П.БОЛДСАЙХАН: АЙМГИЙН НАМЫН 93 ГИШҮҮНИЙ 70-ААДЫГ НЬ ХАСЧИХААД БАЙНА

1430035455_10439391_894257690609256_7278618901000722087_nДорнод аймгийн Хэрлэн сумын Ардчилсан намын дарга П.Болдсайхантай ярилцлаа.

 

-”Ардчилсан нам фракцгүй нам боллоо” гэж танай намын дарга З.Энхболд албан ёсоор зарлалаа. Энэ шийдвэрийг орон нутгийн Ардчилсан намынхан болон гишүүд дэмжигчид хэрхэн хүлээн авч байна вэ?

-Ерөнхийдөө дэмжиж байгаа. Фракц гэдэг манай намд газар авч, аймаг, сум дүүргийн анхан шатны байгууллагууддаа нөлөөлөх хэмжээнд хүрсэн. Энхболд даргын маань уриалга биелэлээ олвол үнэхээр сайхан байна.

-Сүүлийн үеийн судалгаагаар иргэд сонгогчдын намд итгэл буурсан үзүүлэлт ажиглагдаж байна. Танай нутгийнхны хувьд намд итгэх итгэл үнэмшлийн тухайд ямар дүр зураг ажиглагдаж байна вэ?

-Намд итгэхгүй байх асуудал мэр сэр байна. Тэр дундаа сүүлийн үед намын идэвхтэй ялангуяа ахмад гишүүд, дэмжигчид зарим талаараа сэтгэл алдрах үзэгдэл ажиглагдаж байна. Нам удирдаж буй хүн гишүүдийнхээ эв нэгдлийг хамгаалж, хооронд нь холбож явах учиртай. Гэтэл сүүлийн үед манай Дорнод аймгийн Ардчилсан намын дотоод зөрчил газар авч, гишүүддээ хүртэл нөлөөлсөн. Хэн нь дарга нь мэдэгдэхгүй байдлаас болоод эргэлзэж байгаа хүмүүс маш олон байна.

-Таныг Дорнод аймгийн Хэрлэн сумын Ардчилсан намын дарга гэдгийг саяхан олж мэдлээ. Хэдийд энэ албан тушаалд сонгогдсон юм бэ?

-2014 оны долдугаар сард намын зөвлөлийн хурлаас энэ албан тушаалд сонгогдсон. Өмнө нь энэ албыг хашиж байсан хүн төрийн албан хаагч болсон, миний бие Хэрлэн сумын Ардчилсан намын дэд даргаар найман жил ажилласан учраас намын тамга тэмдэгээ албан ёсоор хүлээлгэж өгсөн. Нам дотооддоо зөрчилдөөнтэй үед сонгуульт ажил авна гэдэг хэцүү юм байна. Намын байрандаа орж, үйл ажиллагаа явуулах ч боломжгүй байна.

-Тэгэхээр таныг Хэрлэн сумын Ардчилсан намын даргаар дүрэм ёсоор сонгогдсон гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ. Хууль дүрмийн дагуу, намын гишүүдийнхээ олонхийн дэмжлэгийг аваад сонгогдсон. Манай намын хувьд сумын төв дээрээ 10 багтай, баг тус бүр нэг нэг үүртэй. Гучаад хүний бүрэлдэхүүнтэй сумын намын зөвлөлийн 50-аас дээш хувь нь цуглан хуралдаж, олонхийн дэмжлэг авч сонгогдсон.

-Хэрлэн сумын Ардчилсан намд дотоодын ардчилал, эв нэгдэл хэр байдаг вэ?

