Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч асан Б.Энххуяг Анодын хэрэгт холбогдлоо

Анод” банкны хувьцаа эзэмшигчдийн хурал хоёр хоногийн өмнө болж өндөрлөсөн. Үүнтэй зэрэгцэн “Анод” банктай холбоотой хэрэг УМБГ-аас Нийслэлийн прокурорт шилжсэн тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхлэв.

Олон хүнийг хохироож, цөөнгүй албан тушаалтнууд орооцолдсон тус хэрэг прокурорт шилжсэнээр хэрэг шийдэгдэх хугацаа наашлах болов уу гэсэн горьдлого талаар өнгөрөх бололтой. Учир нь тус хэрэг эргээд мөрдөн байцаалтанд буцаагдах магадлал өндөртэй байгаа аж. Одоогийн байдлаар тус банктай холбогдох хавтаст хэрэг 36 мянган хуудаст хүрээд байгаа гэнэ. Энэ хуудасны тоог удахгүй Сангийн яамны Хуулийн хэлтсийн даргатай холбоотой асуудлууд нэмэх бололтой.

Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны дээд байгууллага болох Сангийн яамны Хуулийн хэлтсийн дарга Д.Ганбатын хууль бус үйлдлийг шалгуулахаар “Анод Банк” ХК-ний хувьцаа эзэмшигч Хохирогчдын түр хороо /АБХЭТХ/-оос АТГ-т өчигдөр албан тоот хүргүүлсэн байна. Д.Ганбатыг албан тушаалаа урвуулан ашиглаж, “Анод”-ын удирдлагуудтай хуйвалдсан гэх үндэслэлээр шалгаж өгөхийг хүссэн ажээ.

Хэрвээ энэ асуудал АТГ-аар шалгагдаад Д.Ганбат авлига авсан гэж тогтоогдвол түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, “Анод”-д холбогдох хэргийн нэг бүрэлдэхүүн нэмэгдэх юм. Сангийн яамны “Хуулийн хэлтэс”-ийн дарга Д.Ганбат нь СЗХ-оос гаргасан 2008 оны 100, 122, 124 дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлд хяналт тавьж, зөвлөлийн хурал хуралдуулах үүрэгтэй байсан ч өнөөг хүртэл үүргээ биелүүлээгүй байгаа аж.

Тэрээр нэхэмжлэл өгөөд гурван сар 20 хоног болчихоод байхад “СХЗ-ны дарга Д.Баярсайхан цагдаагийн байгууллагад Анодтой холбогдон эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа тул тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлд Хяналтын зөвлөл хуралдуулах боломжгүй байна” гэсэн тайлбар хийгээд сууж байгаа аж. Энэ бүхний ард Анодын хэргийг илрүүлэх явцыг удаашруулах, улмаар албан тушаалаа ашиглан хахууль авч, Анодын удирдлагуудтай хуйвалдсан байж болзошгүй хэмээн түүнийг ийн АТГ-т шалгаж өгөхийг хүсэж байгаа юм байна.

“Анод” банкны хэрэгт Д.Ганбатаас гадна Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг холбогдоод байгаа аж. Түүнийг “Анод”-ын хэрэгт яллагдагчаар татагдсан талаар албаны эх сурвалж мэдээлж байна. Б.Энххуяг нь Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажлыг хийж байх үедээ дампуурсан байсныг нь мэдсээр байж “Анод” ХК-аас хувьцаа арилжих зөвшөөрлийг олгох ажлын хэсэгт гар бие оролцсон хүний нэг гэнэ. Түүний энэ хууль бус үйлдлээс болж, өнөөдөр 1235 хүн хувьцаа худалдан авч, одоогийн байдлаар 9,8 тэрбум төгрөгийн хохирол амссан байгаа юм.

Ийнхүү “Анод”-ын хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа Ш.Гүр-Аранз, Н.Даваа, Энхтөр, Л.Уламбаяр нарын эгнээнд Б.Энххуяг нэгдэн орлоо. Өдгөө “Анод”-ын хэрэгт тус банкны удирдлагуудаас гадна төрийн албан хаагчид татагдан орсоор байна. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү зэрэг хүмүүсийг нэрлэж болно. Харин энэ удаад Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн суудалд сууж байсан албан тушаалтантай зэрэгцээд Сангийн яамны хэлтсийн дарга түшмэл “Анод”-н хэрэгт холбогдлоо.

“Анод”-той холбоотой хэрэг ар, араасаа цуварч, хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байсаар байвал хувьцаа эзэмшигч хохирогчдын зүгээс энэ хэргийг түргэн шийдүүлэхийн тулд Олон улсын арбитрын шүүхэд ч өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Мөн хувьцаа эзэмшигчид үндсэн мөнгөн дүнгээ хүүтэй нь нөхөн авах тухай хүртэл хэлэлцээд амжсан байна. Тэд энэхүү шийдвэрийг сая хуралдсан хувьцаа эзэмшигчдийн хурлаараа гаргасан байна.

С.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих