Гэрлэхээсээ өмнө ганц бие бүсгүйчүүдийн хийж үзсэн байх 8 зүйл

3bca00d89c2fb4dfb520c02a1b889879Зарим бүсгүйчүүдийг бодоход би тун азтай юм. Учир нь би доорх зүйлсийг ганц бие байхдаа хийгээд үзчихсэн. Харин одоохондоо ганц бие байгаа бүсгүйчүүддээ зориулаад би өөрийн туршлагаасаа хуваалцъя.
1.Ганцаар амьдрах
Эцэг эх, өрөөний хамтрагч, найз залуу хэн нь ч байхгүй. Ганцхан би. Чимээгүй орчинд өөртэйгээ ярилцаж, өөрөө хоолоо бэлдэж, өөрийн зохиосон дүрмээр амьдарч, өөрийнхөө төлөө хариуцлага үүрэх тэр үе хамгийн сайхан. Харин одоо гэрт минь хүүхдүүд чимээ шуугиан тарих бүрт ганцаараа хүссэнээрээ амьдраад үзчихсэн гэдгээ санаад бухимдах нь багасдаг шүү. Амьдралдаа ганц удаа ч болов ганцаараа чимээгүй амьдрахыг хүссэн олон мянган ээжүүд дундаас би илүү азтай байгаа биз?

2.Өөртэйгээ тухтай байж сурах
Ганцаараа амьдрахтай хамаатай бас нэгэн ололт. Хөшгөө хааж байгаад л өдрийн турш гэртээ бүрэн нүцгэн алхах ямар сайхан гээч. Хайртдаа зориулан нүцгэн алхдаг байж болох ч миний хэлэх гэсэн санаа түүнээс огт өөр. Өөрөө өөрийнхөө биеийг толинд бүрэн харж, судалж, өөрийн “өөтэй” гэх хэсгийг хүлээн зөвшөөрөхөд минь их тусалсан. Мөн хамтран амьдрагчдын бус өөрийнхөө яг юу хүсч байгааг олох, сонсоход ч тусалдаг юм. Бодолд минь саад болох юу ч үгүй.

3. Болзох
Болзоо. Бүр маш их болзоо. Одоо бодоод үзэхэд би бараг зуу гаруй болзоонд явж байсан юм. Гэхдээ энэ нь би тэр залуу бүхэнтэй унтаж, үнсэлцэж байсан гэсэн үг биш шүү. Бид зүгээр л ярилцдаг байлаа. Ихэнхтэй нь нэг л удаа уулзаж байсан юм. Ингэж олон хүнтэй уулзаж, ярилцаж байсны ачаар би өөрийнхөө сонирхлыг бүрэн мэдэж авахад их тусалсан. Би ямар хүнд дургүй, надад ямар хүн таалагддаг, ярианаас нь тухайн хүний талаар юу юуг мэдэж болох гэх мэт олон давуу талтай. Зарим хүний багахан зуршил надад огт таалагдахгүй гэдгийг би тэдгээр болзоонд явсны дараа л мэдэж байсан юм. Тиймээс өөрийгөө бүрэн танихад, заяаны ханиа хараад шууд л “Энэ хүн мөн” гэж мэдрэхэд чинь туслах болохоор болзооны саналаас бүү татгалзаарай. Харин өөрийн аюулгүй байдлыг хангахын төлөө хэт оройн цагаар, хүнгүй газраар эсвэл согтууруулах ундаатайгаар болзох хэрэггүй шүү.

4.Аялах

Аялалын сайхныг мэдрэхгүй өнгөрнө гэдэг тун харамсалтай. Амтыг нь авчихсан л бол үр хүүхэдтэй болсон ч ямар нэгэн аргаар аялах боломжийг заавал гаргаж чаддаг болчихдог. Ээж болсон хүн хэсэгтээ л аялах боломжгүй болдог учраас үр хүүхэдтэй болохоосоо өмнө заавал аял. Бал сараа ч бас байгаа хотдоо өнгөрөөх хэрэггүй. Ямар нэг аргаар өөртөө заавал боломж гаргаарай.

5.Өөрийгөө, мөрөөдлөө, амьдрах шалтгаанаа олох
Олон жил үерхсэн найз минь намайг 15 настай байх үеэсээ огт өөр хүн болчихсон гэдэг. Би ч хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ сөрөг утгаараа өөрчлөгдөөгүй юм шүү. Харин ч эсрэгээрээ гэж хэлж болно. 20-иод насандаа би хонон өнжин байж ажиллаж олсон мөнгөөрөө очихыг хүссэн газар, хийхийг хүссэн бүхнээ хийдэг байлаа.Жилийн 11 сард ажиллаж, үлдсэн нэг сарыг зөвхөн өөртөө зориулдаг байсан юм. Үүний ачаар л би хийхийг хүссэн ажил, дуртай дургүй зүйлс, мөрөөдлөө олж авсан юм даа. Би өөрийгөө мэднэ гэж хэлдэг хүмүүст би нэг зүйлийг хэлмээр санагддаг. “Чи өөрийгөө олж мэдэхийн тулд маш олон зүйл хийх ёстой. Учир нь чи одоо өөрийгөө мэдэх яагаа ч үгүй байна” гэж.

6. Хоол хийж сурах
Манай гэр бүлийн бүсгүйчүүд бүгдээрээ тогоочийн сургууль төгссөн мэт сайн хоол хийдэг. Харин би “хар нүх” шиг ганцаараа юуг ч сайн хийж чаддаггүй байсан юм. Учир нь бүх хүн хоол хийгээд өгчихдөг байсан учраас би тэр тухай боддог ч үгүй байлаа. Харин ганцаараа амьдрах болсноос хойш өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч аль болох олон төрлийн хоол идмээр санагдах бүртээ шинэ хоол туршиж үздэг байлаа. 1 сарыг амралтандаа бүрэн зориулахын тулд гадуур хоол иднэ гэдэг ойлголт байхгүй байлаа. Заримдаа жороо огтхон ч дагахгүй өөрийн дураар хийчихнэ. Ингээд л нэг мэдэхэд олон төрлийн хоол хийж чаддаг болсон юм. Нөхөртэйгээ гэрлээд ганц хүний жорыг хоёр болгож, хүүхдүүдээ гаргах бүртээ нэг нэгээр нэмсээр ямар ч жороороо олон хүний хоол хийчихдэг болсон доо. Сайн хоол хийдэг эзэгтэй хэзээд нэмэлт бонус оноотой байдаг даа.

7. Итгэл үнэмшлээ олох
Би буддын шашинтай. Гэхдээ шашнаас гадна хүнд өөрийн гэсэн итгэл үнэмшил байх ёстой. Ямар нэгэн зүйлд итгэж амьдрах маш чухал. Итгэлгүй бол амьдралын зорилго байхгүй. Тийм учраас өөрийн амьдралын туршид итгэх тэр үнэмшлээ ол.

8. Сур, сур бас дахин сур
Ямар ч хүнд боловсрол чухал. Гэхдээ энэ нь тоо тоймгүй олон их сургуульд сур гэсэн үг биш. Сургууль болон өөрөө сурч болох бүхнийг сур. Юм оёх, усанд сэлэх, гадаад хэл сурах, кофе найруулах, компьютерээ форматлах, гар утсаа бүрэн эзэмших, талх барих, бялуу хийх, нягтлан бодохын дамжаанд суух, улс үндэстний соёл сурах, гар урлал хийх, хүссэн мэргэжлээрээ сурах гэх мэт сонирхлыг чинь татсан бүхнийг сур. Бүгдийг нь биш ч талыг нь сур. Сурсан зүйл хэзээд хэрэг болдог. Тэрийг хэн ч чамаас булааж чадахгүй учраас чиний жинхэнэ баялаг болно.

Энэ бүхэн бол 28 нас хүрч гэрлэхээсээ өмнө миний хийсэн, ойлгосон зүйлс. Хүн бүр адилгүй учраас чи бүгдийг нь хийх албагүй. Харин эдгээрийг чамд санаа өгөх үүднээс бичсэн учраас уншаад хиймээр санагдсан бүхнээ яг одооноос хийгээрэй. Амжилт бүсгүй минь!

вүмэнсентер.мн


URL:

Сэтгэгдэл бичих