Хотын дарга нараар шарилж түүлгэж, утааны баг авахуулъя

Улаанбаатар хот зундаа шарилжинд, өвөлдөө утаанд дарагдсаар олон жилийн нүүрийг үзэж байна. Үүний ачаар хотоор дүүрэн ханиаж, найтаасан, харшилд дарлуулсан хүмүүс хөлхөлдөх боллоо. Иргэдийнхээ зовлон дээр бизнес хийж сурсан нийслэлийн “том, жижиг” дарга нар өвөл дөхөөд ирэхээр утааг устгах зориулалтаар хэдэн тэрбум төгрөг төсөвлүүлнэ.

Хавар болохоор “Нийслэлийг зүлэгжүүлнэ хэмээн чамлахааргүй хэдэн төгрөг төсөвлүүлдэг нь сүүлдээ энгийн үзэгдэл мэт болжээ. Гэтэл Улаанбаатарт шарилж, утаа хоёр ээлжээ хүлээн эв найрамдалтай сайхан амьдарсаар л байна. Тэгэхээр ямар ч үр дүнд хүрэхгүй байгаа ажлынхаа хариуцлагыг хотын дарга нар хүлээх ёстой. Тиймээс хотын дарга нараар хийж буй ажлыг нь үр дүнд хүртэл одооноос эхлэн Улаанбаатарын өнцөг булан бүрийн шарилжийг зулгаалгавал ямар вэ.

“Сайн чанарынх, үнэтэй худалдаж авсан гээд сайрхан телевиз болгоноор сурталчлан байж тарьсан моднууд нь ургасан бол ингэж илүү үглэхгүй л байлаа. Ажлаа хийж чадаагүй дарга нартай ингэж л хариуцлага тооцъё. Цаадуул чинь шарилж зулгаахгүй гэж цэмцгэрхэж юуны магад. “Амны хаалт, харшлын эсрэг эм авч өгье” гэж хэлнэ. Гэхдээ хариуд нь “Үгүй, хариуцлагаа хүлээж, шарилж түү” гэж хэлэх юм шүү, бүгдээрээ. Ийнхүү шарилжинд дээрэлхүүлж, дайн зарлаж байтал удахгүй өвөл болж, утаанд ээрэгдэх нь.

Хотын дарга нар маань утааг устгахад зориулж заншил ёсоороо тэрбум, тэрбумаар нь халааслах нь ойлгомжтой. Тэднийг хий дэмий юманд мөнгө үрж байхаар Улаанбаатарын иргэн бүрт утааны баг авч өг гэсэн ч яах вэ дээ. Уушгинд л утаа орохгүй байвал бусад нь хамаагүй. Жолооч нар утаанд юм харахгүй осол гаргax, хилийн дээс алхахад хувцаснаас утаа үнэртэх, нүүрс үнэд орох зэрэг энүүхэнд байна. Тэд ичихгүй бол бид ичих ёсгүй шүү дээ.

Р.Сарангоо


URL:

Сэтгэгдэл бичих