Хавар цаг хаяанд ирсэн ч тариаланчид тариалах үргүй байна

6c9902481d7b4ecb35c2caa930e1b8aa

Монголын тариаланчдын зөвлөгөөн 3 сарын 24-нд Дархан-Уул аймагт боллоо. Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооноос зохион байгуулж буй уг зөвлөгөөнөөр тариаланчдын өмнө тулгамдаж буй нэн чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрээ гаргасан юм. Зөвлөгөөнд газар тариалан эрхэлдэг 260 гаруй компаний төлөөлөл оролцож, тулгамдсан асуудлаа ярилцлаа. Импортын будааг их хэмжээгээр оруулж ирж байгаа, мөн  тариаланчид 10 хувиас ихгүй газар тариалалт явуулахгүй гэсэн ХХААЯ-ны сайдын шийдвэр нь дотоодын үйлдвэрлэлээ унагааж байгаа үйлдэл гэж тэд үзэж байна. Хавар цаг хаяанд ирсэн хэдий ч тариаланчид тариалах үргүй байна. Тариаланчдын гар дээр 5000 тонн үр тарианы нөөц байгаа бөгөөд 46000 тонн үр тариа байгаа гэсэн мэдээлэл нь ташуу болохыг холбооныхон мэдэгдлээ. Тариаланчид үр тариагаа гурилын үйлдвэрүүдэд өгөөд 50 гаруй тэрбум төгрөгөө авч чадаагүйн улмаас хаврын тариалалт эхлэхэд хүндрэл учраад байгаа аж. Тэд салбарын сайддаа хандаж, улаан буудайн үнийг ил тод зарлах, урамшууллыг мэдээлж байх, далдуур импортын будааг оруулахыг зогсоох, нөөц будааныхаа хувийг тооцож үлдсэн хувьд нь дотоодын хэрэглээг хангах будааг имплортлое гэсэн мэдэгдэл шийдвэрээ гаргалаа. Газар тариалангийн чиглэлээр явуулж байгаа ХХААЯ-ны сайдын бодлого шийдвэр үйл ажиллагаа нь тариаланчдын эсрэг байгаа учир тэд цаашид н.Бурмаа сайдтай хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлж байсан юм. ХХААЯ-ны сайд монголынхоо хөрсөнд ургуулсан цавуулаг сайтай будааны оронд ОХУ-аас хаягдал будаа оруулж ирж байгааг юу гэж ойлгох вэ? Монголын тариаланчдын мөнгийг ОХУ-аас будаа авахад зарцуулсан ХХААЯ-ны сайдын үйлдэл нь ганц нэг хүний эрх ашгийн төлөө үндэснийхээ үйлдвэрлэлийг унагааж байгаа ноцтой асуудал гэж тэд үзлээ. Зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг тэд салбарын сайддаа хүргүүлэх юм байна.

Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооны ерөнхийлөгч Л. Цандэлэг:

Тариаланчдын эрх ашгийг уландаа гишгэж бидний эсрэг зогсож байгааг нийт тариаланчид эсэргүүцэж байна.

 

-Та холбооныхоо үйл ажиллагааг танилцуулаач.

Манай холбоо тариаланчдын хоорондоо хамтран ажиллах, нөхцөл бололцоог бүрдүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулагдсан, өдгөө 3дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Манай холбоо 140-150 мянган тонн үр будаа тариалдаг. Тариаланчид өнөөдөр дуу хоолойгоо нэгтгэж тулгамдсан асуудлаа ярилцлаа.

-ХХААЯ-ны сайд Монголын тариаланчдаа дэмжихгүй, импортоор их хэмжээний будаа оруулж ирж байгаа талаар саяын зөвлөгөөнөөр ярилаа. Үүнийг тодруулахгүй юу?

