“Rio Tinto”, Монголын Засгийн газар хоорондын асуудлаас суралцах хэдэн зүйлс

157981-17032015-1426561435-1364934158-Rio Tinto-Үндэстэн дамнасан уул уурхайн компани Засгийн газартай хэрхэн ойлголцох хэрэгтэй вэ?-

“Lessons from Rio’s Mongolian adventure” нэртэй нийтлэл “Financial Times” сонины саяхны дугаарт нийтлэгдсэн бөгөөд “Rio Tinto”-гийн тусгай зөвлөх Хэнри Стийл, Миланы “Bocconi” их сургуулийн Стефано Гатти нар Монголын Засгийн газар болон “Rio Tinto”-гийн хооронд үүссэн маргаан болоод шийдлийг тойрсон судалгааны нийтлэл бичсэн дээр үндэслэсэн аж. Уг нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

“Rio Tinto”-гийн 12.6 тэрбум ам.доллараар үнэлэгдэх алт, зэсийн нөөцтэй Оюутолгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалтын ажил дахин эхэлбэл өмнөхөөс юугаараа өөр байх вэ?

Энэ асуулт эрдэс баялгийн салбарт бизнес эрхлэгч томоохон группууд гадаадын ордод хөрөнгө оруулах үед ямар арга барил ашиглах хэрэгтэй вэ гэдэгтэй шууд холбогдоно. Зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай “Оюутолгой” одоо бөгөөд ойрын арван жилдээ зэсийн үйлдвэрлэлийн дэлхийн хамгийн том ордын нэг байх нь дамжиггүй. Гэвч ордын далд уурхай буюу хоёр дахь шатны бүтээн байгуулалтын ажлын зардал өссөнөөс үүдсэн маргаан “Rio Tinto”, Монголын Засгийн газар хоёрын хооронд үргэлжлээд удсан бөгөөд одоог хүртэл шийдлийг олоогүй байна. Одоо өрнөж буй үйл явцаар бол, “Rio Tinto”-гийн зүгээс бүтээн байгуулалтын зардлын болон татварын маргаан шийдэгдэх хүртэл ордын хоёрдугаар шатны бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээс татгалзсан. Мөн Монголын Засгийн газар өөрийн мэдлийн 34 хувиа багасгаж, рояалтигаас илүү их ашиг олох сонирхолтой байгаа.

“Rio Tinto”-гийн хувьд Оюутолгойн далд уурхайн ашиглалтад орох нь компанийн зэсийн бизнесийг өргөжүүлж, дан ганц төмрийн хүдрийн бизнесээс хараат байдлыг нь бууруулах эерэг нөлөөтэй. Харин Монголын хувьд Оюутолгой цааш явах нь хөрөнгө оруулалт татаж, нэн яаралтай хэрэгтэй байгаа валютын орох урсгалыг нээхэд чухал нөлөөлнө. Тэгэхээр аль алинд Оюутолгой цааш явах ашигтай болж таарч байна. Тэгвэл яагаад хоёр талд хоёуланд нь ашигтай энэ төсөл цааш явахгүй байна вэ?

“Rio Tinto”-гийн тусгай зөвлөх Хэнри Стийл, Миланы “Bocconi” их сургуулийн Стефано Гатти нар Монголын Засгийн газар болон “Rio Tinto”-гийн хооронд үүссэн асуудал болон шийдлийн талаар судалгааны ажил хийсэн нь анхаарал татаж байна. Хоёр талын байгуулсан гэрээний дагуу Монголын Засгийн газар урьдчилгаа төлбөрөө барагдуулахаас нааш Оюутолгойгоос ногдол ашиг хүртэхгүй. Тэгэхээр, Хэнри, Стийл, Стефано Гатти нарын тооцоогоор Монгол ойрын 20 жилдээ ногдол ашиг хүртэхгүй нь. “Энэ нь хэрүүлийн гол алим болж буй бөгөөд хоёр талын адил хүслийг биелэх хугацааг хойшлуулж буй бул чулуу болчхоод байна” хэмээн тэд судалгааны нийтлэлдээ бичжээ.

