Өлсгөлөн зарлагчдын цаад зорилго нь Ерөнхийлөгчийг огцруулах байв уу

zaluu_5508cc7f87e16_1“Босоо хөх Монгол” бүлгэм “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн Гацууртын ордыг ашиглуулахгүй хэмээн 12 хоногийн турш нойтон өлсгөлөн зарласан. Улмаар тэмцлийн хурц хэлбэрт шилжиж өлсгөлөнгөө хуурай болгосон. Гэвч тэр даруйд нь нь хүчний байгууллагынхан тэднийг албадан эмчилгээнд хамруулсанаар Ноён уулын төлөөх тэмцэл түр зогссон юм. Иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл хийж буй гол шалтгаан нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших урьдчилсан тооцооллоор 50 тонн алтны нөөцтэй Гацууртын ордыг стратегийн орд болгохгүй гэсэн явдал байв. Тус ордыг ашиглалтад оруулснаар тухайн газар орны байгаль экологи сүйдэж үгүй болно. Цаашлаад Ноён ууланд байдаг Хүннүгийн үеийн нэн ховор булш, бунхануудыг үгүй хийх гэж байна хэмээн тэмцсэн юм. Харин УИХ-ын намрын чуулганы хаалтын үеэр уг хуулийн төсөл хэлэлцүүлгийн явцдаа уналаа. Ийнхүү тэдний Ноён уулын төлөөх тэмцэл түр намжих нь гэж таамаглаж байв.

Гэтэл дээрх хөдөлгөөнийхөн тэмцлээ үргэлжлүүлэн УИХ-ын дарга З.Энхболдтой тэмцэх гэж байна хэмээн хэвлэлээр шуугиж эхэллээ. Их хурлын дарга Үндэсний телевизийн ярилцлагад орж байхдаа “Гацууртын олборлолтыг хийх гээд байгаа тэр газарт түүхийн ямар ч олдвор байхгүй. Дээр нь байгаа шороон ордыг нь сүүлийн 15 жил ухаж олборлоод одоо газар дор байгаа үндсэн ордыг нь ашиглах тухай ярьж байна. Ноён уулын алтыг ухуулахгүй, булшийг ухуулахгүй гэж ярьж байгаа хүмүүс үнэн хэрэгтээ хууль ёсны лицензтэй компанийг хөөж явуулах хүсэлтэй байгаа. Явмагц нь орж алтыг нь, булшийг нь ухаж гадаад руу хууль бусаар зарах гэж байгаа хүмүүс” хэмээн хэлсэн. Энэ нь тэдний өнөөдрийг хүртэл тэмцэж ирсэн бүхнийг шууд үгүйсгэсэн хэрэг болсон. Тиймээс “Босоо хөх Монгол” бүлгэм “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн З.Энхболд даргыг ярьсан, хэлсэн зүйлээ 100 хувь батал. Үгүй бол хаврын чуулгантай зэрэгцэн даргын суудалтай нь ярина. Эх орноо гэсэн тэмцэгчдийг гутаан доромжилсон учир түүнийг огцруулах жагсаал цуглааныг зохион байгуулах гэж байгаа гэнэ.

Харин саяхан “Ноён уулынхан” тэмцлээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу чиглүүлэв. Тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ж.Капла нарт уучлал үзүүлсэн нь Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2, 49 дүгээр зүйлийн 2, 50 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн хэмээн үзэж байгаа аж. Ард иргэдээ тоохгүй Ерөнхийлөгч Монгол оронд хэрэггүй. Гадны иргэнд өршөөл үзүүлчихээд эх орныхоо төлөө тэмцэгч Ц.Мөнхбаярт уучлал үзүүлэхгүй байна. Тиймээс огцрох хэрэгтэй гэж үзжээ. Бүр сүүлдээ Ерөнхийлөгчийг огцруулахаар суулт хүртэл зарлачих нь тэр. Ингээд тэдний тэмцэл дахин нэг удаа дүрээ хувилгалаа.

Ер нь юуны төлөө ингэж тэмцээд байгаа юм бол. Анхандаа тэдэнд иргэд талархаж байлаа. Эх орон, газар шорооныхоо төлөө хүйтэн цемент дээр хөр цасны хатууд өлсгөлөн зарлаад хэвтэнэ гэдэг ихээхэн зориг гэж үнэлж байв. Харин эцэстээ тэдний тэмцэл нь юуны төлөө, хэний төлөө хийгдээд байгаа нь ойлгогдохоо болилоо. Эхэндээ тэднийг иргэд хэн нэгний захиалгаар өлсгөлөн зарлаж шоу хийж байна хэмээн хардаж байсан. Үүнийг тэд үгүйсгэж “Бид ямар ч хүнээс, хэдэн төгрөг ч аваагүй. Гадуур биднийг нэг хүн нь 500 мянган төгрөг аваад өлсөж байгаа гэх зүйл яригдлаа. Үнэхээр захиалагч нь хэрэгтэй юм бол тэр хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж” гэж мэдэгдсэн. Ерөнхийлөгч өнгөрсөн сонгуулийн үеэр Мандал суманд ажиллаж байхдаа та бүхэн Ноён уулаа хамгаалах ёстой. Иргэд маань доороос нь дэмжээд өгвөл би дээрээс нь туслаад өгье гэж хэлсэн гэсэн.

Гэтэл тэд өнөөдөр яагаад “захиалагч”-ийнхаа эсрэг тэмцэлд гарав. Тэд яг эх орныхоо төлөөх тэмцэл хийж байна уу. Иргэний хөдөлгөөн л гэхээрээ сөрөг байр суурь илэрхийлсэн болгоныг эсэргүүцэж шантаажилдаг юм уу. Эсвэл тэмцлийн цаад санаа нь анхнаасаа Ерөнхийлөгчийг огцруулах байсан хэрэг үү.

Эх орон, газар нутгийнхаа төлөө өвлийн хүйтэнд өлсгөлөн зарлана гэдэг бол нэг талаасаа маш их зориг бас тэвчээр. Гэхдээ нөгөө талаасаа тийм ч зөв сонголт биш байх талтай. Ер нь өлсгөлөн зарлаж, жагсаал хийгсдийг л эх орончид гэхгүй. Харин өөрийн эрхэлж буй ажилдаа эзэн болоод, эдийн засгийн хямралтай энэ цаг үед эх орныхоо төлөө баялаг бүтээгээд явж буй залуус ч гэсэн эх орончид юм шүү.

залуу.ком


URL:

Нэр: Зочин Огноо: 27 March 2015

Оюунгүй толгойнуудын балагаар Оюутолгойгоогоо гадныханд алдсан,Тарчигхан бодолтой толгойнуудын балагаар Тавантолгойгоо бас л алдах нь. Газар нутаг эх орноо гэсэн тэмцэгч хөдөлгөөнүүдийг дэмжиж байна. Яагаад бизнес эрхлэдэг хүмүүс ,бие бялдар сайтай тарган хүмүүс,ченжүүд ,эх орон газар нутгаа гэж хамтран тэмцэж болдогүй юм.Та нар албан тушаалын төлөө тэмцэж байсан 90 оны үед туранхай давжаа юмууд байсан шүү дээ,ард түмнийхээ толгойг хүнд суртал,тусгай хангамжыг устгана,эрх мэдлийг ард түмний гарт өгнө гэх маягын үгээр сэнхрүүлэн гарч ирцгээчихээд одоо өөрсдийгөө толиндоо хардаа Тэсрэх шахтлаа таргалсан,тусгай хангамж бүр хэтрээд даварчихсан олон арван орон сууцтай ,өчнөөн тэрбум төгрөгийг гадны банкинд байршуулчихсан_ард иргэд үзэл бодлоороо эвлэндэн нэгдэж, болохгүй бүхний төлөө тэмцэхэд нь хааж боосон хүчээр дардаг,хэлсэн ярьсаныхаа эсрэг ажилладаг,гадныхны гар хөл болсон байна шүү дээ.Улс орноо удирдаад аваад явж чадахгүй байна шүү дээ АН-ыг удирдаж байгаа удирдлагуудаа.Жирийн гишүүд ингэнэ чинээ юм бодоогүй шүү дээ та нарыг. Одоо ч цөхөрлөө гутарлаа АН-ынхаа нэрийг ч унагалаа Энэ намаас та нар зайлаач

Сэтгэгдэл бичих