“Хан Ресурс”-т төлөх 100 сая ам.долларын өр өдрөөс өдөрт өссөөр байна

1430092110553d794e0e7c9

“Хан Ресурс” компанийн захирал Жим Доак амиа алдсан тухай мэдээлэл бол өнгөрсөн долоо хоногийн хамгийн онцлох хэрэг явдлаар нэрлэгдэж байна. Талийгаачийг нас барсан байдалтайгаар энэ сарын 23-ны өглөө “ “Blue skу” зочид буудлын өрөөнөөс олсон.

Тодруулбал, Тэрбээр 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр 08.40 цагийн үед гаднаа ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсан. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн анхан шатны дүгнэлтээр гадны ямар нэг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан. Өчигдөр шүүх эмнэлгийн задлан шилжилгээнд оруулсан. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар өвчний улмаас нас барсан гэх мэдээллийг өгөөд байна. Нарийн шинжилгээний дүн 14 хоногийн дараа гарна.

Хэрэг явдал гарсан даруйд учир мэдэх хүмүүс Жим Доакын үхэлд Канадын тал манай улсыг буруутгах магадлалтай. Энэ нь цаашлаад хоёр орны харилцаа болон манай улсын олон улсын тавцан дахь нэр төрд сөрөг нөлөө үзүүлж болохуйц хэмээн тайлбайрлаж байсан юм. Үнэхээр ч тэгж болзошгүй аюултай нөхцөл байдал үүсгээд байсан.

Харин азаар гэж болохуйц Жим Доакын ар гэрийнхэн Торонтогийн хамгийн том хэвлэлд нэгэн нийтлэлийг өнгөрсөн баасан гарагт гаргажээ. Тэрхүү нийтлэлдээ ноён Жим Доакыг нас барсан талаар бичсэн бөгөөд гадны ямар нэгэн гадны нөлөөгүйгээр өвчний улмаас хэмээжээ.

Биднийг олон улсын тавцанд хүндхэн байдалд оруулж магадгүй байсан “Хан Ресурс” компанитай холбоотой өрийн асуудал 2009 онд эхэлсэн түүхтэй. Тодруулбал 2009 он хүртэл Дорнод аймаг дахь ураны ордын тусгай зөвшөөрлийг Канадын “Хан Ресурс” компани эзэмшиж, үйл ажиллагаа явуулж ирсэн. Харин 2009 онд урт нэртэй хууль баталсантай холбогдуулан тус компанийн эзэмшиж байсан ураны лицензийг хурааж авсан юм. Үүнээс улбаалан “Хан Ресурс” компани олон улсын арбитрын шүүхэд хандаж хоёр, гурван жилийн турш заргалдсан түүхтэй. Ийнхүү монголчууд томоохон хөрөнгө оруулагчаа хөөж гаргасны нэгэн жишээ нь энэ юм.

Харин үлэмж хэмжээний алдагдал хүлээсэн Канадын компани зүгээр сууна гэж юу байхав. Тэд Олон улсын Арбитрын шүүхэд хандаж, 300 сая гаруй долларыг Монголын Засгийн газраас нэхэмжлэв.

Ингээд өнгөрсөн хавар Нидерландын Гааг хотноо болсон олон улсын арбитрын шүүх манай Засгийн газрын буруу хэмээн шийдвэрлэсэн. Арбитрын шүүхийн нэхэмжлэл гарснаас хойш уг төлбөрийн хүү бодогдож эхэлсэн бөгөөд өдрийн хүү 6,485 ам.доллараар нэмэгдэж байгаа.

Манай тал анхнаасаа энэ асуудалд өөрсдийгөө буруугүй хэмээн үзэж байгаа юм. Дорнодын ураны орд газрын тусгай зөвшөөрлийг “Хан ресурс” компани эзэмшиж байгаагүй гэнэ. Гурван улсын хамтарсан “Төв Азийн уран” компани 237 А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байж. Энэ компанийн 58 хувийг “Хан ресурс”, 21 хувийг Монгол Улс, 21 хувийг Оросууд эзэмшиж байжээ. Ингээд улсын төсвөөр эрэл хайгуул хийсэн орд газруудын 51 хувийг Монголын төр эзэмших ёстой гэсэн хуулийн заалтын дагуу оросуудаас найм, “Хан ресурс”-ээс 22 хувийг нь Монгол Улс өөртөө шилжүүлэн авсан. Тэгээд ч “Хан ресурс” компани олон зөрчил дутагдал гаргаж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй нь тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлтэй хэмээн үзэж байв.

Гэвч арбитрын шүүхэд ялагдал хүлээсэн. Шүүхийн дүгнэлт гарсан цагаас хойш давж заалдах эрх нь манайд одоогоор байгаа бөгөөд ЗГ-аас энэ талаар ямар нэгэн байр сууь илэрхийлэлгүй өдийг хүрлээ.  Энэ хооронд төлөх өрийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдсээр л байна.

Г.Бат


URL:

Сэтгэгдэл бичих