С.Баярцогтын тухай яриа

zaluu_5510b8b039294_1Монголын улс төрд 23 настайгаасаа “чанагдсан” Сангажавын Баярцогтын тухай яриа ямагт сонирхолтой, асуудал дагуулсан, мөн нэр холбогдсон асуудалдаа хариулт өгсөн байдаг. Түүнтэй холбоотой муу яриа Оюутолгойн гэрээг байгуулснаас хойш өрнөсөн гэхэд болно. С.Баярын Засгийн газарт тэрбээр Сангийн сайд байсан. Тэр үед Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахаар гэрээ байгуулж, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нар гарын үсэг зурсан юм. Тэднээс уг гэрээний талаар дуугарч байгаа хүн нь С.Баярцогт. Тэрбээр ярихдаа хэний ч өмнө “Оюутолгойн гэрээ муу гэрээ болоогүй, та нар сайн мэдэхгүй байна” хэмээн ам тагладаг. Түүнээс өөр хэн ч Оюутолгойн гэрээг ойлгохгүй, мэдэхгүй байгаа мэт аашилдаг. УИХ-ын гишүүн С.Ганбаатартай мэтгэлцэхдээ ч үүнийгээ нотолсон. С.Баярцогтын хувьд өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо мөн л Оюутолгойн гэрээг сайн болсон тухай ярьсан.

Оюутолгойн гэрээний тухай маргаан мэтгэлцээн өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа. Ийм үед түүний хоёр дахь муу нэр бол оффшор данс. Тэрбээр оффшор дансанд 3 сая төгрөг мартаж, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй явдал нь түүний том алдаа. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрөн УИХ-ын дэд даргын албан тушаалаа сайн дураараа өгсөн. Энэ нь түүний хувьд хариуцлагаа хүлээж буй явдал гэнэ. Ардчилсан намынхан УИХ-ын 2012 оны сонгуулиар олон суудал авсны дараагаар намаас нь “шагнасан” суудал нь УИХ-ын дэд дарга. Харамсалтай нь энэ суудлаа хадгалж чадаагүй. Дансаа мартсан явдлаа тайлбарлахдаа “Хэнэггүйгээсээ болоод мартсан” хэмээдэг. Үүнийхээ төлөө ч өчигдөр ард түмнээсээ уучлал хүсье гэж байна билээ. Гэсэн ч татвараас зайлсхийж мөнгөө хадгалсан нь ил болсон энэ муу нэр хэзээ ч арилахгүй биз ээ.

Хэдийгээр тэрбээр УИХ-ын дэд даргын суудлаа өгсөн ч, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ЗГХЭГ-ын даргын албан тушаалд очсон. Хариуцлагаа хүлээсэн гэх түүний хувьд дахин албан тушаал дээр очиж буй нь хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн. С.Баярцогт дуртайдаа ч сайдын суудал дээр очоогүй гэдгээ “Цензургүй яриа”-н дээр хэлнэ лээ. Тийм шаардлага байгаа учир, төрийн ажлыг хийх гэж сайд болсон гэсэн. С.Баярцогтын тухай өрнөдөг бас нэг яриа бол Хятадын эрлийз гэх нэр. Энэ тухай тэрбээр олон ч удаа тайлбарласан. “Аав, ээж минь Монгол. Намайг Хятадын эрлийз гэсэн хүмүүс дараа нь уучлалт гуйсан” хэмээх тайлбараар тэрбээр Хятадын эрлийз биш гэж хариулав.

Залуу наснаасаа Монголын парламентад орон ажиллаж яваа улстөрчийн хувьд “Хэзээ улс төрөөс гарах гэж байна” гэх сэтгүүлчийн асуултад “Сэлэнгэчүүд хэзээ боль гэнэ тэр цагт улс төрөөс гарна” гэлээ. Түүний тухай сайн, муу олон яриа хөвөрдөг. Үүнд тэрбээр хэр барагтаа тайлбар өгөөд байдаггүй. Харин ойрын хэдэн өдөр С.Баярцогтын яриагүй хэвлэл гэж бараг үзэгдэхгүй болтол тэрбээр өөрийнхөө тухай тайлбар өгч байна. Учир нь зөвхөн С.Баярцогтод муу нэр халдаад байгаа юм биш, Монгол Улсын Засгийн газарт муу нэр нь нөлөөлөх гээд байгаа болохоор дээрх тайлбаруудыг хийж байгаагаа тэрбээр хэлсэн юм.

Ц.Цацрал

zaluu.com


URL:

Нэр: Anonymous Огноо: 16 January 2016

buudaj al

Сэтгэгдэл бичих