Цаг хугацаа урсахад үнэн тодорсоор…

77ГУРВАН ЖИЛИЙН ӨМНӨ

2012 оны дөрөвдүгээр сарын 13-нд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлав.

Одоогоос гурван жилийн өмнөх энэ өдрийн шөнө монголчуудын олонхи нь дутуу нойртой хоножээ.

Монгол Улсын гурав ­­дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг цагдаа нар бараг 12 цагийн турш үргэлжилсэн гүйцэтгэх ажиллагаа явуулж гутлыг нь ч өмсгөлгүй баривчилсан нь тэдний нойрноос хугасласан хэрэг.

Тухайн үед иргэд энэ үйл явдлыг гайхан цочих, ард­чилсан нийгэм дэхь анар­хист баривчилгаанаас айх, жигших мэдрэмжээр хүлээн авсан байдаг юм. Энэ цаг үеэс хойш цагийн хүрд эргэсээр, түүх бичигдсээр 1000 гаруй хоносон байна.

Өнгөрсөн өдрүүдэд МАХН-ын дарга Н.Энхбаяр хэцүү нэртэд хоригдож, өлсгөлөн зарлаж, суллагдаж, биеийн эрүүл мэнд нь муудаж, гадаадад эмчлүүлэх зэргээр үйл явдал  өрнөж байгаа бол түүний удирддаг МАХН өнгөрсөн парламентын сонгуульд амжилттай оролцож, эвсэлтэйгээ нийлэн  бүлэг байгуулах хэмжээний санал авч чадсан юм. МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой эдгээр болон баривчлагдахаас нь өмнө өрнөсөн үйл явдлууд чухам ямар учир зангилаанаас эхлэн хөвөрсөн нь он цаг өнгөрөх тусам тодорсоор байгаа юм.

Б

ОЮУТОЛГОЙ БА С.БАЯРЫН БАЙШИНГУУДЫН ДУУЛИАН

2009 оны гуравдугаар сард Оюутолгойн гэрээг хийх асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах үед Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон Ерөнхий сайд С.Баярын байр суурь зөрүүтэй байв. Мөн оны аравдугаар сард С.Баярын Засгийн газар Оюутолгойн гэрээг Н.Энхбаяргүйгээр зурав. Энэ үйл явдлын тухай Монголд суугаа АНУ-ын Элчин сайд Марк Минтон Төрийн департаментдаа захидал бичиж байжээ.

АНУ дахь С.Баярын олон сая ам.долларын үнэтэй байшингууд өнгөрсөн  долоо хоногийн дуулиан байлаа. УИХ-ын  гишүүн Г.Уянга өөрт нь явуулсан эх сурвалжаас иш татаж С.Баяр нэгдсэн улсад 20 гаруй  сая ам.долларын үнэ бүхий долоон ширхэг байшинг эхнэр, охидуудынхаа  нэр дээр эзэмшдэгийг нотлох баримттайгаар олон нийтэд мэдээлсэн юм. Байшингуудыг хэзээ, хэний нэр дээр, ямар  гүйлгээгээр авсан тухай мэдээллүүд нь дэлгэрэнгүй байгаа тул  манай хууль хяналтынхан шалгаж үзэх хэрэгтэй гэж гишүүн мэдэгдсэн. С.Баяр хаанаас олсон мөнгөөрөө энэ олон байшинг авсан байх вэ гэдэг асуулт гарах нь мэдээж. Чухам эндээс л Н.Энхбаярыг хэрэгтэн  болгох сонирхлын учиг эхэлжээ гэж хардах үйл явдлын дараалал байгаа юм. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярыг 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар унагаж, дараа нь хэрэгтэн болгох үйл явдлыг өрнүүлэхэд Оюутолгойн гэрээ ямар нэгэн хамаатай байсныг цаг хугацаа илчилж байна гэж ойлгож болохоор.Үүнийг нэгэн жишээгээр хэлж  болно. Энэ бол АНУ-аас Монголд Элчин сайдаар сууж байсан  Марк Минтон Төрийн департаментдаа бичсэн захидал  байсан юм. Өнгөрсөн намар энэ захидал ил болоход олон зүйлийн учгийг тайлж болохоор байгааг хэвлэлүүд мэдээлж байлаа. Энэ захидалд

 

“Сэдэв: Монголын уул уурхайн хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн эрх мэдэл суларч байгааг харуулж байна.

Нууц.

1. Дүгнэлт. 3 сарын 2-ны шөнө Монголын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд болсон санал хураалтаар 2-1-ийн харьцаатай дүн гарч, Монголын Өмнөд Говийн бүс нутаг дахь Оюу толгойн алт-зэсийн төслийн удаан хойшлогдсон хөрөнгө оруулалтын гэрээг сайшаав гэсэн мэдээ ирэв.

