөхгүй бол эсэргүүцэлтэй тулгарч мэдэх юм?

-Жижиг намууд Үндсэн хуульдаа захирагдах ёстой. Тэд ч Үндсэн хуулиа зөрчөөд пропорционалт оруулж өг гээд шаардлага тавьж байдаг, буруу шүү дээ. Ингэхээр ямар улс төрийн хүчнүүд ирж явна гэдэг нь харагдаж байна. Уг нь Үндсэн хуульд нийцсэн хувилбараар Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж өг гэж шаардах ёстой.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах заалтуудыг гаргасан юм уу?
-Хоёр талаасаа ажлын хэсэг гаргасан юм. АН-аас С.Баярцогт, манайхаас Ж.Сүхбаатар ажлын хэсгийг ахлаад Үндсэн хуульд оруулах өөрчлөлт, Сонгуулийн хуульд ямар байхыг асуухаар болж, гишүүдэд тараасан. Үүнийгээ хэлэлцэх гэтэл шал өөр зүйл ярьж, оюутнуудад тэтгэлэг олгох хууль болгож хувиргасан.

-52:24 гэсэн хувилбараар сонгууль явагдах болбол тойрог хуваагдаж таарна. Тэгэхээр нөгөө л жалга довны үзэл ахиад даамжрах юм биш үү?

-Үндсэн хуульд угаасаа жалга, товныхоо эрх ашгийг хамгаалж УИХ-д сууна гээд заачихсан. Одоогийн 76 тойрог гэхээр нэг тойрогт хүн амаасаа шалтгаалахгүйгээр найман сум харьялагдаад байгаа юм. Юуны түрүүнд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ингэхгүй бол Үндсэн хуулиа зөрчсөн хууль батлах гээд байна.

-Ээлжит бус чуулган хэзээ зарлах бол? .
-Наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр ээлжит бус чуулган зарлаад л Тавантолгойг хэлэлцэхээс аргагүй. Аравдугаар сард Тавантолгой ярих цаг нь биш.

-Авлигатай тэмцэх газрыг даргатай болгох асуудал хүлээгдэж байгаа. Та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ ганц даргын асуудал биш. Гол ажлаа гүйцэтгэдэг дэд дарга нь байхгүй байна. Одоогоор Монгол Улсыг Авлигатай тэмцэх газаргүй орон гэж нэрлэж болно. Хуульд АТГ нэг даргатай, хоёр дэд даргатай байна гэж заасан байдаг. Гэтэл одоо хэдэн байцаагч л авлигын хэргийг шалгаж байна.

Б.Мягмансанж
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих