Ядарсан салбарын том амбийц

158258-20032015-1426842589-185213127-1Монголын эрчим хүчний салбар “сэхээнд” хэвтээд дөрвөн жил болов. Улаанбаатарын айл, өрхүүдийг хөлдөөчихгүйн тулд, Өмнөговийн уурхайнуудыг зогсоочихгүйн тулд Орос, Хятадаас цахилгаан эрчим хүч худалдаж авсаар. Цахилгааны импорт 2013 онд гурав дахин өссөн бол өнгөрсөн жил дахиад 13 хувиар нэмэгдэж, 1.35 тэрбум кВт.ц болжээ. Олон улсын жишгээр эрчим хүчний үйлдвэрүүд 20 хувийн нөөцтэй ажиллах ёстой байтал манай цахилгаан, дулааны станцууд байдаг чадлаа шавхаж дуусдаг. Тэгээд ч өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангаж дийлэхээ байгаад дөрвөн жил өнгөрчээ. Эдүгээ монголчууд цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг хоёр хөршөөсөө импортолж байгааг салбарын сайд нь хэлж байна.

Газар дороо нүүрс, занар, ураны асар их баялагтай, газар дээрээ нар, салхины эрчим хүчний арвин нөөцтэй Монгол Улс ийнхүү цахилгаан импортолж суух нь ичмээр ч юм шиг. Эрчим хүчний салбар маань жинхэнэ утгаараа “алтан дээр суусан гуйлгачин” болжээ. Гэхдээ дотоодын ханшнаас 60 хувиар өндөр үнээр цахилгаан импортолж байгааг нь харвал нэлээд “цамаан гуйлгачин” байх нь. V цахилгаан станцын үлгэрийг дөрвөн ч засаг ам дамжуулан 10 жил ярих хугацаанд ийнхүү өндөр үнэтэй цахилгааны импорт гэрлийн хурдаар өсөж байгаа юм. Зөвхөн өнгөрсөн онд бид цахилгаан эрчим хүчний импортод 130 сая ам.доллар (үүнээс 98 сая ам.долларыг Хятадад, 32 саяыг Орост төлсөн) буюу 259 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ хэмжээний мөнгөөр тав, зургаан ширхэг Дөргөний, эсвэл Тайширын усан цахилгаан станц босгож болохыг салбарын хүмүүс нь ярьж, халаглах юм билээ.

ОХУ-аас импортолж буй цахилгаан, эрчим хүчний хэмжээ нэмэгдсээр

Сая кВт.ц Сая ам.доллар
2011 275 17
2012 366 24
2013 1195.5 113
2014 1349.2 130

Ингээд зогсохгүй, эрчим хүчний салбар маань XXI зуунд хөл тавьснаасаа хойш ашигтай ажиллаж үзсэнгүй. 2012 онд 66.3, 2013 онд 65.4, өнгөрсөн жил 68.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байх жишээтэй. Энэ бүх алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр татаас өгч, хааж ирсэн.

Цахилгаан, дулааны үнийг төрөөс зохицуулж, барьж буйн улмаас станцууд алдагдалтай ажиллаж байгааг Эрчим хүчний сайд Д.Зоригт тайлбарлаад, 144 төгрөгийн өртөгтэй цахилгааныг иргэдэд 122 төгрөгөөр борлуулж байгааг онцолсон байна. Ашигтай ажиллах боломжгүй, байнгын алдагдал хүлээдэг ийм салбарт хөрөнгө оруулах сонирхол хэнд ч төрөхгүй. Харин Засгийн газар мөнгөгүй гэх шалтгаанаар энэ салбарт шинэ бүтээн байгуулалт хийхийг хойш тавьсаар 30 жил улирчээ. Социализмын үеийн цахилгаан, дулааны станцууд хэдийнээ хөгширч, юу юугүй амьсгал хураах дээрээ тулсан. “Сэхээнд” хэвтсэн станцуудыг нэмэлт турбин, зуух мэтхэнээр торгоож байна. Гэтэл монголчуудын эрэлт, хэрэгцээ өссөөр. Өнгөрсөн онд л гэхэд цахилгаан хэрэглэдэг айл өрх, албан байгууллага 36 мянга орчмоор, дулааны хэрэглэгч 40 мянгаар нэмэгдсэнийг Д.Зоригт сайд сануулсан юм. Өөрөөр хэлбэл, Орос, Хятадаас авах цахилгааны хэмжээ өссөөр байх нь.

