Төв банкны шахаа буюу 16 тэрбумын босго

Төв банкнаас арилжааны банкуудын эздэд шахалт үзүүлэхээр албан ёсоор шийдвэрээ гаргаад байна. Банкны дүрмийн сан буюу  хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь 16 тэрбумд хүрэхгүй бол, үйл ажиллагаа явуулах эрхгүй болгох агуулга бүхий  шахалт юм. Ингэж дүрмийн сангийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж байгаа нь эрсдэл дагуулах уу гэсэн асуултыг тавихад хүргэх нь аргагүй. Учир нь арилжааны банкуудын дүрмийн сан дөрвөн тэрбум төгрөг байсан 2006 онд Төв банкнаас  хоёр дахин нэмэгдүүлж, 16 тэрбумын босго тавьсан нь тэсч үлдэхийн төлөөх банкны эздийг гадныхны өвөрт ороход түлхэц болж байсан жишээ дэргэд бий. Тодорхой хэлбэл Тээвэр хөгжлийн банк энэ босгыг давахын тулд Швейцарийн иргэн В.И.Арменаас дөрвөн тэрбум төгрөг авсан биш, уруудсан байдаг.

Үр дүнд нь дэлхийн төвшинд дөхөх зорилго тавьсан ч, бодит байдал дээр  Транс гэж хувь нийлүүлэгчид нь маргалдсан,  Удирдах зөвлөлгүй, гүйцэтгэх захиралгүй, Щвейцарийн харьяат В.И.Армен гэгч орос эзэнтэй, оргож зугатсан  А.Е.Новожилов гэгч  захиралтай, тэгэхдээ мөнгө угаагаад зугатсан этгээдийн удирдаж асан банк гэгдэн цоллогдож ирсэн. Тиймээс дүрмийн санг нэмэгдүүлнэ гэдэг нэг талаас багагүй эрсдэлийг дагуулдаг шийдвэр гэсэн ойлголт бий.

Тэрчлэн  банкны дүрмийн санг нэмэгдүүлэх шаардлага улсын эдийн засагт зайлшгүй бий бол тэдгээр нь чухам юу вэ.  Ийм шахалт үзүүлж буй төв банкны зорилго юу вэ гэдэг нь анхаарал татсан асуудал. Тэгвэл Монгол банкнаас ийн тайлбар хийж байна.

Дүрмийн сангийн доод хэмжээг нэмэгдүүлж байгаа нь арилжааны банкуудыг шахах зорилготой биш гэж байна. Харин  эдийн засаг,  санхүүгийн секторыг бэхжүүлэх, сайжруулах зорилготой гэлээ.

Манай улсын банкны бизнес буюу үйлчилгээний нийт хэмжээ 7.5 их наяд төгрөгт хүрсэн нь  өнгөрсөн оны хагас жилтэй харьцуулахад 50 хувиар өссөн аж.  Нийт активын хэмжээ 50 хувиар өсөхөд зээлийн өсөлт голлох нөлөөг үзүүлсэн байна. Зээл өнгөрөгч оны мөн үеийнхээс 50 хувиар өссөн байна. Ерөнхийдөө бол банкны зуучлах үйл ажиллагаа илүү сайжирч байгаа дүр зурагтай байгаа аж. Гол нь зээл өгнө гэдэг нь эх үүсвэр хангалттай байх ёстой. Эх үүсвэр нь харилцах хадгаламжаараа өсдөг ёстой. Тэр жишгээр энэ хугацаанд  60 хувь өссөн байна. Тэгэхээр нэг талаас зээлийн эх үүсвэрийг гол бүрдүүлэгч харилцах хадгаламж өсөөд байгаагийн нөгөө талд дүрмийн санг нэмэгдүүлэх шаардлага гарсаныг дараах байдлаар тайлбарлаж байгаа юм.

Банк зээлдэгчид 100 төгрөгний зээл өглөө гэхэд  85 төгрөгийг нь харилцагчийнхаа мөнгөөр,  15-ыг нь өөрийнхөө мөнгөнөөс гаргаж өгдөг байна. Зээлийг нэмэгдүүлэхэд харилцагчийн мөнгө байхаас гадна банкны эздийн өөрсдийнх нь мөнгө бас оролцоо байх ёстой. Хадгаламж эзэмшигчид банкинд итгээд их мөнгөний эх үүсвэр бэлдэж өгч байхад банкны эздийн зүгээс оролцоогоо нэмэгдүүлэх ёстой гэсэн шаардлагыг Монгол банкнаас тавьж байгаа аж. Тиймээс  дүрмийн сангийн доод хэмжээг нэмэгдүүлэх цаг нь болсон гэж байгаа юм.

