Д.Бямбадорж: Эх орондоо эрч хү авах гэж ирдэг

Японы мэргэжлийн сумогийн нагоя башёд 14 давж түрүүлсэн озэки Харума-фүжи Д.Бямбадорж эх орондоо ирээд байна. Тэрбээр найм дараалан ялж сумогийн түүхэнд дээд амжилт тогтоохын төлөө барилдсан их аварга Хакухо М .Даваажаргалыг тэмцээний 14 дэх өдөр давсан юм.

Харумафүжи Д.Бямбадоржийг өчигдөр БТСГ-ын удирдлагууд хүлээн авч, баяр хүргэх үеэр цөөн асуултад хариулт авсан юм.

-Та Японы мэргэжлийн сумод 2009 оны тавдугаар сарын башёд түрүүлснээсээ хойш хоёр дахь түрүүгээ авлаа. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Үнэхээр баяртай байна. Арслан цол хүртсэнээс хойш бэлтгэлээ сайн базаасан. Ард түмнийхээ буян хишиг, ахан дүүсийнхээ дэмжлэгээр бэртлээ эдгээгээд энэ сарын барилдаанд хоёр дахь түрүүгээ авлаа. Энэ түрүүг би өөрийн гэхээсээ ямар ч үед намайг түшиж, тулж ирсэн ард олны минь буян гэж бодож байна. Өмнөх башёнуудын адил бүх өрсөлдөгч хүчтэй байлаа. Хамгийн их бодож, сэтгэл зовниж байсан барилдаан бол их аварга Хакухо М.Даваажаргалтай хийсэн барилдаан байсан.

-Хакухотой барилдахын өмнө их аварга Асашёорюү Д.Дагвадорж Танд амжилт хүссэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Дагваа аваргатай би жүдогийн секцэнд хамт явдаг байсан. Дагваа ах намайг төрсөн дүүгээс ялгаагүй хайрлаж, дэмжиж, сургадаг. Энэ утгаараа барилдах өдрийн өмнө “Битгий сэтгэл санаагаа зовоогоорой, ялсан ч, ялагдсан ч дараа нь харамсахааргүй барилдаарай” гэж захисан.

-Нагоя башёд түрүүлсний дараа Сумогийн холбооноос ирэх башёд түрүүлэх буюу түрүүлэх хэмжээний өрёөлдөөн үзүүлбэл аварга цол олгоно гэдгээ мэдэгдсэн. Энэ мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?
-Хүн болгонд ийм сайхан боломж олдохгүй. Тиймээс үх хүчээ шавхан боломжийг атгаж авахыг хичээнэ.

-Эх орондоо хэр удах вэ?
-Барилдсаныхаа дараа эх орондоо эрч хүч авах гэж ирдэг. Хөдөө явж, эрч хүч сэлбэснийхээ дараа илүү амжилттай барилдана.

-Сүүлийн жилүүдэд Таны амжилтад нөлөөлөх болсон бэртэл бүрэн эдгэсэн үү?

-Спортын хүнийг бэртэл гэмтэл найз шиг нь дагаж явдаг. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард баруун хөлийн шагайгаа гэмтээсэн. Одоо л гайгүй болж байгаа.

-Эзэн хааны цомыг таван удаа хүртсэн озэки Каёо зодог тайлж, Та ганцаараа арслан цолтой барилдлаа. Япон бөхчүүдээс озэки цол хүртэх магадлалтай бөхийг нэрлэхгүй юу?
-Кесеносато, Котошёогикүг сайн бөх гэж боддог. Удахгүй өндөр цолонд хүрнэ гэж итгэж байна.

-Найрааны хэргээр олон сумоч зодог тайлсан нь башёд нөлөөлсөн үү?
-Сумог дэмждэг хүн болгоныг цочирдолд оруулсан хэрэг болсон. Би сумочдыг гүтгэгдсэн гэж бодож байгаа. Бөхчүүд сумог орхихдоо “Бид Сумогийн холбооны төлөө золиосонд гаръя” гэж хэлээд үсээ тайрч байсан. Чин сэтгэлээсээ харамссан дааг Үлдсэн бөхчүүдийн хувьд сумогийн нэр хүндийг дахин сэргээхийн төлөө уран дайчин барилдах ёстой. Японд аймшигтай газар хөдлөлт болсон. Бидний барилдааныг үзээд хүмүүс амьдрах итгэл, хийж бүтээх урам зоригтой болох учраас сайн барилдах үүрэгтэй юм.

М.Хангал

Эх сурвалж: “Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.