Зам засвар эхнээсээ үр дүн муутай байна

Нийслэлийн хэмжээнд зам засварын ажлын гүйцэтгэл 50 хувь буюу тэн хагас нь ашиглалтад ороход бэлэн болсон бөгөөд зарим ачаалал ихтэй уулзваруудыг нээжээ. Мөн Нийслэлийн авто замын газраас мэдээлж байгаагаар бага тойруугийн 20.6 км-ын засварын ажлаас өөр төвийн дүүргүүдэд зам хаахгүй аж.

Харин ирэх сараас эхлэн 22-ын товчооны 10.5 км-ын зам засварын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулж тодорхой хугацаанд тус замыг хаахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн ирэх аравдугаар сард тодорхой заасан хугацаанд багтааж, нийслэлийн авто замын засварын ажлыг бүрэн хүлээлгэн өгөх аж.

Нийслэлийн авто замын газрын хэвлэлийн төлөөлөгч н.Оюунгэрэлээс зам засварын ажил, гүйцэтгэлийн талаар тодруулга авлаа.

-Зам засварын ажил хэр ахицтай байгаа вэ?
-Нийслэлийн хэмжээнд зам засварын ажлын гүйцэтгэл 50 хувьтай явагдаж байна. Одоогоор бага тойруугийн замын засвар дуусах шатандаа явж байна. Дээрх засварын ажил дуусвал өөр зам хаахгүй.

-Төсвөөс хэдэн төгрөг гаргасан бэ?
-Нийслэлийн зам засварт 67 тэрбум төгрөг зарцуулж байгаа.

-СХД-ийн нутаг дэвсгэр таван шарт тавьсан шинэ зам эвдэрч муудсан шүү дээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Өмнө нь энэ талаар манайхаас мэдээлэл хийж байсан. Тус замыг тавьсан “Улаанбаатар зам засвар” компанийн удирдлагуудаас энэ талаар тайлбар авах ёстой. Одоо замыг буцаагаад янзалчихсан юм билээ.

-Зам засварын ажлын явцад гардаг хүндрэлтэй зүйлүүдээс дурьдвал?
-Өнгөрсөн сард усархаг бороо олон хоног орсны улмаас замын ажил түр саатсан. Гэхдээ заасан хугацаанд ашиглалтад хүлээлгэж өгөх учраас алдсан өдөр, хоногоо нөхөж ажиллаад одоогоор хэвийн үйл ажиллагаандаа орсон. Гэвч зассан замууд эргээд хагарч, муудах тохиолдол цөөнгүй гарч байгаа нь энэ онд мөн л зам засварын ажлын гүйцэтгэл зарим хэсэгт үр дүн муутай байгааг нотолж байна.

Тухайлбал, СХД-ийн нутаг дэвсгэрт “Улаанбаатар зам засвар” компанийн тавьсан шинэ зам cap хүрэлгүй эвдэрч, муудсан. Уг нь дээрх замыг шинээр тавьсан бөгөөд хучилтыг нь стандартын дагуу гүйцэтгэсэн хэмээн салбарын хүмүүс ярьж байна лээ. Харин компанийн удирдлагууд наадмын дараахан дээрх эвдэрсэн замыг засч бүрэн засч янзалсан гэж байгаа юм.

Энэ мэт зун болгон байнгын ачаалалтай байдаг замын хөдөлгөөнийг боогдуулан байж засч янзалдаг зам засварын ажил өнгө муутайхан намар хүргэдэг хандлага элбэг. Ингээд үзэхээр нийслэлийн зам засварын ажлын үр дүн ирэх хавар ямархуу өнгө төрхтэй байх нь тодорхойгүй юм. Ямар ч байсан урьд, урьдын жилүүдээ бодоход нэлээд эрт эхэлсэн зам засварын ажлын гүйцэтгэл төлөвлөсний дагуу явагдаж байгаа нь сайшаалтай ч жолооч нарын ярьж буйгаар чанарын асуудлыг нухацтай авч үзэх хэрэгтэй.

Т.Батсугар http://niigmiintoli.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих