Сонгуулийн хуулиа оролдоод яахав дээ

Сонгууль болохоор л Сонгуулийн тухай хууль өөрчлөх тухай ярьдаг болжээ. Энэ нь улстөрийн намууд өөрсдийнхөө талд ашигтайгаар эргүүлэх гэсэн санаа болохоос биш, сонгогч олонд ашигтай, илүү боловсронгуй зүйл хийх гэж улайрсандаа биш гэдгийг хэн ч мэднэ.

5423d37fe64d7643big

Энэ өвчин сонгууль дөхөж буй өнөө үед улам л сэдэрч байна. Яахав, өнгөрөгч 2012 оны сонгуульд холимог тогтолцоогоор орсон нь нийт сонгогч олонд тэгтлээ муу санагдсангүй нь харагдана. Аливаа зүйл сөрөг эерэг талтай байдаг. Тийм учраас пропорциональ тогтолцооны нэг муу тал нь цаашид улстөрийн карьер нь дууссан, нэр хүнд нь унасан, ажлын чадваргүй нөхдийг жагсаалтад нууж үлддэг хэмээсэн. Энэ нь ч үнэний ортой. Гэхдээ нэг давуу тал нь З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү гэх мэт хэзээ ч УИХ-д орж чадахгүй байсан эгэл ардын хүүхдүүд орж ирсэн. УИХ-д заавал хөрөнгөтнүүд, үе дамжсан баячууд суух ёсгүй, болж өгвөл ардын хүүхдүүдийн төлөөлөл олон байх хэрэгтэй. Энэ үүднээсээ бол болж байна.

Эх сурвалжийн хэлж байгаагаар бол АН-ынхан өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа айсуй 2016 оны сонгуульд орох. Харин ууган хүчний хувьд нэг мандат нэг тойрог гэсэн зарчмыг илүүд үзэж байгаа гэх. Энэ нь бол бидний ярьдгаар мажоритар тогтолцоогоор орох сонирхолтой байгаа гэсэн мэдээлэл бий. Мажоритар системийн ололт бол олигархиудыг нуух аргагүй. Тэд ямартай ч сонгогч олны өмнө гарч, тэдний саналын дагуу УИХ-ын босго давах эсэхээ шийдвэрлэнэ. Нэг том алдаа нь бол намын нэрээр өгсөн санал хүчингүй болдог. Ийм гашуун түүх ч бий. Яахав, Монгол Улс өргөн уудам нутагтай, иргэд нь тархан суурьшдаг учраас монгол хүний зан сэтгэхүйд нийцсэн зөв хувилбар нь мажоритар системыг сайн гэх нь ч бий. Тийм ч биз, үгүй ч биз.

Яаж ч бодсон Сонгуулийн тухай хууль өөрчлөх тухай асуудлаа хойш тавьж, тулгамдаад байгаа асуудлуудаа яривал яасан юм. Ер нь энэ тухай мартсан дээр. Ямар ажил мундсан биш. Иргэд бүсээ улам чангалж байна, эдийн засаг улам л хямарч, нийгмийн амьдрал бүдэгдүү байхад нам хоорондоо эрх ашгийн тулаан явуулаад байж болохгүй.


URL:

Сэтгэгдэл бичих