Шүүхийн байгууллагын толгой эргүүлсэн тойргийн тогтолцоо

zaluu_5519febd8fd68_1Хуулийн байгууллагын шинэчлэлийг эхлүүлж, сайн муугаар олонтаа хэлүүлж буй хүн бол Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин. Тэгвэл түүний хийсэн томоохон шинэчлэлийн нэг бол шүүх байгууллагын тогтолцоо юм. Шүүхийн тогтолцоог тойргийн системд шилжүүлж өнгөрсөн жилүүдэд хэрэгжиж байсан тогтолцоог бүтцээр нь өөрчилсөн хуулийн төслийг УИХ-аар батлуулсан.

Тодруулбал Энэ хуулийг ШЕЗ олон жилийн дадлага туршлага, хийсэн ажлын үр дүнгээ ярилцаж байгаад ийм системээр шүүхийг байгуулах нь хэрэгтэй юм байна гэсэн саналаа оруулж ирсэн. Ерөнхийдөө манай улсын бүсчилсэн хөгжлийн баримтлал, эдийн засаг, нягтаршил, гэмт хэргийн байдал гээд бүх зүйлийг судалж үзсэн. Хамгийн гол нь дэлхий нийтийн жишиг хандлага ямар байна гэдгийг үндэслэлээд шүүхийг тойргийн системээр байгуулах нь зөв юм байна гэсэн саналыг гаргасан байдаг.

Гэвч уг хуулийн төслийг баталсан цагаас эхлүүлэн олон хүмүүс эсэргүүцэж байлаа. Учир нь давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар буюу хоёр, гурван аймгийн дунд байгуулсан. Дүүргийн иргэний болон, эрүүгийн хэргийн шүүхийг дүүрэг дундын байдлаар зохион байгуулсан. Хуулчид энэхүү зохион байгуулалтыг иргэдэд ихээхэн чирэгдэл учруулсан буруу шийдвэр хэмээн тайлбарлаж байв. Учир нь давж заалдах шатны шүүх хуралд оролцохын тулд заавал өөр аймаг руу явах шаардлага гарч байгаа юм. Энэ нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн хуулчид нэлээдгүй маргалдсан.

Тойргийн шүүх болгосон асуудлаар хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандсан. Харин Үндсэн хуулийн цэцээс ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн шүүхийг хуучин хэвэнд нь оруулах шийдвэр гаргасан юм.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсантай холбогдуулан ШЕЗ-өөс шүүхүүдээс санал хураалт явуулахад 80 гаруй хувь нь тойргийн шүүхийн системийг хэвээр үлдээе, харин нэршлийг нь өөрчлөе гэсэн саналд нэгджээ. Энэхүү саналыг ШЕЗ-өөс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлээд байгаа юм.

Энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэх чухал асуудлуудын нэг нь шүүх байгууллагын тогтолцоо байлаа. Гэвч шүүхийн байгууллагын дээд газар нь тойргийн системийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд байна. Чуулганаар хэлэлцэх эсэх нь тун удахгүй тодорхой болно.

Ер нь хуулийн байгууллагад маш олон шинэчлэл хийгдсэн. Тэрхүү шинэчлэл нь шинэ сайд гарч ирээд өөрчлөөд байх нь учир дутагдалтай. Ядаж тэрхүү шинэчлэлийг хийсэн хөрөнгө мөнгөнөөс авахуулаад үргүй зардал маш их гаргана. Мөн тойргийн болгож өөрчлөснөөр ажилчин албан хаагчдын ажлын байранд өөрчлөлт орсон. Хэрвээ тойргийн системийг өөрчлөхөөр болвол дахиад л ажлын байр өөрчлөгдөж, халаа сэлгээ үргэлжлэх болно.

Г.Бат

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих