Шинэ зөнч

Өмнөд Африкт болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Пол нэртэй наймаалж аль улс аварга болохыг зөв тааж шуугиан тарьсан. Найман тоглолт дараалан алдалгүй зөгнөж, тэмцээний дуулиантай хамт дэлхий даяар алдар нь түгсэн Пол өнгөрөгч оны аравдугаар сард харамсалтайгаар хорвоог орхисон билээ.

Гэвч хүн төрөлхтнийг гайхшруулсан амьтны ертөнцийн дараагийн зөн билэгтэн мөн л Германд тодорчээ. Шинэ зөнч тус улсын амьтны хүрээлэнгийн Нелли нэртэй заан. Тус амьтны хүрээлэнгийн ажилтны ярьснаар Нелли өнөөг хүртэл нэг ч алдаа гаргаагүй гэнэ. Хамгийн сүүлд л гэхэд саяхан болж өнгөрсөн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-д Германы баг хожигдоно гэдгийг хүмүүст урьдчилан “хэлж” чадсан гэнэ. Хагас шигшээд Герман, Япон тоглохын өмнө заан эсрэг багийн хаалганд бөмбөг оруулжээ.

Хожигдолд итгэхийг хүсээгүй хүмүүс Неллигээр ахин дахин төлөг тавиулсан ч Японы хаалганд л бөмбөг оруулсаар байсан нь энэ багийн ялалтыг зөгнөжээ. Заан энэ сарын 17-нд болсон финалын тоглолтын үеэр чадвараа дахин баталж,1 Герман хожигдохыг таасан нь Полын залгамжлагчаар тодроход хүргэжээ.

Амьтдын ирээдүйг зөгнөн мэдэх энэхүү ер бусын чадварын талаар олон баримт ам дамжин яригдахаас гадна тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтод үндэслэн бүтээсэн багаж хэрэгсэл ч урьдчилан хэлж чадахгүй байгаа байгалийн гамшгийг амьтад түвэггүй мэддэг нь батлагдсан. Үүнийг зөв ойлгож чадсан хүмүүс тухайн газар нутгаас зайлж амиа аварсан тохиолдол цөөнгүй гарч байв.

Хүн төрөлхтний түүхэнд тохиосон зургаа дахь том газар хөдлөлт 1948 оны аравдугаар сарын 5-ны шөнө Туркменистаны Ашхабад хотын ойролцоо болсон юм. Тухайн үеийн Зөвлөлтийн хүн амын 10 орчим хувь буюу I 10 мянга гаруй хүний амийг авч одсон /хожим 2007 онд тус улсын Засгийн газар амь үрэгдэгсдийн тоог 176 мянга хэмээн зарласан/ энэхүү 7.3 баллын хүчтэй газар хөдлөлтийн үеэр нэгэн гэр бүлийн нохой чанга дуугаар хуцан эздээ сэрээжээ. Хурдхан гаргахыг шавдуулах мэт сандарч мэгдэн хаалганы ойролцоо эргэлдэх нохойгоо эзэд нь гэрээсээ гаргачихаад буцаж унтахаар хэвтсэн байна.

Гэвч бяцхан найз нь буцаж гэртээ орохыг хүсэх мэт бүр ч чангаар хуцан муухай авирлажээ. Гайхсан эзэн нь нохойгоо оруулах санаатай хаалганд дөхөх үед гэрэл унтран, хүчтэй чичиргээ эхэлжээ. Энэ гэр бүл олон мянган хүний амийг авч одсон аймшигт гамшгаас нохойныхоо ачаар амьд үлдсэн гэдэг.

Амьтад зөвхөн байгалийн гамшгийг мэдрээд зогсохгүй хамт амьдрагсдадаа удахгүй тохиох үхлийг мөн мэддэг. Энэ тал дээр хамгийн зөнч нь муур. АНУ-ын Род Айланд мужийн нэгэн эмнэлэгт амьдардаг Оскар нэртэй муур удахгүй нас барах өвчтөнийг эмнэлэгийн ажилтнуудад хэлж өгдөг байв. Энэ амьтан хэн нэгний орон дор хэвтэх нь өвчтөнд цөөхөн хоног үлдсэнийг илэрхийлдэг аж.

Муур үүнээс гадна хаана бөмбөг дэлбэрэх, томоохон осол болох зэргийг баараггүй мэддэг гэж шинжээчид баталдаг. Зарим судлаач зургаа дахь мэдрэхүй амьд амьтан бүрт төрөхөөс заяадаг гэж үздэг. Тэднийхээр хүний энэ чадвар хөгжлийн явцад гээгдсэн бол амьтдад одоо ч хадгалагдсаар байгаа гэнэ.

Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих