“МАН ард нийтийн санал асуулга явуулна гэх байр сууринаас ухраагүй”

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Хэвлэл мэдээллийн газрын дарга Г.Ганбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Генсек Ж.Мөнхбат “МАН-аас өргөн мэдүүлсэн ард нийтийн санал асуулгын талаар үнэн бодит мэдээлэл  өгье” хэмээн хэвлэлийн хурлын эхэнд онцолсон.

11160286_1644477399107015_355185323_n

Тэрбээр зарим хэвлэл мэдээллээр гарч буй “МАН  ард нийтийн санал асуулга явуулах байр сууринаасаа ухарлаа, МАН ард нийтийн санал асуулга хийнэ гэж шоудлаа” гэх мэдээллүүдэд няцаалт өглөө. Энэ талаар “УИХ-ын хаврын чуулганаар Сонгуулийн хуулийг хэлэлцэнэ.  Үүнтэй холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл, Намын бүлэг хуралдаж  сонгуулийн тогтолцоог ямар хэлбэрээр явуулах уу гэдгийг ард түмнээсээ асууя гэж санал нэгдэж тогтоолын төслийг Засгийн газарт санал авахаар өргөн барьсан.  Энэ бол хуулийн дагуу явж байгаа.  Гэтэл зарим хэвлэл мэдээллээр үүнтэй холбоотой ташаа мэдээлэл цацаж байна.  Тэгэхээр бид бүх нийтийн санал асуулга явуулна гэх байр сууринаасаа ухраагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

Түүнчлэн УИХ-ын намрын чуулганы хугацаанд МАН нэлээн хэдэн аймагт ажилласан.  Энэ үеэр иргэдийн санал бодлыг сонсч, сонгуулийг ямар хэлбэрээр явуулах талаар асуухад иргэдийн олонх нь холимог тогтолцоог дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ.  Үүнээс үүдэн намын дэргэдэх судалгааны байгууллагаар судалгаа хийлгэсэн байна.  Судалгаанд оролцсон иргэдийн 93 хувь нь холимог буюу намын нэрсийн жагсаалтаар сонгогддог байдлыг дэмжихгүй гэжээ.  Тиймээс ч иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан тогтоолын төслийг өргөн барьсан хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат онцолсон.  Мөн тогтоолын төслийг  Засгийн газар ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон гэх мэдээллийг өглөө.

Түүнчлэн уг асуудлаар УИХ-ын дарга З.Энхболд байр сууриа илэрхийлсэн.  Тэрбээр ард нийтийн санал асуулга явуулахад ихээхэн хэмжээний мөнгө орно, тиймээс дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.  Харин МАН-ын генсек хэлэхдээ “Энэ бол УИХ-ын сонгууль биш ээ. Тиймээс их хэмжээний мөнгө шаардагдахгүй.  Нөгөө талаар ард түмэн төрийн удирдлага, төрөө бүрдүүлэх тухай ярьж байхад их мөнгө шаардагдана гэж ярьж байгаа өрөөсгөл ойлголт” гэлээ. Тиймээс ч Сонгуулийн хуулийг ямар хэлбэрээр явуулах уу гэдгийг ард нийтийн санал асуулгаар шийднэ гэх байр суурьт МАН хатуу зогсож байгаа хэмээн мэдэгдлээ.  Эцэст нь МАН хэвлэлээр гараад байгаа шиг шоу хийсэн зүйл огт байхгүй гэдгийг дахин онцолж хэлсэн.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас дараах асуултад хариулт авлаа. 

-Ард нийтийн санал асуулга явуулахад хэдэн төгрөгийн зардал гарна гэсэн тооцоо байна вэ?

-АН-ын зарим дарга нар 5-6 тэрбум төгрөгийн зардал гарна гэж ярьж байна лээ. Гэхдээ хамгийн бага зардлаар 1-2 тэрбум төгрөгт батаан санал асуулгыг явуулах боломжтой гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг тэрбум төгрөг гэдэг бол УИХ-ын даргын унадаг бенз машины талаас илүү хувьтай тэнцэх л мөнгө шүү дээ.

-Ард нийтийн санал асуулгыг  УИХ-ын дарга, болоод Ерөнхийлөгч дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.  Ер нь Их хурал дээр унасан тохиолдолд МАН-ын дараагийн арга хэмжээ юу байх вэ?

-Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолыг  УИХ-ын гишүүдийн 3/1 нь өргөн барьдаг хуультай.  Харин 3/2-оор бүх нийтийн санал асуулгыг явуулах уу, үгүй юу гэдгийг  шийддэг заалттай. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж саяхан Үндсэн хуулийн цэцэд  гомдол гаргасан.  Ингээд  Үндсэн хуульд байгаа 3/2 гэсэн босго хүчингүй болсон. Тэгэхээр энэ асуудал УИХ-ын гишүүдийн 50+1 буюу ердийн олонхийн шийдвэрээр хэрэгжээд явах боломжтой. Түүнчлэн бүх ард нийтийн санал асуулгыг явуулна, явуулахгүй,зөв буруу гэдгийг УИХ-ын дарга шийддэг юм биш.  Үүнийг УИХ-ын олонхи гишүүдийн саналаар шийднэ.   Энэ бол аль нэг улс төрийн хүчний үзэмжээр явах асуудал биш.  Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, Үндсэн хуульд заасан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа заалтуудын дагуу явагдана.  УИХ-ын 26 гишүүн гарын үсэг зураад өргөн барьсан.  Энэ асуудлыг парламент хэлэлцээд олонхи дэмжих юм бол бүх нийтийн санал асуулга явна. Харин дэмжихгүй бол унана гэсэн үг.  Ийм л хуультай.  Түүнээс тогтоолын төсөл Их хуралд орж ирээгүй байхад нь парламентын спикер өмнөөс нь шийдвэр гаргах байж болохгүй асуудал.

 

 


URL:

Нэр: zochin Огноо: 20 April 2015

Horvoogiin hog shaaruud yasan ih ym be!

Сэтгэгдэл бичих