Хэд хэдэн эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын спикер Д.Дэмбэрэл нар Ерөнхийлөгч Н.Энхбаярын эсэргүүцлийг ийнхүү санал хураалтаар олонхи болж давжээ.

Санал хураалтыг шууд залган Засгийн газар хуралдаж, санал хураалтын дүнг баталгаажуулж, гэрээг 3 сарын 4-нд Парламентад хүргүүлэв.

Парламент энэхүү гэрээ орж ирэхийг тэсгэлгүй хүлээж байсан хийгээд бүх ажиглагч нарын үзэж байгаагаар ширүүн хэлэлцүүлгийн дараа сайшаан батлах бололтой.

Парламент ийнхүү баталснаар Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлах талаар зургаан жилийн турш үргэлжилсэн улс төрийн их аян өндөрлөснийг илтгэх бололтой.

Нэмж тэмдэглэхэд Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн жил Оюу толгойн төслийн талаар болсон ижилхэн мэтгэлцээн маргаанд ҮАБЗ-д өөрийн бодол санаагаа тулгаж чадаж байсан шигээ энэ удаа ҮАБЗ-д бодол санаагаа тулгаж чадаагүй нь түүний толгойлж буй Ерөнхийлөгчийн байгууллагын улс төрийн байр суурь дотооддоо суларч байгааг харуулж байна” гэжээ

2015 оны дөрөвдүгээр сарын 8. Г.Уянга гишүүн АНУ-д эзэмшдэг С.Баярын 20 гаруй сая ам.долларын байшингуудын тухай олон нийтэд мэдээлэв.

М.Минтоны захидал иймэрхүү  агуулгатай байж. Үүнийг дэлгэрэнгүй тайлвал Оюутолгойн гэрээг Монголын тал 34 хувийг  нь эзэмшихээр хийхийн тулд Н.Энхбаярыг намынх нь болоод өрсөлдөгч намынхан нь хуйвалдан Ерөнхийлөгчийн сонгуулиар унагаж, дараа нь  хэрэгт холбогдуулсан байна гэж хэвлэлүүд бичсэн юм. Учир нь Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа Оюутолгойн гэрээг монголчууд 51 хувийг нь эзэмшихээр хийх ёстой гэсэн хатуу байр суурьтай байв.  Гэтэл Марк Минтон энэхүү захидлыг бичсэний дараагаас буюу 2009 оны  тавдугаар сард Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулж, мөн оных нь  аравдугаар сарын 06 буюу дашням, балжиннямтай намрын билэгт сайн өдрийг сонгож С.Баяр Ерөнхий сайд байхдаа Оюутолгойн гэрээг Н.Энхбаярын ярьж байснаас  өөрөөр хийсэн байж болох юм гэв. Тухайн үеийн  МАХН, АН-ын удирдлагууд Ц.Элбэгдоржийг сонгуульд ялуулсных  нь хариуд Ерөнхийлөгчийн зүгээс Оюутолгойн гэрээг яаралтай батлах бүх зүйлийг хийсэн гэж  дүгнэсэн юм. Гэтэл одоо Оюутолгойн гэрээг  ашигтай болсон гэж хэн ч  хэлэхгүй байгаа, тэд хэрхэн даварч байгааг бид бүгд мэднэ. Хоёр дахь шатны санхүүжилтээ хийхийн тулд монголчуудыг бүх талаар нь барьцаалан дарамтлаж байгааг одоогийн ажлын  хэсгийнхэн дуулгадаг юм. Үүний талаар сүүлд  Н.Энхбаяр “Ард түмэн цөөнх  болж байна. Тоогоороо олон боловч асуудал шийдэх чадвараар цөөнх  болж байна. Тиймээс цөөнхийн талд  байнга орж байх нь тэрслүү үзэл юм билээ. Оюутолгойг би гадныханд  битгий өг гэж зөндөө хэлсэн. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа ийм гэрээ хийлгэхгүй байсан. Тэгэхээр зайлуулж  байж  хийх нь чухал байсан” гэж  ярьсан байв. Энэ бүхний дараагаас эргээд С.Баярын байшингууд руу ороход тэрээр үнэхээр л Оюутолгойн гэрээг батлаж өгснийхөө шангаар АНУ-д энэ олон байшинг худалдаж авсан байх хардлага төрөхөөр байгаа учраас хууль, хяналтын байгууллагынхан шалгаж өгөхийг Г.Уянга гишүүн онцолсон юм. Дээрх худалдан авалтуудын  ихэнх нь гэрээ батлагдан гарснаас  хойш хийгдсэн нь хардлагыг улам баталгаажуулж буйг ч дурдсан байдаг.

В

ТАВАНТОЛГОЙН ТУХАЙ ДАРААГИЙН ТҮҮХ

Улсын эдийн засаг унасан энэ үед бид Тавантолгой хэмээх үүцээ задлахаар бас нэгэн гэрээг хийх гэж байна. Яг одоо олон нийтийн анхаарал энэ ордын гэрээ хэрхэн батлагдах дээр төвлөрөөд буй юм. Оюутолгойгоос ялгаатай нь Монголын ард түмэн энэ ордоос хүн бүр 1072 хувьцаа эзэмшдэг.Тиймээс энэхүү гэрээнд  улам их  ач холбогдол өгч байгаа хэрэг. Энэ тухай Н.Энхбаяр “Монгол  Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо “Би Тавантолгойг улсад 100 хувь ав  гэж шаардсан. Энэ ордыг хувь хүмүүс олоогүй. Хуучин БНМАУ байхад Тавантолгойг олсон байсан. Тэр утгаараа ард түмэн өөрсдөө  илрүүлсэн. Гэтэл сүүлд нь хууль эрх зүй өөрчлөгдсөн гэдэг нэрээр цөөн хүний  гарт орчихлоо  гэж үзсэн юм. Ингээд л  төрд буцаая гэсэн. Тавантолгойн орд дээр шунахайн сэтгэл гаргаж болохгүй гээд шахсан. Сү.Батболд лицензээ буцааснаар 95 орчим хувь нь төрд буцаж ирсэн. Одоо Тавантолгойгоо л ард түмэндээ өгье. Ингэж эрх баригчид  алдаагаа засах хэрэгтэй” хэмээж байв. Оюутолгой одоо нэгэнт хөдөлчихсөн галт  тэрэг. Харин одоо Тавантолгойгоо бид  ямар нэгэн золиосгүй, ард түмэнд ашигтайгаар шийдэх цагт тулж  иржээ.

Г

УЛСТӨРЧДӨД ДАРДАН ЗАМ БАЙХГҮЙ

Улстөрчдөд дардан зам гэж  хэзээ ч байдаггүй гэдэг. Ялангуяа улс эх орон, иргэдийнхээ төлөө яваа улстөрч хүний урд маш олон бартаа, саад дэгээ тавьж байдгийг улстөрчдийн намтар бүхий  номноос уншиж болдог билээ. Одоогоос гурван жилийн өмнө болсон тэр баривчилгааны  түүх ч гэсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг хүний улстөрийн амьдралынх нь нэгэн хэсэг  болж  үргэлжилсэн бололтой. Үүний шалтгаан олон байсныг үгүйсгэх аргагүй. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний хэрэг, Оюутолгой, Тавантолгойг тойрсон гадныхны оролцоотой том эрх ашиг тэр баривчилгааг зохион байгуулах үндэс нь болсон байж мэдэх юм. Сүүлд МАХН-ын цагаан байртай холбоотой хэрэг сөхөгдсөн нь ч энэ хүнийг илүү дуугаргахгүй байх  сонирхол өнөөгийн өндөр албан тушаалтнуудад байгааг харуулдаг. Хамгийн чухал нь цаг хугацааны урсгал  өнгөрсөн бүхний учгийг тайлж  орхидог билээ. “Н.Энхбаярыг өөрийнх нь нам болох МАХН сөрөг хүчин АН-тайгаа нийлж Ерөнхийлөгчийн сонгуулиар зориуд  унагасан, С.Баяр болоод бусад албан тушаалтнууд Оюутолгойн гэрээг ард түмэнд биш өөрт ашигтайгаар хийсэн, сонгууль луйвардсан хүмүүс долдугаар сарын 1-ний үймээний хэргийг өөрсдөөсөө холдуулж чадсан” гэх мэт гаргалгаанууд тухайн цаг үедээ байж боломгүй, зохиомол мэт санагдаж байсан болов уу. Харин өдөр хоног өнгөрч шинэ түүх бичигдэх тусам Н.Энхбаяр гэдэг хүнийг улс төрөөс хол байлгах сонирхол хаанаас ундардаг нь ил гарах бололтой.

“С.Баяр Оюутолгойн гэрээг Н.Энхбаяргүйгээр хийсэн. Оюутолгойн гэрээ монголчуудад ашиггүй болсон.С.Баяр АНУ-д олон сая ам.долларын долоон байшинтай, одоо өөрөө болоод гэр бүл нь Монголд амьдардаггүй”. Энэ бүхний гаргалгааг ард түмэн олох байх. Н.Энхбаярын зам ч дардан байгаагүйг үүнээс ойлгож болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих