Эрх мэдлээр дамжин эд хөрөнгө рүү тэмүүлэх шунал хаана хүргэнэ вэ? /цуврал нийтлэл-1/

tatar-ajillagaa-bagЭрх мэдэл хүнийг эвддэг гэдэг. Албан тушаалд анх очихдоо ард иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээ  илэрхийлж байсан хүмүүс хэсэг хугацааны дараа өөр бодол, өөр итгэл үнэмшилтэй болох нь  бий. Түүгээр ч зогсохгүй өөр хоорондоо хуйвалдан нэгдэж, эрх мэдлээр сүр далайлан  “хор найруулж” амин хувьдаа ашиг хонжоо олохыг илүүд үзэх нь өнөөгийн манай төр засгийн “хэвшмэл” дүр зураг болсон гэлтэй. Дээр нь халаас хоосон  хүмүүс эрх мэдэлд хүрэхээрээ түүнийг  мөнгө олох арга гэж ойлгодог юм болов уу хэмээр хандлага бас байсаар байна.

Ийм үйл явдал Налайх дүүргийг дайрчээ. Өдгөө дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа Х.Болдбаатар гэх эрхэм 2014 оны орон нутгийн сонгуулиас дүүргийнхээ орон сууцны газар ажилладаг, дундаж амьдралтай нэгэн байснаа, Засаг дарга болсныхоо дараа гэнэтхэн л  хөрөнгөжөөд эхлэжээ. Хувьдаа ямар нэгэн бизнес эрхэлдэггүй тэрээр  өөрөө Ланд-200, эхнэр нь Сузуки Витара маркийн жийп, хүү нь  Марк 2 суудлын автомашин унах болж, гэр  хороололоос орон сууцанд нүүн орж амьдрах болсон нь албан тушаалаа урвуулан ашигласан   гэж  Налайхчууд  хардахад хүргэжээ. Төд удалгүй Налайхчуудын энэхүү хардлага бодитой болох нь мэдэгдсэн байна.

Х.Болбаатар  дарга, өөрийн орлогч Ч.Одонхүү, зөвлөх Оч.Ганболд нартай хамтран  Налайх дүүрэгт хэрэгжих тендерт оролцогчдоос  авлига авах,  тендерийн мөнгөн дүнгээс хувь тооцох, тендер ажил албыг хувьдаа хөрөнгө мөнгө хавьших арга хэрэгсэл болгодог байсан төдийгүй үүнийгээ тэд “Татар ажиллагаа” гэж нэрлэдэг байсан тухай яриа чих дэлслээ. Түүгээр барахгүй Засаг дарга Х.Болдбаатар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн гаргасан Нийслэлийн нутаг дэвсгэрт элсний карерийн үйл ажиллагаа явуулахыг  хориглосон шийдвэрийг зөрчин дүүргийнхээ  нутаг дэвсгэрд Элсний карер ажиллуулах зөвшөөрөл өгсөн байна. Үүний цаана авлига, хахуулийн асуудал нуугдаж байгаа  нь хэн бүхэнд ойлгомжтой.

Х.Болдбаатар даргын гаргасан хамгийн ноцтой гэмээр алдаа  нь тэрээр иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргасанд байгаа гэнэ. Тэрээр 2 жилийн өмнө Налайх дүүрэгт  гар аргаар нүүрс олборлохыг хориглох  шийдвэрийг гаргаж, нүүрс ухаж амьдралаа зогоодог олон иргэдийг ажилгүй, орлого болгосон атлаа, зөвхөн өөрийн болон  өөртэй нь үгсэн хуйвалдсан цөөн хэдэн компанидаа нүүрс олборлох зөвшөөрөл өгч,  монополь байдал тогтоон, дүүргийн төсөвт 2.5-3.0  тэрбум төгрөгийн их хэмжээний  хохирол учруулжээ.

Засаг дарга Х.Болдбаатарын баруун гарын “хүн”,  Байгаль орчин, экологи хариуцсан орлогч Ч.Одонхүү гэх эрхэм байгаль орчин хамгаалахаасаа илүүтэй хохироохыг илүүд үздэг бололтой. Ч.Одонхүү Налайх дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг тоосго, төмрийн үйлдвэрийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж,  байгаль орчинд ээлтэй  үйлдвэрлэл явуулахыг үйлдвэрлэл эрхлэгчдээс шаардахын оронд тэднээс хууль бусаар “рент”, эсвэл хувьдаа тоосго авч, байгаль орчны асуудлыг үл тоомсорлож орхигдуулах болсноор дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа энэ чиглэлийн үйлдвэрүүд байгаль орчны болон аюулгүй ажиллагааны анхан шатны журмыг хангаж ажилладаггүй гэсэн гомдол тасардаггүй гэнэ билээ.

Ямартай ч Налайхын Засаг дарга Х.Болдбаатар та түүний команд болох  Засаг даргын орлогч Ч.Одонхүү, Оч.Ганболд, дүүргийн  ИТХ-ын төлөөлөгч, “Ундрах дөл” ХХК-ийн захирал М.Дашхүү,  мөн дүүргийн  ИТХ-ын төлөөлөгч, Дулааны цахилгаан станцын захирал М.Өсөхбаяр нарын  үгсэн хуйвалдаж, төрийн албыг хөрөнгө мөнгө завших арга болгосон  “Татар ажиллаагаа” нь эхнээсээ илчлэгдэж шүүх цагдаагийн байгууллагын хаалга татахдаа тулаад байгаа ажээ. Өдгөө тэдний энэ хэргийн мөрөөр  АТГ болонЦагдаагийн ерөнхий газрын  зохион байгуулалттай гэмт хэрэгтэй  тэмцэх хэлтсийнхэн хэдийнэ орж, Х.Болдбаатар  нарын хүмүүст Эрүүгийн хуулийн авлигийн болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх  зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж  эхлэсэн гэдгийг эх сурвалжууд онцлож байна.

Одоо хууль, шүүхийн байгууллагынхан  хэрхэн шударга ажиллаж, Налайх дүүргийг хохиролгүй болгох вэ гэдэг асуудлыг харах нь үлдлээ.

Эрх мэдлээр дамжин эд хөрөнгө  рүү тэмүүлэх шунал хаана хүргэнэ вэ? цуврал нийтлэлийн эхний дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн нийтлэлээрээ бид  Засаг дарга Х.Болдбаатар, ИТХ-ын төлөөлөгч  М.Дашхүү нарын хуйвалдаанаас Налайх дүүргийн жирийн иргэнд, уурхайчид хэрхэн хохирсон, дүүрэгт  ямар хэмжээний хохирол учирсэн тухай мэдээллийг  баримтанд түшиглэн илчлэх болно.

 

Ц.Мөнх

Эх сурвалж: www.dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих