“Мон-Уран”-ы Б.Наранхүү “Алтжин”-гийн Г.Алтан нарын газрын наймааны хэргийг нийслэлийн тагнуулынхан шалгаж байжээ

Мон-Уран”-ы захирал Б.Наранхүүгийн талаар монголчууд төдийлөн сайн мэддэггүй. Бээжингийн Олимпийн дараа алтан медаль авсан тамирчдад тэрбум төгрөг амлаж явсан энэ бийлэгжүү эрийг улсад найм түрүүлсэн  шарга азарга, “Алтжин”-гийн Г.Алтан хоёр л олны танил болгосон гээд хэлчихэд хилсдэхгүй байх. Одоогоос хэдэн жилийн өмнө “Сапу” компанийн захирал асан С.Жамьянсүрэн эхнэрийнхээ эсрэг гомдол гаргаж, шүүхэд гэр бүлээ цуцлуулахаар өргөдөл өгч байлаа. Тэрээр тухайн үед “Миний эхнэр Г.Алтан нь “Мон-Уран”-ы захирал Б.Наранхүүтэй гэр бүлийн харьцаатай хэмээн хэвлэлээр ярилцлага өгч багагүй дуулиан дэгдээж байв. Энэ ярилцлагын дараа Б.Наранхүү захирал ямар нэг няцаалт хийгээгүй өнгөрсөн. Бид энэ удаа Б.Наранхүү, Г.Алтан хоёрын хувийн харьцааны талаар бус харин их Нийслэлд эзэмшдэг их хэмжээний газраа бусдад зарсан тухай баримтыг дэлгэж байна.

Нийслэлийн дарга нар “Мон-Уран”-ны Наранхүүд замын цагдаагаас Амгалан хүртэлх 130 га газрыг “бэлэглэжээ”
Түүнийг олон жилийн өмнөөс “Нийслэлийн дарга нартай нийлж их хэмжээний газар зарж баяжсан” гэдэг хар байнга дагаж явсан. Энэ мэдээлэл ор үндэсгүй зүйл биш гэдгийг Нийслэлийн Тагнуулынхан  шалгаж тогтоосон ч ямар нэг арга хэмжээ авч чадсангүй, энэ хэрэг нам дарагдаад өнгөрчээ. Жирийн иргэд хашааныхаа газрыг ч хувьчилж авч чадахгүй суухад Б.Наранхүү захирал их хэмжээний газар авч, цааш нь дамжуулан зарж, өөр компаниудад шилжүүлж байсан нь  дээрх шалгалтын үед баримтаар тогтоогдсон аж.
“Мон-Уран” ХХК-ныхан 2000 оны 6 сард Баянзүрх дүүргийн 14-р хороонд гэхэд л 30 га газрыг Нийслэлийн Захирагчийн захирамжаар авчээ. Анх орон сууцны цогцолбор барина гэж авсан энэ их хэмжээний газар хэрхэн бусдын нэр дээр шилжиж, цааш хэдэн хэсэг болон задарсан нь тун сонирхолтой.  Б.Наранхүү захирал газрыг авч чадсан шигээ бусдын нэр дээр шилжүүлж чаддаг нь ч бас л олон хүний анхаарлыг татаж байгаа юм. Мань эр газар зардаг гэсэн хэл амнаас зугатааж “Мон-Уран”-ы нэр байсан газруудаа “Инвекс” хэмээх компанийн нэр дээр  2008 оноос эхлэн шилжүүлж авсан байх юм. Хэний ч үл мэдэх “Инвекс” гэгч  Нийслэлд асар том газартай, авсан газар болгоноо бусдад шилжүүлдэг өгөөмөр компани гэнэтхэн бий болов. “Инвекс” ХХК-ныхан хоёрхон жилийн дотор “Монгол гранд” компанид хоёр га, “Шилмэл шилтгээн”-д хоёр га, “Сүрэг агт” компани гурван га, “Дунд мандал”-д  2,7 га, “БНЧ” компанид гурван  га, “Вазмир” компанид гурван газрыг шилжүүлж өгсөн байна.
Б.Наранхүү захирлын мэдэлд байдаг  “Инвекс” компанийнханд манай Хотын удирдлагууд тун их элэгтэй.  Ёстой л нөгөө есөн хүслийг нь биелүүлдэг гэж учир мэдэх улс ярьцгааж байна. Өнөөдөр төмөр зам дагуу хашаа байшин барьчихсан айл өрхүүд хөөгдөж, туугдаж, газраа эзэмших эрх олж авах нь бүү хэл амар амгалан ч амьдарч чадахгүй байгаа. Тэгвэл Нийслэлийн засаг дарга 2008 онд 312 дугаар  захирамж гаргаж, салаа төмөр зам, орон сууцны зориулалттай  113 га газрыг мөн л Инвекс” ХХК-нд өгчээ.  Замын цагдаагийн газрын урдаас Амгалан хүртэлх төмөр зам дагуух газрыг өөрийн болгосон “Инвекс” ХХК-ныхан энэ газар дээрээ ямар ч салаа төмөр зам барьсангүй. Харин  “Шиндянил”, “Ажиганахунчир” зэрэг компаниуд “Инвекс” компаниас газар шилжүүлэн авсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Үүнээс гадна 2001 онд Наранхүү захирал Нийслэлийн Засаг даргын захирамжаар Баянзүрх дүүргийн “РЦНК”-ийн орчим Олон улсын сургууль, зочид буудлын барилга барина хэмээн 2,7 га газар авсан байх юм. “Чингэс” зочид буудлын ард байрлах энэ газрын үнэ тухайн үед нэг га нь 300 мянган ам  доллараар  гэж үнэлэгдэж байсан гэдэг мэдээлэл иржээ. Ямартай ч Хотын төвд ойролцоо,  ашигтай байрлалтай, дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн  энэ газрыг Б.Наранхүү захирал өндөр үнээр зарсан нь тодорхой болчихоод байгаа юм.

Б.Наранхүү захирлаас газар худалдаж авсан хятададууд татвараас зугатааж байна
Сүүлийн үед Нарантуул захын замын урьд орон сууцны том том хорооллууд баригдаж, өндөр үнээр зарагдаж эхлээд байгаа. Тэдний нэг нь “Баянмонгол хороолол”. Уг хорооллыг барьсан “Их үйлсийн эрэлд” ХХК-ныхан хороолол барих газраа “Мон-Уран”-ы Б.Наранхүүгээс худалдаж авсан гэж ярьцгаадаг. Үнэхээр ч анх энэ газрын захирамж Б.Наранхүү захирлын нэр дээр гарсан аж. Гэвч “Их үйлсийн эрэлд” компанийнхныг Улаанбаатар хотын цэвэр усны ундарга дээр холбогдох хууль тогтоомж  зөрчин орон сууцны хорооллыг барьсан.  Мөн төмөр замаас 150 метрээс дотогш барилга байгууламж барихыг хориглосон шийдвэрийг ч зөрчсөн хэмээн багагүй хэл ам гарч маргаан дэгдэж байсан ч барилгын ажлыг зогсоож чадаагүй. Монгол улсын хууль тогтоомж зөрчиж байж бүхэл бүтэн хороолол барьчихаад байгаа “Их үйлсийн эзэд” ХХК-ныхан дахиад л хууль зөрчин татвар төлөхгүй хэл ам татлаж байна.
Эрүүгийн цагдаагийн газар, Үндэсний татварын ерөнхий газраас хийсэн шалгалтаар тус компанийнхан 38 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн нь илэрч, өнөөдөр энэ хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлжээ. Үүнээс гадна  “Мон-Уран” ХХК-ийн захирал Б.Наранхүүгээс 2 га газар худалдан авч,  “Шилмэл шилтгээн” хотхоныг  бариулсан хятадууд ч татвараас зугатааж улсад их хэмжээний хохирол учруулсан гэнэ.
Г.АЛТАН 420 ГА ГАЗРАА БУСДЫН НЭР ДЭЭР ШИЛЖҮҮЛЖЭЭ
Монгол улсын нийслэл Улаанбаатар хот хаяа тэлж, багтаж шингэхээ болиод байгаа. Жирийн иргэд уул нүхлэж, оршуулгын газраас ч айж эмээлгүйгээр хашаа хатгаж, орох байх газраа олж чадахгүй төөрч сууна. Тэгвэл газар гэдэг баян хүнд хэдээрээ л бол хэдээрээ байдаг бололтой. Монголын тэргүүн баячуудын нэг “Алжин”-гийн Алтан хатагтайн гэхэд л 420 га газрыг Нийслэлийн захирагчийн захирамжаар эзэмшиж байсан аж.  Нийслэлийн захирагчийн 2008 оны 6 сарын 25-ны өдрийн 312 тоот захирамжаар Алтан хатагтайн  “Алтжин” группын охин компаниуд болох  “Алтжин-Од”, “Алтжин сан”, “Гэгээт саяана”, Тал хайрхан”, “Алтжин диллер”, “Өлзийт ус”, “Цөлийн заг” зэрэг компаниудын нэр дээр байсан 420 га газраа бусдад шилжүүлжээ.

Эх сурвалж: Өдрийн шуудан


URL:

Сэтгэгдэл бичих