Б.Батзориг: Мах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортолно

4-22-4_700x700Цаг үеийн асуудлаар ХХАА-н дэд сайд Б.Батзоригтой ярилцлаа.

-ХХАА-н дэд сайдаар ахлуулсан баг Бээжинг зорих гэж байгаа гэсэн. Ямар ажлаар явж байгаа вэ?

-Энэ жил малын тоо толгой 51.9 сая хүрсэн. Эдийн засаг хүнд байгаа учраас ХХААЯ-наас мах экспортлох, ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гаргахад анхаарч байна. Энэ зорилгоор 15 аж ахуйн нэгж, 50 хүний бүрэлдэхүүнтэй баг Бээжин хотод ажиллахаар явж байна. Хятадын талаас 100 гаруй компани оролцохоор мэдүүлэг өгсөн. Энэ арга хэмжээ БНХАУ дахь Монголын Элчин сайдын газар зохион байгуулагдах юм. Гол нь мах махан бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломжийг судлана. Уулзалтын хүрээнд БНХАУ-ын ХХАА-н дэд сайд болон хорио цээрийн дэд сайдтай уулзаж экспортын нөхцлийг тохирно. Энэ удаагийн уулзалт манай улсаас мах, махан бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох боломж нээгдэх юм.

-Манайд олон улсын чанар стандартын шаардлага хангасан үйлдвэр, аж ахуйн нэгж хэд байдаг вэ. Урд хөршид мах экспортлох компаниудын талаар мэдээлэл өгнө үү?

-Саяхан “Мах импекс” компани ISO90012008 олон улсын стандартын гэрчилгээ авсан. Энэ маш чухал үзүүлэлт. Мөн Хятад улсын Хорио цээрийн газраас манай улсын таван аж ахуйн нэгжээс мах экспортлох тухайгаа хэлсэн. Тухайлбал “Мах маркет”, “Монгол эко мах”, “Грийн грэйс лэнд”, “Монгол эко мах”, “Дархан меат фүүд”  компани урд хөрш рүү мах экспортлох боломжтой. Эндээс харвал боломж байгаа гэсэн үг. Түүнчлэн аж ахуйн нэгж болон аймаг сумдаас таваарын малыг экспортод гаргах санал ирүүлж байна. Мөн бусад орнуудаас ч таваарын мал авах санал ирүүлж байгаа. Тэгэхээр энэ нөхцөл бололцоог судлан, уулзалтын үеэр ярилцана.

-Энэ жил хэдэн тонн мах экспортлох төлөвлөгөөтэй вэ?

-Энэ жилийн тухайд 64.4 мянган тонн мах экспортлох бодлого барьж байна. Энэ нь ойролцоогоор зургаа орчим сая тоо толгой мал юм.

-Махны экспорт нэмэгдэж байна. Түүнээс гадна таваарын мал гаргадаг болвол дотоод зах зээлд махны үнэ өсөх үү?

-Дотоодын махны үнэ өсөхгүй. Манай улс жилд 260 гаруй мянган тонн махны хэрэглээтэй. Тэгэхээр дотоодын хэрэглээнээс гадна дээрх хэмжээний махыг экспортлох бүрэн боломжтой. Хэрэв мах махан бүтээгдэхүүн, таваарын малыг экспортод гаргаснаар малчид мөнгөтэй болохоос гадна эдийн засагт валютын урсгал нэмэгдэх юм. Зөвхөн уул уурхайгаас хараат эдийн засагтай байсан үе бидэнд бий. Цаашдаа хөдөө аж ахуйн салбар улсын хөгжил болон төсөвт нэлээдгүй хувь нэмэр оруулах болно. Үүний тулд зөв менежментээр удирдах хэрэгтэй. Ингэснээр валютын урсгалыг нэмэгдүүлэх гарц болох юм. Ер нь эдийн засгийг сэргээхэд хүнс, хөдөө аж ахуйн салбар чухал үүрэг гүйцэтгэх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих