Дотооддоо ардчилалгүй, Доржпүрэвтээ өмчлүүлсэн Төв аймгийн АН ахиад л сонгуульд бүдрэхвий дээ

Төв аймаг улстөрийн тогоонд улаан өнгөөр буцалдгийг хэн хүнгүй мэднэ. Харин ирэх сонгуулиар талыг нь ч болов цэнхэрлүүлээд авах хүсэл АН-ын удирдлага, дарга нарын төдийгүй анхан шатны гишүүд дэмжигчдийнх нь дунд ч бага бус бий. Үргэлж ялагдал хүлээж байдаг Төв аймгийн АН-ын нөхдөд намынх нь дарга Н.Алтанхуяг өнгөрсөн жил тус аймгаар ороод гарахдаа “Хөгжье дэвшье гэвэл өрөөлөөс бурууг хайх хэрэггүй” гэж зүгээр ч нэг хэлээгүй бололтой. Төв аймагтаа л хүн амынхаа тоогоор Зуунмод сумын дараа орох Батсүмбэр суманд өнөө зун хөх дөл сүүмэлзэж ардчилсан үзэлтэй залуус сонгуулийн бэлтгэлдээ орохоор яаравчилж байна. Тэд энэхүү хүсэлтээ Ардчилсан намын удирдлагуудад илэрхийлснээр өнгөрсөн сарын сүүлчээр Ардчилсан намын Хяналтын Ерөнхий Хорооноос “Төв аймгийн Батсүмбэр сумын Ардчилсан намын тухай” тогтоол гарчээ. Уг тогтоолд тус сумын АН-ын үүрийн бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулахыг аймгийн намын дарга Д.Доржпүрэвт даалгасан аж. Гэвч аймгийн АН-ыг өөрийнхөө “Би энд Жи финанс” ХХК шиг үздэг болсон намын дарга нь Хяналтын хорооны тогтоолыг биелүүлэхээс удаа дараа татгалзсаар хоёр дахь сарынхаа нүүрийг үзэж байна. АН-ын байтугай өнөө цагийн ардчилаагүй газрын удирдлагыг хүртэл сонгохдоо бүх гишүүдийн хурлаар, олонхийн саналаар гаргаж ирдэг байтал энэ дэлхийн хамгийн сайхан үг болох “Ардчилал” нэрийг өмчилсөн манай том намын нэг аймгийн удирдлага бүхэл бүтэн сумын АН-ын даргын суудлыг хувьдаа өмчлөн хурлыг нь хийлгэхгүй “тохуурхаж” сууна. Өөрийнх нь хуралдуулахыг хүлээж тэвчилгүй “Хуралдлаа шүү” гэдгээ мэдэгдсэн сумын намынханд Доржпүрэв дарга “Зохион байгуулалтын асуудал хэлэлцээд үзээрэй, яасан ч зохион байгуулалт хийлгэхгүй шүү” гэж омогдоод гаргажээ. Харин энэ асуудлаарх өөрийнх нь байр суурийг лавлахад тэрээр “Зохицоод явуулсан” гэж аргалаад өнгөрөхөө ч мэдэж байв. Чухам яагаад тэрээр Батсүмбэрт АН-ын зохион байгуулалтын асуудал хэлэлцүүлэхгүй гэж зүтгээд байна вэ? гэдгийг тус аймгийн МАН-ын нөхөд ойлгож байж магадгүй юм, харин ардчилсан намынхан нь огт ойлгохгүй гайхшаа бараад байна.
Батсүмбэрийнхэн Д.Доржпүрэвт сумын АН-ын даргаа солих хүсэлтэй байгаагаа уламжилжээ. Арга ч үгүй юм, хүн амынх нь дийлэнхийг залуучууд эзэлдэг хэрнээ энд МАН дангаараа ноёрхдог. Бүх эрх мэдэл МАН-ын томилгоонд олзлогдож, ардчиллынхан гадуурхагдсаар арав гаруй жилийг үдлээ. Батсүмбэр ийм ч сум байгаагүй. Анх 90-ээд онд ардчиллын салхи сэвэлзэж байхад нэг хуй нь Батсүмбэрт босч, хуйлран эргэлдэж байлаа. 1990 онд АН-ын лидерүүд төв талбайн өмнө суулт хийж байхад Батсүмбэрийн захиргааны жижүүрийн хажуугийн жижигхээн талбайд жирэмсэн бүсгүй өлсгөлөн зарлаж байв. Тухайн үедээ баруунд явж юм үзэж, нүд тайлаад ирсэн “шулга” Чука тэргүүтэй хэсэг залуус тэр үед сумын холбооноос Эрдэнийн Бат-Үүл, Санжаасүрэнгийн Зориг, Цахиагийн Элбэгдоржтой шууд холбогдож бүх мэдээллээ хүргэдэг байсан юм. Харин энэ бүхэн өнөөдөр үлгэр домог шахуу болжээ. Ху намынханд илжиртлээ идүүлсэн тус суманд яг одоо АН-ын залуус хөлд орох гэж “амьдрах сэхэхийн төлөөх” үзэл бодлын хатуу тэмцэл өрнөж байна. Чухам МАН-д эзлэгдсэний учир нь энэ сумын АН-д лидер байдаггүй. Өнөөдөр хөрөнгө мөнгөтэй, сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө юм хийж чадах, сумынхаа АН-ын гишүүдийг өөд нь татаад аваад явчих тийм залуус гарч ирэх гэхээр лидер биш хуучин удирдлага нь саад болоод байна. Нэг намын ноёрхол сумын хөгжилд чөдөр тушаа болж, хэдхэн хүний гараар бүх юм үрэн таран хийгдэж, нутаг орны төлөө олон ургальч үзэл уралдахаа больжээ. Ингэж Ху намынханд илжиртлээ идүүлсний бурууг өчнөөн жил тус сумын АН-ын даргаар ажиллахдаа өөрийгөө л борлуулж, довоо шарлуулж амжсан, өрөөл бусад намын нөхдөө ажлын байртай болгох нь битгий хэл, урмын сайхан үгээр ч тэтгэж чаддаггүй, тэгж ч сураагүй Ц.Доржпүрэв үүрэх учиртай. Тэр бол лидер биш, тэр зүгээр л Төв аймгийн намын дарга Д.Доржпүрэвтэйгээ “амьдаа” нэртэй. Түүнд нэг л юм бий. Тэр тамгатай. Тамгатай даргыг тэр чигээр нь авч үлдэх сонирхлын үүднээс өнөөдөр аймгийн дарга “амьдаа” нь Батсүмбэрийн АН-ын хэрэгт хошуу дүрж, хамаг ажлыг нь хойш татсаар сууна. Сумын АН-ын дарга Ц.Доржпүрэв нь өнгөрсөн жил хашаандаа цэцэрлэг барихад мод, модон материал бэлтгэж байгаа нэрийдлээр хууль бусаар мод бэлтгэж байсан нь шалгалтаар илэрч байсан нөхөр. Тэрээр сумынхаа МАН-ынхантай сэм нийлж, нам сүжирч өөрийн ажил үйлсээ амжуулж сурсан нэгэн. Харин энэ сумын төвд Ц.Доржпүрэвээс бусад Ардчилсан намынх гэсэн нэртэй бүхэн адлагдан амьдарч байгаа. Ийм л хүнийг өмчилж хамгаалаад, намынхаа анхан шатны байгууллагын үйл ажилд хөндлөнгөөс нөлөөлөөд байгаа Д.Доржпүрэвийнхээ “тоосыг гүвэх” цаг ирсэн биш үү, Н.Алтанхуяг дарга аа. Таны “Алтангадас” фракцийн гэгддэг энэ нөхөр аймгийнхаа ганц сумын анхан шатанд ардчиллыг дархлаажуулж чадахгүй байгаа юм чинь бүхэл бүтэн аймгийг “барах уу?” гэдэг нь эргэлзээтэй байна. Уг нь Д.Доржпүрэвт Батсүмбэр хэрэгтэй. Өмнөх сонгуулиар 40,38 хувийн саналаар аман хүзүүдэж байсан түүнд Батсүмбэрийн ардчилсан үзэлт нөхдүүд нь чамгүй тусалж байсан. Ирэх жил Д.Дондогийг муу нэр, луу дансан дээр нь жийж гарч ирэх хязгааргүй хүслийг нь биелүүлэгч “алтан загас”-нууд орон нутагт л байгаа. Гэсэн ч “УИХ ганц Батсүмбэрээр дутах юмуу, Батсүмбэрт Ардчилсан Нам унасан ч яадгийн” хэмээн хариуцлагагүй үг амнаасаа унагадаг даргатай улстөрийн хүчин байж болохгүй гэж бодож байна. “Намын хариуцлага, сахилга бат, бодлогын асуудлыг тууштай тавих цаг болсон” гэж Төв аймгийн АН-ынхантай уулзахдаа хэлсэн үгээ АН-ын генсек Д.Эрдэнэбат та эргэн нэг харж энэ аймгийн намын даргатай нүүр тулж ярилцах цаг нэгэнт болжээ. Аймгийн намын даргын суудалд заларсан банкны эдийн засагч залуу чухам яагаад хууль зөрчиж мод бэлтгэгч “амьдаа”-гаа хаацайлан бүхэл бүтэн сумын ардчилсан намын гишүүдээр тохуурхаад байна вэ?
Улаан Батсүмбэрт залуус нь сэрж хөх дөл сүүмэлзэж байна, түшээд авна уу, түлхээд хаяна уу, өөрөө мэдээрэй Н.Алтанхуяг дарга, Д.Эрдэнэбат дарга, Эрхэм АН-ын лидерүүд ээ!
Б.Эрдэнэ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.