Наанадаж 20 жилийн дараагаас ногдол ашиг хүртэж эхлэхээр байгаа энэ нөхцөл байдал Монголын Засгийн газрын Оюутолгой дахь 34 хувийг үнэ цэнэгүй болгож байгаа гол зүйл. Тийм ч учраас тэд энэ хувиа бууруулж, “Rio Tinto”-д зарах талаар санал гаргаж эхэлсэн. Улмаар “Rio Tinto” энэ саналыг яагаад хүлээж авахгүй байгаа нь ч дээр дурдсантай шууд холбоотой.

“Энэ бол хувь судлаачдын хийсэн, бие даасан тайлан. Тиймээс энэ нь албан ёсны материал болж чадахгүй. Тийм учраас“Rio Tinto”-гийн байр суурийг илэрхийлж, бас төлөөлж чадахгүй бөгөөд бид ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй” хэмээн “Rio Tinto” компанийн хэвлэлийн төлөөлөгч “Financial Times”-д ярьжээ.

Уг тайланд хоёр талын эрх ашигт нийцэж болохуйц хэд хэдэн шинэ санаа дэвшүүлсэн байгаагийн дотор Монголын Засгийн газар Оюутолгой дахь 34 хувиа заралгүй, “Rio Tinto” буюу төслийн толгой компанийн хувьцаагаар солих санал багтжээ. Тэдний үзэж буйгаар хэрэв ийм зүйл болбол, Монголын Засгийн газар “Rio Tinto”-гийн хувьцааны маш бага хувийг авна. Ингэснээр төсөлд үзүүлэх нөлөө, эрх мэдэл багасах ч зэрэгцээд үүрэх эрсдэл нь бас буурна гэж “Эрсдэл ихтэй улс оронд үйл ажиллагаа явуулж буй олон улсын хэмжээний корпорацуудын эрсдэлийн менежмент” нэртэй судалгааны тайланд бичжээ.

“Rio Tinto”-гийн хувьцааг эзэмших нь Монголын Засгийн газар илүү их төрөлжсөн (тус компани олон салбарт үйл ажиллагаа явуулдаг) хөрөнгө эзэмших боломжийг нээх бөгөөд энэ нь Засгийн газарт төсвөө илүү тогтвортой, бас найдвартай төлөвлөхөд хэрэгтэй” хэмээн тус тайланд бичжээ. Гэхдээ, хэрэв Монголын Засгийн газар Оюутолгой дахь хувьцаагаа “Rio Tinto”-гийн хувьцаагаар соливол өмнөх гэрээг өөрчлөх шаардлагатай. Ингэхдээ энэ төсөл хэрэв цуцлагдвал “Rio Tinto”-д эзэмших хувиа ч бас буцаах нөхцөлтэйгөөр байгуулах болж таарна. Энэ бол ондоо асуудал болж хувирна.

Засгийн газар олон улс дамнасан уул уурхайн компанийн хувьцааг авах боломжтой бөгөөд ийм тохиолдолд хөрөнгийн зах зээлийн савалгаатай байдгийг хүлээн зөвшөөрч, үүнд дасан зохицож, бэлтгэлтэй байхаас гадна ногдол ашигт нөлөөлөх боломжгүй болохыг ойлгох хэрэгтэй. Үүний нэг адилаар уул уурхайн компаниуд Засгийн газарт хувьцааныхаа нэг хэсгийг өгөхдөө хэдий хугацаагаар эзэмшүүлэх дээр няхуур хандахгүй бол болохгүй.

Эцэст нь, энэхүү үйл явдал буюу Монголын Засгийн газар, “Rio Tinto”-гийн хооронд үүссэн маргаан хоёр зүйлийг ил болгож байна. Нэгд, энэ нь хөрөнгө оруулалтын гэрээг хөдлөшгүйгээр, няхуур байгуулах нь маш чухал бөгөөд Засгийн газарт ногдол ашгийг нь аль болох хурдан өгөхгүй бол болохгүй. Үүнээс үүдсэн маргаан төслийг юу ч биш болтол үнэ цэнийг нь унагаж болдог гэдгийг нотоллоо. Улмаар энэ нь “баялгийн үндсэрхэг үзэл”-ийг сэргээдэг бөгөөд эсэргүүцлийн жагсаал, маргаан, үл ойлголцол нь хөрөнгийн зах зээл дэх хувьцааны ханшид сөргөөр нөлөөлж чадна. Тэрчлэн хөрөнгө оруулалтыг ч хаах аюултайг энэ маргаан харуулж байна.

Т.Жигүүр

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.