Тэрдундаа дүрмийн сангаа нэмэгдүүлэх шаардлага голчлон тавигдаж байгаа банк 7 байгаа гэж байна. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь  8 тэрбум байгаа банкуудад 2 дахин нэмэгдүүлэх шаардлага ийн тулгараад байгаа бол  10, 12 тэрбумын дүрмийн сантай банкууд ч бий гэнэ. Тэдний тухайд хуримтлагдсан ашгаасаа 4 юм уу, 6 тэрбумыг оруулахад ихээхэн ноцтой хүндрэл үүсэхгүй гэсэн зүйлийг хэлж байна.

Тэгэхээр Монголын арилжааны банкууд тийм их ашигтай ажиллаад байгаа юу гэсэн асуулт байна.  Тэгвэл сүүлийн  2-3 жил ашиг олоод хуваарилаагүй хадгалагдаж байсан арилжааны банкуудад боломж бий гэж төв банкны зүгээс мэдэгдэж байна.  Хуримтлагдсан ашиг нь  270-аад тэрбум төгрөг байгаа тул үүнээсээ дүрмийн сан руугаа орох боломжтой. Одоогийн байгаа дүрмийн сан 280 орчим тэрбум гэхээр нийтдээ 500-гаад тэрбум төгрөг байгаа нь  дахиж өсөх боломжууд банкуудад байгаа гэж харагдаад байгаа аж.

Мэдээж шахах бас нэг үндсэн шалтгаан бий.  Манайх шиг эдийн засгийн багтаамж жижигтэй,  санхүүгийн сектор нь доголон улсад  14 банк гэдэг томдоод байгаа. Өрсөлдөөн ч  ширүүн байгаа учраас  төвлөрөл  явагдах шаардлага тавигдаж байгаа аж. Банк томрох хэрээр зээлийн хэмжээ өсч, харилцагчийн шаардлагыг биеүүлэх боломж өндөрсөх аж. Гэхдээ нэг талаас уул уурхайн салбартай холбоотойгоор эдийн засаг томорч, ДНБ-ий хэмжээ жилдээ 10- аас илүү хувиар өсөх прогнозтой байхад, банкны үйлчилгээ эдийн засгийнхаа өсөлтийг дийлж чадахгүй болох вий гэсэн болгоомжлол байна. Хэрэв тийм байвал  энэ орон зайг гадны банкууд бөглөнө. Тиймээс дотоодын банкуудын эздээ шахахаас өөр аргагүй байгаа гээд байгаа юм. Гэтэл 2006 онд дүрмийн сангийн доод хэмжээг нэмэгдүүлсэн нь гадныхантай  хамтрах замыг заасан байдаг жишээг дээр өгүүлсэн билээ. Тэрчлэн шахаанд орсон банкны эзэд боломжтой, боломжгүй янз бүр л байгаа.

Тиймээс өөр хөрөнгө оруулагчийг хайх шаардлага гарна. Тэгэхдээ  төв банкны шахаа өөр хөрөнгө оруулагчийг хайсан нь дээр үү, өөртэйгөө ижил төстэй банктайгаа нийлсэн нь дээр үү гэдэг сонголтыг тулгаж байгааг дуулгая. Ийн тулгаж буй төв банкны зүгээс 13 оны тавдугаар сарын 1-нийг хүртэл ашигтай сайн ажиллаж, 16 тэрбумтнууд болохыг нийт арилжааны банкуудаасаа хүсч байгааг бас дуулгая.

Эцэст нь дүрмийн сангийн нэмэгдэлтэй холбоотой түүхээс хүргэхэд 1991 онд банкны тухай хууль батлагдсанаар банкны дүрмийн сангийн доод хэмжээг 50.0 сая төгрөг байхаар тогтоосон бол 1995 онд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, дүрмийн сангийн доод хэмжээг 400 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн.  1999 онд дээрх хуульд нэмэлт өөрчлөлт орж, дүрмийн сангийн доод хэмжээг Монгол банкны Ерөнхийлөгч тогтоож байхаар өөрчлөн найруулснаар Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар банкны дүрмийн сангийн доод хэмжээг  2.0 тэрбум төгрөг, 2001 онд 4.0 тэрбум төгрөг байхаар тус тус тогтоож байсан. Сүүлд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 оны 03 дугаар сарын 31-ны өдөр гэхэд банкуудын дүрмийн сангийн доод хэмжээ 8.0 тэрбум төгрөг байхаар тогтоосноос хойш өөрчлөлт ороогүй байна. Банкны системийн дүрмийн сангийн дундаж хэмжээ  энэ оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 19.7 тэрбум төгрөгт хүрчээ.

Э.Болор


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.