“ГАЛ УНТРААХ” ТӨСЛҮҮД

Өнгөрсөн оныг “Эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын жил” хэмээн нэрлэсэн байв. Энэ хүрээнд Хөгжлийн банкнаас III, IV цахилгаан станцын өргөтгөл, “Амгалан” дулааны станц болон Таван толгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станцад нийт 137.2 сая ам.долларын санхүүжилт хийсэн. Мөн эрчим хүчний дэд бүтцийн төслүүдэд нийт 150 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Үр дүнд нь III цахилгаан станц 50 МВт-аар, IV цахилгаан станц 123 MBт-аар хүч нэмэв. Мөн “Амгалан” дулааны станц ирэх зун ашиглалтад орно гэхээр Улаанбаатар маань хөлдөх аюулыг тойрч гарах бололтой. Гэхдээ л энэ бүхнийг бүтээн байгуулалт гэхээсээ илүү “гал унтраасан” төслүүд гэж тодорхойлохоор байна. Учир нь, дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, экспорт хийх бүтээн байгуулалт өрнөөгүй байгаа юм.

Тухайлбал, “Оюутолгой”-г хангах Таван толгойн цахилгаан станцад Хөгжлийн банкнаас анхны санхүүжилт хийсэн ч 2017 оноос нааш ашиглалтад орж чадахгүй нь. Төвийн бүсийн эрчим хүчний системийн гол эх үүсвэр болох учиртай V цахилгаан станцаас бол сураг ч алга. Шийдлийн Засгийн газар Хятадаас зээл авч, Эгийн голын усан цахилгаан станцын төслийг санхүүжүүлэх санаатай байгааг Д.Зоригт сайд ярьсан. Мөн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Ховд гол дээр усан цахилгаан станц барьж, Багануурт 700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийг “Багануур Пауэр” компанитай Концессийн гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэх шийдвэр гарсан аж. Энэ бүх төсөл хэрэгжлээ ч 2019-2020 онд л ашиглалтад орохыг Д.Зоригт сайд хэлсэн байна.

БОЛОМЖ БИДНИЙГ ХҮЛЭЭХГҮЙ

Биднийг ийнхүү дотоодын хэрэгцээгээ хэрхэн хангах вэ хэмээн толгойгоо гашилгаж байх зуур ОХУ зорилгоо тодорхойлж, төлөвлөгөөгөө гаргачхаад, ажилдаа оржээ. Эрчим хүчний хэрэглээгээр Азийн орнууд дэлхийд тэргүүлэх сургаар тэд хэдийнээ хөдөлж эхэлсэн. Тодруулбал, Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний эрэлт ирэх 20 жилд дэлхийн дунджаас хоёр дахин нэмэгдэх төлөвтэй. Энэ бүс нутагт нефть ба цахилгаан эрчим хүчний эрэлт хоёр дахин, байгалийн хийн эрэлт гурав дахин өсөх тооцоо гарсан тул ОХУ-ын овоо хараанд өртсөн хэрэг. Нефть, хийн экспортоор дэлхийд тэргүүлж, Европын эрчим хүчний томоохон нийлүүлэгч байж ирсэн тус улсын сонирхол одоо нэгэнт Дорныг чиглэжээ. Өнгөрсөн онд л гэхэд оросууд Ази, Номхон далайн бүс нутагт гаргасан нефтийн экспортоо 25 хувиар нэмсэн байна. Цаашдаа нефть, нүүрсний нийлүүлэлтээ хоёр дахин, байгалийн хийн нийлүүлэлтээ ес дахин нэмэх шаардлагатайг ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак хэлжээ.

Хятад болон Зүүн хойд Азийн бусад улсын өсөн нэмэгдэж буй хэрэглээнд тулгуурлан эрчим хүч экспортолж, валютын орлогоо зузаалах том амбийц Монгол Улсад ч бийг Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар ярьсан. Энэ зорилгод хүрэхэд бидэнд дор хаяж таван жил шаардлагатайг тэрбээр мөн сануулсан юм. V цахилгаан станцын үлгэрийг 10 жил ярьсан туршлагаас үзвэл эрчим хүчний экспортлогч болох мөрөөдөл мөд биелэхээргүй харагдаж байна. Гэвч бид түргэн хөдлөхгүй бол оросуудад орон зайгаа алдчихна. Боломж биднийг хүлээгээд л сууж байхгүй шүү дээ.

ЭЦЭСТ НЬ

Азийн орнуудын эрчим хүчний хэрэглээ огцом өсөх нь аль эртнээс тодорхой болсон байв. Тиймээс ч нүүрс, занар, уранаас эхлээд нар, салхины эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд гайхуулах Монгол Улсад бүс нутгаа эрчим хүчээр хангах боломж байгааг ярьж эхэлсэн. Бид нар, салхины нөөцийнхөө ердөө 10 хувийг ашиглахад л дотоодын хэрэглээнээсээ 300 дахин их эрчим хүч үйлдвэрлэж болох юм. Энэ нь БНСУ-ын бүтэн жилийн хэрэглээг гурав нугалахтай дүйх хэмжээ болохыг эрчим хүчний зөвлөх инженер Р.Ганжуур онцолж байлаа. Ийм их нөөц, бололцоо газар дээр ч, газар дор ч байхад бид эрчим хүч экспортлох нь байтугай импортлоод сууж байгаа нь үе үеийн төр, засгийн өнөө, маргаашаа харсан бодлоготой холбоотой юм. Учир нь, бид нүүрсээ ухаж аваад, хамгийн ойрын зах зээлд хямд өртгөөр гаргаж, богино хугацаанд ашиг олохоо л бодож ирсэн. Хялбар аргаар их мөнгө олох энэ бодлогоос болж Монгол Улс уул уурхайн орон болж, нүүрсний үнийн хэлбэлзлийг дагаад эдийн засаг маань савлах болсон.

Тиймээс бидэнд одоо илүү алсыг харсан бодлого, төлөвлөгөө хэрэгтэй байна. Тухайлбал, нүүрсээ ашиглан цахилгаан эрчим хүч, шингэн түлш үйлдвэрлэж, экспортлох олон сайхан санаа, ТЭЗҮ нь бэлэн болсон төсөл байсан ч хэрэгжиж чадаагүй. Уг нь ганц, хоёр ийм төсөл хэрэгжүүлэхэд л асар их мөнгөө бидэнд тушаахад бэлэн Азийн орнууд хүлээж суугаа. Хамгийн тод жишээ нь Хятад байна. 2030 он гэхэд тус улсын хэрэгцээг хангахын тулд 8.5 триллион кВт.ц цахилгаан эрчим хүч шаардлагатай болох юм. Зөвхөн Тяньжин мужид л гэхэд 2020 он гэхэд 45 ГВт-ын хомстол бий болох төлөвтэй байгаа.

Оросууд энэ тооцоог толгойдоо сайн гэгч суулгаж аваад, Хятадад нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээгээ хэдэн арав дахин өсгөхөөр зэхэж байна. Тухайлбал, Амурын бүс нутагт орших Ерковецкий нүүрсний ордыг түшиглэн найман ГВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулж, тэндээсээ Хятад руу 800 кВ-ын хүчин чадалтай, хоёр мянган км-ын урттай цахилгаан дамжуулах шугам барих төсөл ярьж байна. Одоогоор ТЭЗҮ-ийг нь боловсруулж буй уг төсөлд 15 тэрбум ам.доллар шаардлагатай гэх тооцоо бий.

Харин бид энд Хятад руу гаргах нүүрсний хэмжээгээ яаж нэмэх вэ гэдгээ л бодсоор сууна. Уг нь бид тус улс руу нүүрс биш, цахилгаан эрчим хүч экспортолж чадвал одоогийнхоос хавьгүй их орлого олно. Эрчим хүчний салбар маань алдагдлаа биш, ашгаа тооцдог болно. Тэгээд татвар төлөгчдийн мөнгөөр эрчим хүчний компаниудад татаас өгөхөө болино. Иргэдэд борлуулах цахилгаан, дулааны үнийг нэмэх тухай ч ярих хэрэг гарахаа байна.

Д.Мөнхчимэг

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих