Гишүүд чуулганы хурлаасаа хоцрохгүй бас таслахгүй

chuulgan0319УИХ-ын намрын чуулган завсарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Одоо хаврын чуулган эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Төрийн ордон эл хуль эзэнгүй байгаа сурагтай. Учир нь эрхэм гишүүд маань хөдөө орон нутгаар ямаа самнаж, айл өрхийн тогооны амьдралтай танилцаж гэрээр зочилж яваа бололтой.

 

Үүнийг ч сонгууль дөхөж буйн илрэл гэхэд маргах хүн олдохгүй биз ээ. Хаврын чуулганы эхний өдөр эрхэм гишүүдийн ирц хэр байх бол доо. Анхны өдрөө ядаж бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглах болов уу гэсэн асуулт үе үе санаанд бууна. Хууль батлах, санал хураалт болоход ирц хүрэлцэхгүй байна гээд чуулганыг завсарлуулж байсан тохиолдол өнгөрсөн намрын чуулганаар цөөнгүй тохиолдоод өнгөрсөн шүү.

 

УИХ-ын гишүүн Г.Уянга хэлэхдээ “УИХ-ын гишүүд хэзээ бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларч байлаа. Тангараг өргөхдөө хүртэл бүрэн цуглаж байгаагүй шүү дээ” хэмээн хатуухан шүүмжилсэн удаатай.

 

Мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл чуулганы хуралдаанаасаа хоцрохдоо олны дургүйцлийг хүргэсэн үг хэлээд амжсан. Эргэн сануулахад “Би хоцорсон гэж үү. Хоцрох албагүй л дээ. Би угаасаа л хоцордог юм” хэмээн манарсан хүн шиг юм хэлж байсан удаатай. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан нар УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан байна. Тэд цагаа барьдаггүй, чуулганд согтуу ирдэг УИХ-ын гишүүдийг журамлах зорилгоор энэхүү нэмэлт өөрчлөлтийг санаачилсан байна.

 

Тодруулбал, Байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанаа тасалсан болон эдгээр хуралдаануудад согтуу ирсэн гишүүнийг эргүүлэн татах юм байна. Үүнээс гадна хуралдаандаа хоцорч ирсэн гишүүд нэг минут тутамд 100 мянган төгрөгийн торгууль төлөх зэргийг нэмэлт өөрчлөлтөд тусгаж өгчээ. О.Баасанхүү, Ж.Батзандан нар хуулийн төслөө хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Хэрвээ энэхүү хууль парламентаар дэмжигдэх юм бол ёс зүйгүй гишүүд дэгэндээ орж хуралдаанд согтуу ирэхээ болих нь гарцаагүй юм.

 

Хэрвээ 76 төлөөлөл маань ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, цагтаа ирж, төр засгаа хүндлэх үүрэгтэйгээ ухамсарлаж байгаа бол уг хуулийг дэмжинэ. Ер нь бол чуулганы хуралдаандаа согтуу ирж ард түмний шившиг болсон хэдэн гишүүд бий шүү. Тэд өөрсдөө архины тухай хууль санаачилж баталдаг хүмүүс ингэж явахаар хэн дуртай байх билээ дээ. Ард иргэдийг ажилдаа цагтаа очиж бай гэж уриалдаг хүмүүс өөрсдөө “Би угаасаа хоцордог юм” гээд хэлж байгаа нь яах аргагүй шившиг. Дээрх хууль батлагдах юм бол чуулганы танхим дүүрч гишүүд маань халуун ам бүлээрээ хууль баталдаг болох нь ойлгомжтой.

 

Г.Мягмарсүх

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.