12 сарын 31-нд Бурмаа сайд импортын будаа оруулж ирэх тушаал гаргаж ОХУ-аас 30 гаруй тонн будаа оруулж ирсэн. Шалтгааныг нь асуухад монголын будаа цавуулаг муутай гээд байгаа. Гэтэл шинжилгээгээр ОХУ-аас оруулж ирсэн будаа 22 хувийн чанартай, 25 хувийн цавуулагтай гэсэн дүгнэлт гарсан. Монгол будаа 29 хувийн цавуулагтай байна. Ийм байхад салбарын сайд, “Улаанбаатар гурил” ХХК-ийн захирал Баатархүүтэй үгсэн ОХУ-аас будаа импортолж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Сүүлийн 7 жилд тендэр маягаар 790 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг тариаланчдад шахсан. Гурилын үйлдвэрээс будааны мөнгө болох 50 гаруй тэрбум төгрөгийг авч чадахгүй байгаа учир тариаланчид банкинд 2тэрбум төгрөгийн хүү төлж мөнгө зээлэн ажлаа явуулж байна. ХХААЯ улаан буудайны үнийг тодорхой болгож мэдээлэх шаардлагатай юм. Манай тариаланчид сая зөвлөлдөөд улаан буудайн үнийг ил тод зарлах, урамшууллыг мэдээлж байх, далдуур импортын будааг оруулахыг зогсоох, нөөц будааныхаа хувийг тооцож үлдсэн хувьд нь дотоодын хэрэглээг хангах будааг имплортлое гэсэн мэдэгдэл шийдвэрээ гаргалаа. ХХААЯ-ны сайд дотооддоо 50 хувийн тариалалт хийсэн мэт буруу ташаа мэдээллүүдийг хэвлэл мэдээллээр өгч байгаа нь ор үндэсгүй худал мэдээлэл болохыг манай тариаланчдын холбоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би салбарынхаа сайдын хамт энэ асуудлаар ерөнхий сайд дээр орж уулзахад “Чи амаа хамхи” гэх мэтээр ёс бус аашилж удирдагч хүнд баймгүй ааш аяг гаргаж байсан. Ер нь манай тариаланчид мэргэжлийн хүнээр салбараа удирдуулахыг уриалж байна. Энэ салбарын талаар огт ойлголтгүй хүнийг ажилд томилсноос тариаланчдын эрх ашгийг уландаа гишгэж бидний эсрэг зогсож байгааг нийт тариаланчид эсэргүүцэж байна.

-Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын тариаланч н.Амар:

Тариаланчдынхаа дуу хоолойг төр засгийн өндөрлөгт хүргэх боломж олгосон  Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбоонд баярлаж байна. Бид холбоо байгуулснаас хойш үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй болсон. Бид хатуу ширүүн уур амьсгалд ажилладаг. Гурил хомсдолтой байсан үед бид тарианыхаа үнийг нэмээгүй. Махны үнэ 10.000 хүрээд байхад тариаланч бидний бүтээгдэхүүний үнэ нэмэгддэггүй. Бид тариа тарихад үр будаа, бензин тос нь алга. Салбарын сайд тариаланчдынхаа төлөө ажиллахгүй байна.

-Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын тариаланч н.Энхболд:

Сайд аа!  Та тариаланчдыг шалгаад шалгалтынхаа үр дүнг яагаад зарлахгүй байгаа юм бэ?

190.000 тонн будаа нөөцөд байна гэсэн судалгаа байна. Ийм үед та яагаад импортын будааг оруулахаа зогсоохгүй байгаа юм бэ? Үнэ нь тодорхой бус учир тариаланчид тариагаа тарих эсэхээ мэдэхгүй байна. Тариагаа яаж тарих вэ,? банк зээл өгөх болов уу? Борлуулчихаад гурилын үйлдвэрээс мөнгөө яаж олж авах вэ? гэдэг олон тулгамдсан асуудал байна.

дархантаймс.ком


URL:

Сэтгэгдэл бичих