“Богд уул”-ын хормойд тансаг зэрэглэлийн 50 хаус сүндэрлэнэ

hausМанай улсад сүүлийн жилүүдэд дэлхийн стандартад нийцсэн томоохон зочид буудал олноор барих болсон. Харин гадна, дотны зочид ирж амрах зориулалтаар бус олон улсын хурал, зөвлөгөөн явуулах мянгаас дээш хүний багтаамжтай хурлын заал, үзэсгэлэнгийн танхим, уулзалтын болон амралтын өрөө, бүрэн тоноглосон синхрон орчуулгын танхим, давхар бүртээ зоогийн газартай, 100-аас дээш машины зогсоолтой, нисдэг тэрэг буух зориулалтын талбайтай гэх мэтчилэн алс хэтийг харсан цогцолбор байгууламж нэн шаардлагатай байгаа билээ. Тэгээд ч өнгөрсөн оны аравдугаар сард Италийн Милан хотноо болсон “ACEM”-ын дээд хэмжээний уулзалтын үеэр дараагийн уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах эрхийг олгосон. Миланд болсон уулзалтад дэлхийн 53 орны төр засгийн тэргүүн, Ерөнхий сайд, албаны бусад хүмүүс болон хэвлэл мэдээллийнхэн зэрэг таван мянга гаруй хүн оролцож байсан. Энэ нь ирэх2016 онд манай улсад болох “ACEM”-ын дээд хэмжээний уулзалтад ч мөн ийм тооны зочид төлөөлөгч оролцоно гэсэн үг юм. Энэхүү уулзалтыг спортоор төлөөлүүлбэл олимпийн эрх авсантай ижил хэмээн ойлгож болно. Тиймдээ ч дэлхий дахинд Монголыг сурталчлах энэхүү том арга хэмжээнд манайхан одооноос бэлтгэж эхэлж буй. Наад зах нь манай улсад уригдан ирсэн төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлээд албаны хүмүүсийг хаана байрлуулах вэ гэх асуудал яригдана. Харин энэхүү асуудлыг эхнээс нь шийдэж эхлээд байгаа аж.

“ACEM ВИЛЛА” ХОТХОНЫ ГАЗАР, ШОРООНЫ АЖИЛ ЭХЭЛЖЭЭ

Гадаадын өндөр дээд хэмжээний зочдыг хүлээн авахад тэднийг тав тухтай байлгахаас эхлүүлээд аюулгүй байдлыг бүрэн хангах асуудал хамгийн чухал байдаг. Энэ ч үүднээс харвал шинэ зочид буудал барих тохиромжтой газар нь “Их тэнгэр”-ийн амны хашаан доторх томоохон талбай бэлээхэн байгааг албаныхан аль 2011 онд хэлж байсан. Тэгвэл дэлхийн олон орны төрийн тэргүүнийг хүлээн авах “ACEM вилла” хотхон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Sky resort” цанын баазын чанх баруун талд сүндэрлэх юм. Манай сурвалжлах баг уншигчдадаа илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх үүднээс өчигдөр тус газрыг зорьсон. Харамсалтай нь, биднийг очиход төрийн тусгай хамгаалалттай газар зөвшөөрөлгүй орохыг хориглосон төдийгүй ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Хэдийгээр дотогш нэвтэрч чадаагүй ч олон тэрбум төгрөгөөр асар хурдан хугацаанд барих даалгавар авсан барилгын компаниуд ажилдаа ханцуй шамлан орсон нь гаднаасаа илт харагдаж байв. Одоогоор зөвхөн газар, шорооны ажил ид явагдаж байгаа бөгөөд том оврын автомашин, механизмыг энд, тэндгүй байрлуулжээ. Тус бүтээн байгуулалтын ажлыг “Эм Си Эс”, “БЭЮС”, “Грийн хаус” гэх барилгын гурван компани голчлон гүйцэтгэж байгаа аж. Биднийг барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцан ажиллаж буй талбайн инженер Л.Баттогтохтой холбогдоход “Одоогоор нэг ч хаус бариагүй байна. Зөвхөн газар шорооны ажил явагдаж байгаа. Тиймээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариултыг өгсөн юм.

ГАДНЫ ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮДЭД ЗОРИУЛЖ 50 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР 50 ХАУС БАРИНА

Бидэнд байгаа мэдээллээр тус хотхонд нарны эрчим хүчээр цахилгаанаа шийдсэн хоёр давхар50 “эко” хаус барих бөгөөд нэг хаус тэрбум төгрөгөөр босох аж. Түүнчлэн зочид буудлын тогооч болон үйлчилгээний ажилтнуудыг сургалтад хамруулж, ур чадварыг нь дээшлүүлэх ажлыг ч зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ бүх ажлыг хариуцан ажиллаж буй Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан хэвлэлд өгсөн ярилцлагадаа“50 ширхэг“Эко” хаус барина. Халаалтыг газрын гүний дулаанаар хална. Уг ажлыг Засгийн газар эхлүүлчихсэн явж байгаа. Харьцангуй бага хүүтэй таван жил хүртэлх хугацаатай зээлээр хөрөнгө оруулна. Энэ ажлыг хурдан эхлүүлэхээр шуурхай ажиллаж байна” гэсэн байна. Түүнчлэн тэрбээр “Энэхүү“АСЕМ”-ын чуулга уулзалтаа амжилттай зохион байгуулчихвал жуулчид хүлээж авах чадамж мэдэгдэхүйц сайжирна” гэдгийг ч онцолжээ. Албаныхны ярьж буйгаар ирэх онд ашиглалтад орох “ACEM вилла” хотхонд зөвхөн гадаадын орны төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарыг байрлуулж, албаны бусад зочныг буудлуудад байрлуулах гэнэ. Урьдчилсан байдлаар III, IV хорооллоос Жуковын хөшөө хүртэл, Хүнсний IV дэлгүүр, Зайсан, Их тэнгэр зэрэг30 гаруй зочид буудлыг сонгожээ. Төлөвлөгөө ёсоор Монголын томоохон зочид буудлын тоонд орох “Шангрила-II” ирэх онд ашиглалтад орно. Тус зочид буудалд томоохон хурлын заал хийгдэж байгаа аж. Ингэснээр энд “ACEM”-ын хуралдаануудыг зохион байгуулах боломжтой болох юм байна.

 

Б.Төрбат


URL:

Сэтгэгдэл бичих