120 тонн ургац хураах хар тамхины талбай илрүүлэв

Саяхан буюу 7-р сарын 14-нд Мексик улсын Батлан хамгаалах яам тус улсын түүхэнд өмнө байгаагүй хамгийн том хэмжээний хар тамхины тариалангийн талбай олж илрүүлсэн тухай мэдэгдлийг хийжээ.
Америкийн San Diego хотын хилийн дагууд орших Tijuana хотоос урагш 240 гаруй км зайд оршдог Baja California цөлийн дундах хөрсөнд, 1.2 км хавтгай дөрвөлжин талбайд тариалсан энэ аварга том тариалангийн дээгүүр хар ногоон өнгийн торон халхавчаар халхалсан байв.

Өмнөх тохиолдлуудаас дөрөв дахин том талбай бүхий энэхүү тариалангийн дээгүүрх халхавчны талаар армийн генерал Alfonso Duarte хэлэхдээ ердийн фермерүүд ургацаа нар болон халуунаас хамгаалах үүднээс хэрэглэдэг энэ халхавчийг хэрэглэснээр хар тамхины ургамлын үнэрийг багасгаж байсан бололтой.

Мексикийн цэргүүд энэ газрыг илрүүлэхдээ яг газар дээр нь очиж байж хар тамхины тариалан болохыг мэдсэн бөгөөд 2.5 метрийн өндөртэй ургамлууд байжээ. Генерал Duarte “Бид энэ газарт ойролцоогоор 60 хүн ажиллаж байсан болов уу гэж тооцоолж байна. Цэргийн бие бүрэлдэхүүнийг хармагцаа зугтан зайлж одсон” гэсэн байна.

Зугтагсдаас цөөн хэд нь замын хаалтны ойролцоогоос баривчлагдсан гэнэ. Генерал Duarte-гийн хэлснээр хар тамхины наймаачид тус тариалангаас 120 тонн ургац хураах байсан ба энэ нь 160 сая доллартай тэнцэхүйц үнэ хүрэх байжээ.

Сүүлийн хэдэн сарын туршид Мексикийн хилийн дагуух бүс нутгуудад хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт нэмэгдсэн байдаг. Маш нарийн боловсронгуй усалгааны систем бүхий тус тариалангийн хар тамхины ургамлуудыг шатааж устгасан боловч тариалангийн талбайн жинхэнэ эзэд хэн болохыг мэдээгүй байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих