Ц.Оюунгэрэл: Байгууллага бүр хог хаягдлыг дахивар бүтээгдэхүүн болгох талаар хуульд оруулна

4-2-13a1_700x700

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нар бусад гишүүдтэй хамтран Хог хаягдлын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж байгаа билээ. Хуулийн төсөлд иргэдийн саналыг тусгахаар Ц.Оюунгэрэл гишүүн Багахангай дүүрэг болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй цэвэрлэх байгууламжуудтай газар дээр нь  танилцсан юм.  Уулзалтын эхэнд дүүргийн ЗДТГ-ын ажилчдын санал, тулгамдаж байгаа асуудлыг сонсов. Энэ үеэр Багахангай дүүргийн ЗДТГ-ын ажилчид тусгай хэрэгцээний газарт олон жил хуримтлагдсан аюултай хог хаягдлыг булах газрын байршлыг тогтоож өгөх, өмнө нь цэргийн анги байсан газруудын сум галт хэрэгслийг устгах мэргэжлийн байгууллагад тусгай зөвшөөрөл өгөх зэргийг хуульд тусгах санал гаргав. Мөн аймаг сум, дүүрэгт аюултай хог хаягдлыг ангилж, ялгаж устгадаг ажилтны орон тоог бий болгох хүсэлт тавилаа. Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төсөлд  хот, тосгон бусад газар болон аялал жуулчлалын орчин, замын дагуу хог хаях байршлыг тогтоох эрх бүхий албан тушаалтанг томилох юм байна. Мөн иргэн, өрх аж ахуйн нэгж байгууллагын хог хаях цэг, түүнд хаягдал болон дахивар хүлээн авах савыг байрлуулах талаар тусгажээ. Ингэснээр иргэд, аж ахуй нэгж, байгууллага хогийг ил задгай, зөвшөөрөлгүй газар хаях явдал буурна гэж үзэж байгаа аж.

Багахангай дїїрэгт байрлах “Алтан оршихуй” компанийн “Ахуйн мандал” дахиварын їйлдвэрээр орлоо.

Дараа нь Ц.Оюунгэрэл гишүүн “Хангай” цогцолбор сургууль, 44, 207 дугаар цэцэрлэг, Эрүүл мэндийн төвийнхөнтэй уулзаж хуулийн төслийг танилцуулж,тулгамдаж буй асуудлыг нь сонсов. Сургууль, цэцэрлэгийн ажилчид хуулийн төсөлд шинээр нэмж  байгаа байгаль орчны хамрах хүрээ, үндэсний байгаль орчны төлөвлөгөө, энэ чиглэлээр боловсрол олгох байгууллагын эрх үүргийг тодорхойлж өгсөн “Байгаль орчны боловсрол” гэсэн бүлгийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Энэ үеэр “Хангай” цогцолбор сургуулийн захирал А.Сүхболд “Дүүрэг бүр боловсролын хэлтэстэй байна гэж хуульд заасан хэрнээ манай дүүрэг Налайхаар дамжуулж Нийслэлийн боловсролын газартай харилцдаг нь чирэгдэл учруулж байна. Мөн сургуулийн төсөвт багш, ажилчны томилолтын зардлыг 4500 төгрөгөөр тооцож суулгаж байгаа нь хотоос алслагдсан дүүргийн хувьд хүрэлцэхгүй. Нийслэл болон орон нутгийн багш нарт олгодог унаа, хоолны зардал, цалингийн арван хувийн нэмэгдэл, таван жил ажиллаад авдаг зургаан сарын цалинтай тэнцэх мөнгө зэрэг нь Налайх, Багануур, манай дүүрэг гуравт л олддоггүй. Багш нарын үр дүнгийн урамшуулал 50 хувиар дутуу батлагдаж ирж байна. Эдгээр асуудлыг холбогдох газар нь уламжилж шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэлээ. Харин эрүүл мэндийн төвийн хувьд эмнэлгийн барилгын даацын хана цуурч  актлагдсан учраас цаашид ажиллах боломжгүй, эмнэлгийн хог хаягдлыг стандартын дагуу устгаж чадахгүй байгаа зэрэг асуудлууд байгаа юм байна.

Ц.Оюунгэрэл гишүүн “Хангай” цогцолбор сургууль, 44, 207 дугаар цэцэрлэг, Эрүүл мэндийн төвийнхөнтэй уулзаж хуулийн төслийг танилцуулж,тулгамдаж буй асуудлыг нь сонсов.

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энгийн болон үйлдвэр, ахуйн гаралтай олон нэр төрлийн хортой, аюултай хог хаягдлыг хаях, зайлуулах  журам нэг байсныг өөрчилж, тусад нь журамласнаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгаж, түүнийг дахин ашиглах, дахин боловсруулахад дөхөм болно гэж үзэж байгаа аж. Тиймээс Багахангай дүүрэгт байрлах “Алтан оршихуй” компанийн “Ахуйн мандал” дахиварын үйлдвэрээр орлоо. Тус үйлдвэр бидний хэлдгээр ажилласан маслыг дахин боловсруулж дизель түлш гаргаж авдаг байна. Түүхий эдээ уул уурхайн компаниудаас гэрээгээр авч өдөрт 2-3 тонн дизель түлш үйлдвэрлэдэг бөгөөд байгальд ээлтэй нано технологиор боловсруулж импортыг орлох сайн чанарын бүтээгдэхүүн гаргаж авахад хог хаягдал гардаггүй гэв. Үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Баттогтох хэлэхдээ “Манай үйлдвэрийн үйл ажиллагаа эхлээд хоёр жил болж байгаа. Одоогоор 30 гаруй ажилчинтай. Уул уурхайн компаниудаас литр ажилласан тосыг 350 төгрөгөөр авч эцсийн бүтээгдэхүүн болгоод 1500 төгрөгөөр зардаг ч тээвэрлэлтийн зардал, ажилчдын цалин, цахилгаан, шат дамжлага гээд ашиг тийм ч их биш. Уул уурхайн компаниуд болон Төв аймгийн Баян суманд байдаг түгээх цэгээрээ дамжуулж борлуулж байна. Хямрал гээд борлуулалт тааруу  байна”  гэсэн юм.

Урьдчилан цэвэрлэх байгууламж нь арьс ширний үйлдвэрүүдийн бохир усыг цэвэрлэдэг учраас техник хэрэгслийг шинэчлэх шаардлагатай байгаа гэнэ.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл үргэлжлүүлэн нийслэлд байгаа Урьдчилан цэвэрлэх, Нисэх, Биокомбинат, Төв цэвэрлэх байгууламжуудаар орж, шат дамжлага бүрийг нь үзэв. Урьдчилан цэвэрлэх байгууламж нь арьс ширний үйлдвэрүүдийн бохир усыг цэвэрлэдэг учраас техник хэрэгслийг шинэчлэх шаардлагатай байгаа гэнэ. Харин Төв цэвэрлэх байгууламж  өдөрт үйлдвэр болон бусад газруудаас ирж байгаа 155 сая литр бохир усыг цэвэршүүлэхдээ  70 хувийг шүүж ариутгаад Туул голруу  цутгадаг гэнэ. Хамгийн гол нь үйлдвэрүүдийн химийн төрөл бүрийн  бодистой усыг 70 хувь цэвэршүүлнэ гэдэг бол Туул гол руу аюултай хортой ус урсаж байгаа гэсэн үг юм. Учир нь цэвэрлэх байгууламжийн зүрх болсон бичил биетнүүдээр усыг цэвэршүүлдэг аэротенк ус алдаж, бетон нь задарсан байна. Тус бетон хийцийг засварлаад аргацаах ямар ч аргагүй бөгөөд цэвэрлэх байгууламжийг цогцоор нь шинээр барих зайлшгүй шаардлагатай байгаа аж. Мөн халдварт өвчин үүсгэх өндөр эрсдэлтэй 40-50 жил хуримтлагдсан лагыг  газар ухаж булах зэргээр шийдвэрлэх асуудал тулгарч байгааг тус байгууламжийн инженер, техникийн ажилчид хэлж байна.  Тиймээс Ц.Оюунгэрэл гишүүнээс  Хог хаягдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлд цэвэрлэх байгууламжийн асуудлыг хэрхэн тусгах, Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих талаар тодруулсан юм. Тэрээр “Байгууламжуудаар явсных хуульдаа юуг дутуу оруулж байгааг нарийн сайн ойлгож авлаа. Хуульд урьд нь байгууламжийн тухай заалт байгаагүй. Тиймээс байгууламжийн төлбөрийн тухай заалт оруулья гэсэн ерөнхий томьёоллыг төсөлдөө оруулсан ч байгууламжийн талаар маш нарийн оруулж өгөх шаардлагатай юм байна гэдгийг өнөөдөр нэг бүрчлэн үзсэний дараа ойлголоо. Тэгэхдээ байгууламжууд руу бохир усаа нийлүүлж байгаа нийлүүлэгч нарыг хуульд тусгаж өгөх шаардлагатай юм байна. Бохирдуулагч анхны эх үүсвэр дээрээ химийн саармагжуулалтыг хийх зайлшгүй шаардлагатай байгааг  хуулиар зохицуулна. Өөрөөр хэлбэл химийн хортой бодис хэрэглэдэг үйлдвэрүүд усаа саармагжуулна гэсэн үг юм. Аж ахуй нэгж байгууллага бүр гарч байгаа хог хаягдлыг дахивар бүтээгдэхүүн болгох схем боловсруулдаг мэргэжлийн ажилтантай байх ёстой гэсэн заалт хуульд бий. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхгүй бол нэг л өдөр Улаанбаатар хот бохир усанд автана. Тиймээс шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Бетон хийцийг шинэчлэх зураг төслийг яаралтай гаргаж УИХ-аар хэлэлцүүлнэ” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих