Монгол Улс гадаадад 4,1 тэрбум ам.долларын өртэй

Монголбанкнаас Монгол Улсын гадаад өрийн тойм, гадаад хөрөнгө оруулалтын позицийн тайланг анх удаа нийтэд дэлгэн мэдээллээ.
Төв банкны өгч буй мэдээллээр манай улсын төлбөрийн тэнцлийн 2011 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр урсгал тэнцлийн алдагдал 925 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.6 дахин өссөн бол хөрөнгө, санхүүгийн тэнцлийн ашиг 1431 сая ам.доллар буюу 2.8 дахин өсөөд байгаа юм байна. Нийт төлбөрийн тэнцэл 220 сая ам.долларын ашигтай гарчээ.
Албан ёсны статистикт дурдсанаар энэ оны эхний улирлын байдлаар Монгол улсын гадаад актив 3.3 тэрбум, гадаад пассив 9.7 тэрбум, үүнээс гадаад өр 4.1 тэрбум ам.долларт тус тус хүрсэн байна. Гэхдээ энэ нь дан зээл бус арилжааны банкуудад байршуулсан гадаадын иргэн, аж ахуйн нэгжийн хадгаламжаас мөн бүрдэж байгаа талаар Монголбанкнаас тайлбарлаж байв.

Гадаад худалдааны нөхцлийн индекс өнгөрөгч зургадугаар сарын эцсийн байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 17.5%-иар буурсан бөгөөд энэ нь импортын үнийн индекс нь экспортынхоос илүү хурдацтай өсч байгааг харуулж буй аж. Импортын хувьд уул уурхайг дагаад тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хамгийн өндөр үзүүлэлттэй гарч байгаа юм байна.
Монголбанкнаас зарласан ам.долларын төгрөгтэй харьцах ханш оны эхнээс 0.5 хувиар чангарч, мөн хугацааны өдрийн дундаж хэлбэлзэл 0.26 хувьтай байжээ.
Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 2.5 тэрбум ам.доллартай тэнцүү байгаа бол энэ сарын 26-ны өдрийн байдлаар нийт 1409 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 440.5 кг-аар буюу 1.4 дахин нэмэгджээ.
Н.Туяа
МОНЦАМЭ

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.