Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патил-ын Монгол Улсад хийсэн Төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай оронд Төрийн айлчлал хийсэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патил, ноён Девинсингх Рамсингх Шекхават нар өнөөдөр айлчлалаа өндөрлөж буйтай нь холбогдуулж Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Тэргүүн хатагтай Хажидсүрэнгийн Болормаа нар үдэх уулзалт хийлээ.

Үдэх уулзалтад хоёр орны Элчин сайдууд болон Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга нар байлцав.

Үдэх уулзалтын үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патил хэлэхдээ, “Монгол Улсад айлчилсан айлчлалдаа миний бие үнэхээр сэтгэл өндөр байна. Тухайлбал Монголын бэсрэг наадам үзсэн, Мөн Гандандэгчинлэн хийдээр болон, “Битуб Данжай Чойнхорлин” хийдээр зочилсон нь үнэхээр гайхамшигтай байлаа.

Тус хийдийг байгуулсан Бакула Ренбүүчи гуай их буянтай үйлс бүтээснийг харахад таатай байна. Мөн Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын Монгол ардын урлагийн тоглолт үзлээ. Үнэхээр гайхалтай  соёлын өвийг үзлээ. Ялангуяа уран нугаралтийн үзүүлбэр биднийг үнэхээр бишрүүлсэн.

Ер нь Монголын соёлын хөтөлбөр, ардын урлагийн тоглолтыг Энэтхэгт тогтмол зохион байгуулж байхыг дэмжих болно. Энэ удаагийн айлчлал өндөр үр дүнтэй боллоо. Танд болон Монголын ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ, “Энэ удаагийн айлчлал хоёр орны хоорондын олон жилийн түүхтэй найрсаг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан, агуулгын хувьд улам бүр үнэ цэнэтэй болгосон айлчлал боллоо. Таны айлчлалын бүрэлдэхүүнд бизнесийн маш олон төлөөллүүд ирсэн. Бизнес форумын үеэр таны хэлсэн үг хоёр талын бизнесийнхэнд урам зориг өглөө.

Мөн энэ удаагийн айлчлал хоёр орны эдийн засгийн харицлааг хөгжүүлэхэд их чухал ахиц авчирлаа. Цаашид айлчлалын мөрөөр хийх ажлууд их байгаа. Бид ч бас төлөвлөгөө гарган хэрэгжүүлээд явна. Таны айлчлалын үеэр бид хоёр орны Төрийн тэргүүдээс гадна бас ахан дүүс мэт элэгсэг дотно байсандаа сэтгэл дүүрэн байна. Монгол Улсад дахин зочлоорой, аян замдаа сайн яваарай” хэмээв.


URL:

Сэтгэгдэл бичих