Бөхчин, морьчин, бас хөшөөчин …

Улс хувьсгалын 90 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Хүннү гүрний 2020 жилийн ойн баяр наадамтай шууд залгаад эхэлсэн аймгуудын ойн баяр наадмууд ойрноос жаахан татрах төлөвтэй. Олон тэмдэглэлт ой давхацсан Үндэсний их баяр наадмаас гадна аймгуудын даншиг наадмууд урд жилүүдийнхээсээ илүү “данхар” төсөвтэй болж байна. Улсын баяр наадмыг энэ жил улсын төсвөөс гэхэд 1.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Энэ бол ивээн тэтгэгчид, компаниудын хандивыг оролцуулалгүйгээр зөвхөн төсвөөс гаргасан хөрөнгийн хэмжээ. Төсвийн мөнгөнөөс түрүүлсэн бөхөд 15 сая, үзүүрлэсэн бөхөд 10 сая, түрүүлсэн морь тус бүрт таван сая, харваач, шагайн харваачдад дөрвөн сая төгрөгийн бай шагнал олгожээ. Энэ бол урьд өмнө үзэгдээгүй “том тоо”, Сангийн сайд тушаал гаргаж, баяр наадмын бай шагналыг өмнө байгаагүйгээр өсгөсөн нь энэ. Үүнээс өмнө бол улсын наадамд түрүүлсэн  морь, бөхөд олгдог бай шагнал 800 мянган төгрөгөөс давдаггүй байлаа. Нутгийн зөвлөл, ивээн тэтгэгч компаниудын өгдөг байр, машин бол тусдаа шүү дээ.

Гэлээ ч энэ жил аймгуудын наадмын төсөв улсын баяр наадмын төсвөөс хол давж байна. Уг нь ойн баяр нь тохиож байгаа аймгуудад төсвөөс 20, 20 сая төгрөгийн санхүүжилт өгсөн юм гэнэ лээ. Харин аймгуудын наадам энэхүү төсвөөс хол түрүүлж, тэрбумаар хэмжигдэж эхэлсэн нь хэний ч нүднээ ил харагдаж байна. Аймгийн Засаг дарга нар “Ойгоо угтаад нутгийнхнаасаа хандив цуглуулсны хүчинд наадам сайхан боллоо” гэж аархах.

Одоогийн байдлаар Сэлэнгэ, Дархан, Хөвсгөл, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнод, Ховд, Увс аймгууд 50, 60, 70, 80 жилийнхээ ойг тэмдэглээд байна. 1931 онд хийгдсэн Засаг захиргааны нэгжийн шинэ хуваариар байгуулагдсан аймгууд 70 жилээ, бусад нь 80 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа юм. Тэгш ойн баяраа бусдын өмнө нүүр улайхгүй хийнэ, хол ойроос зочин гийчин урьсан гээд чухам л дээр дороо оролцожж, эхэлж наадсан аймгуудын бай шагналын ханшийг дараа дараагийн аймгууд нь буулгахгүй байх, болж өгвөл давж гарахаар урд өмнөө орон уралдаж байна.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат лав аймгийнхаа ойгоор 10 сая төгрөгийн үнэтэй сэтгүүл тараасан гэнэ. Бодвол дотор нь бичүүлэх зүйл байсан болоод тэр биз. Улсын наадамд шөвгөрсөн шинэ арсландаа нутгийн зөвлөл нь 120 мянган ам.долларын үнэтэй “Lexus 570” машинаар байлсан гэж байгаа. Яах вэ, бусдыгаа бодвол газар тариалантай аймаг юм даа.

Өмнөговьчууд наадмынхаа түрүү бөх, морийг 15 саяар байлж, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ тус бүрт нь нэг нэг жийп өгсөн гэнэ. 70 жилийнхээ ойг хийж буй Дундговьчууд ч юу дутах вэ, зөвхөн зургаан насны түрүүндээ 100 саяын үнэтэй “Ланд 200” машин зургааг өгч, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдалцсан хүмүүсийн нэг Чин Ван Г.Чагдаржавынхаа морьтой хөшөөг хүрлээр босгожээ. “Мон Уран”-ын Б.Наранхүүгийн улсад зургаа түрүүлсэн шарга азарганд хүртэл аймгийн төв талбайд хөшөө босгоод амжсан байна лээ. Наадмын түрүүг нь 600 сая төгрөгөөр байлчихсан хөрөнгөтэй хүн ёстой “лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” хамаа байж уу. Нутгийнхан ч “Манай Наранхүү аймгийн наадмыг ёстой сайхан зохион байгууллаа” гээд хөл газар гишгүүлэхгүй байна лээ.

Дорноговийнхон ч мөн л морь бөхөө улсын наадмаас гарсан жишгээр 10-15 саяар л байлсан гэцгээж байгаа ч хөшөө хүрэлдэхээ бол мартаагүй. Ноён хутагт Данзанравжаагийн музейн хашаанд байсан хуучин шавар хөшөөг гаргаж хаяад, оронд нь хүрлээр хөшөө босгож, чөлөөлөх дайны баатар Данзанваанчигийнхаа хөшөөг аймгийн төв талбайд хүрлээр цутгасан гэж байгаа. Тэгсэн хэрнээ Сайншандаас Замын-Үд рүү тавьж байгаа авто зам таван км тасарчихаад байхад гар хүрэх хүн байхгүй л байгаа юм даа. Нийслэлийнхэн Сүх жанжныхаа хөшөөг хүрэлдсэнээс хойш аймгуудад бас хөшөө хүрэлдэх аян өрнөж байгаа бололтой.
Харин Ховдчууд 80 жилийнхээ ойг арай даруухан тэмдэглэж, түрүүлсэн морь, бөхийнхөө бай шагналд нэг нэг “УАЗ-469” өгөөд аймгийн төв рүү орсон хар замынхаа нээлтийг хийж, тууз хайчилсан сурагтай. Өнгөрсөн жил Шадар вангийн мэндэлсний 300 жилийн ойг нэг тэрбум төгрөгөөр хийхдээ 360 саяар нь ганц хөшөө /Манжид хорлогдсон Чингүнжавыг хөшөөг Хятадад цутгуулж, суурин дээр нь МАХН-ын дарга нарын нэрийг сийлсэн байсан/ бэлгэнд авсан Хөвсгөлчүүд ч бас сургамж авсан янзтай. Ямар ч байсан энэ жил театрынхаа хажуу талын цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, хүүхдийн тоглоомын талбай шинээр байгуулсан гэнэ. Тоглоомын талбайг орон нутгийн төсвөөр, харин цэцэрлэгт хүрээлэнг нь “MCS”-ийн гүйцэтгэх захирал А.Энх-Амгалангийн “Нэг үе” клубээс тохижуулж өгсөн гэнэ лээ. Гэхдээ л 80 жил хөгжсөн аймагт 80 давхар байшин барих чадал байдаггүй юм гэхэд найман настай хүүхдийн тоглоомын талбай лав мөрөөдөл биш ээ.

Хоёр долоо хоног үргэлжилсэн аймгуудын ойн баяр наадмын өнгө төрх, бэл бэнчинг сонжиход нэг иймэрхүү. Чухамдаа энэ өдрүүдэд Монголд морь, бөх, хөшөө гурав моод болж, үнэ ханш, өгөө аваа нь тэнгэрт хадав. Б.Наранхүү уяач улсын наадамд үзүүрлэсэн хээр азарганы эзэнд наадмын өглөө 500 сая төгрөг бэлнээр тоолж өгөөд өөрийнхөө нэр дээр цоллуулсан гэнэ лээ. Үндэснийхээ спортыг өдий хэмжээнд хөгжүүлж, нэр хүндийг нь өсгөж байгаа нь нэг талаар сайн хэрэг. Гэвч нөгөө талаас монголчуудын хувьд хэрээсээ хэтэрсэн тансаглал, хэт үрэлгэн байдал хөгжлийн чөдөр тушаа болсоор удаж байна.

Наадмын өглөө зурагтаар гэмгүй нэг хошигнол гарав даа. Манлай уяач нөхөр бие хамгаалагчаараа түшүүлж, идээ будаа дэлгэсээр мориныхоо уяан дээр ирэхэд жинхэнэ уяачийн гэрийнхэн адууныхаа тэжээлд өгсөн хивгээр гамбир зуурч идээд зангирч суудаг. Амьдрал дээр яг тийм юм хаа л байв гэж. Гэхдээ монголчуудын өдөр тутмын амьдрал, баяр наадмын тансаглал хол зөрүү энэ бяцхан “сюжет”-тэй их дөхөж очоод байгаа юм биш үү. Наадмын түрүүг 500 саяар худалдаж авч байгаа манай бизнесмэнүүд, начны давааг 250 саяар үнэлж байгаа нутгийн зөвлөлийнхөн монгол хүний өөрийнх нь үнэлэмжийг яаж бий болгож, хэрхэн үнэлж байна вэ. Монголыг монголчууд хөгжүүлж, баяжуулах уу, эсвэл морь, бөх хоёроо оройдоо залчихаад наадаад суух уу?

Наадмын маргааш намар ч гэдэг. Ядахдаа намартаа бэлтгэсэн нэг ч гэсэн аймаг орон нутаг эдэн дотор байна уу. Өвлийн өвөлд өвс тэжээлийн дутагдалд орж, лаа шүдэнз, элгэвч нэмнээний эрэлд хатдаг малчид маань хадлангаа бүрэн авсан болов уу. Нутгийн бизнесмэнүүд чинь тэр үед харин гараа сунгах болов уу?

Дээр нь энэ олон хөшөө дурсгал. Өнгөрсөн зуныг зусан суварга босгосон монголчууд энэ зуныг зусан хөшөө хүрэлдэж өнгөрөөлөө. Сонирхохнээ, нэг бол дарангуйлагч хамгийн ихээр төрсөн, үгүй бол сөнөж мөхөж байгаа улс орнууд л хамгийн их хөшөө дурсгал босгодог юм гэнэ лээ. Монголчууд бидний үнэхээр сөнөж мөхөх цаг нь дөхөж байгаа юмсан уу?

Б.СЭМҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.