-Нам дотооддоо асуудал харьцангуй бага. Гэвч сумын намыг оролдоод л байна. Өөрсдийн хүнийг томилох сонирхолтой нэгэн байхад, сумын намыг хоёр хуваах сонирхолтой хүмүүс бас бий. Надаас өөр даргатай гэж ярьж байна. Би гайхаад байдаг юм. Ямар учиртай хүн хаанаас хэзээ сонгогдсоныг нь мэдэхгүй. Орон нутгийн намыг удирдаж буй хүн олонхийн эрх ашгийг дээдлэн хүндлээд, дотоод ардчиллаа зөв чиглүүлж авч явах ёстой. Гэтэл өөрт нь таалагдаагүй хүн болгоныг буруутгаад, чи намын дарга биш гэхчилэн фракцын буюу цөөнхийн эрх ашгийн үүднээс ад үзээд байгаа нь ч мэдэгдэхгүй, хавчаад байгаа нь ч мэдэгдэхгүй ажиллаад байгааг харахаар сонин санагдаад байгаа юм.

-Дорнодын Ардчилсан нам дотооддоо зөрчил ихтэй, тамга тэмдгээ авч зугтсан гэсэн асуудал ноднингоос хойш яригдаж байна. Энэ асуудал цэгцэндээ орж, нэг тийш шийдэгдсэн үү?

-Манай намын хорооны гишүүд ээлжит бус хурлаа хоёр удаа хуралдуулсан. Энэ хурлаас Цэрэнчимэг даргыг чөлөөлөөд, Ганбат гэдэг хүнийг сонгосон юм. Энэ сонгууль дүрмийн дагуу явагдсан. Гэтэл Цэрэнчимэг дарга үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гээд тамга тэмдгээ өгөлгүй, гишүүдийн хооронд зөрчилдөөн бий болгоод яваад байгаа юм. Ээлжит бус хурлын шийдвэрийг хүчингүй гэж үзээд, аймгийн намын 90 гаруй гишүүнээс 70-аадыг нь намын хорооны гишүүнээс хасчихсан.

-Ямар үндэслэлээр тэр вэ?

-Татвараа төлөөгүй гэсэн шалтгаанаар. Оронд нь баахан хамаатан садан, ах дүү хамаатан садангаа оруулчихсан бололтой. Ээж хүү, авгай нөхрүүд орсон гэсэн юм яригдаад байдаг. Үүрүүд дотроо хуралдаад, үүрийн гишүүд ардчилсан хэлбэрээр чөлөөтэй сонгогдох эрхийг нь хүндлээд өрсөлдөх ёстой. Тэр дундаас олонхийн санал авсан гишүүн намын хорооны гишүүн болдог. Гэтэл үүрүүд дээр хурал хийгээгүй байхад автоматаар баахан хүмүүс оруулчихсан юм билээ. Миний хувьд сумын намын даргын албан ёсны тамга тэмдгийг хүлээж авсан. Энэ талаар бид төв нам руу хүсэлт мэдээлэл өгсөн. Тодорхой хариу ирүүлээгүй байна. Ингэж олонхийн эрх ашгийг хөндөж, гишүүдээ олноор нь намаас халж байгаад гишүүд маань дүргүйцээд байгаа юм. Өмнө нь олон ч хүн намын даргаар сонгогдож, ажлаа авч, хүлээлгэн өгч л байсан. Хэзээ ч ийм байдал гаргаж байгаагүй. Хэдийгээр фракц гэж байсан ч адилхан л хоорондоо өрсөлдөөд, сонгуулиа хийгээд, ойлголцоод болоод л явдаг байсан. Одоо дотоод ардчилал гэж зүйл бараг байхгүй болчихлоо. Гишүүдийн олонхиороо сонгогддог зарчим байхгүй болж байна.

-Хэрлэн сумын Ардчилсан намын нэр бүхий гишүүдийг шүүх цагдаад өгсөн мэдээлэл бий. Ямар учраас хууль хяналтын байгууллагад дуудагдсан юм бэ?

-Цэрэнчимэг дарга өөрт таалагдаагүй хүнийг намаасаа явуулах гээд байна уу. Өнөөдрийн байдлаар сумын Ардчилсан намын нөлөө бүхий, аймгийн Иргэдийн хуралд сонгогдоод ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа хэд хэдэн хүнийг цагдаа шүүхэд өгч, бүр аймгийн иргэдийн хурлаас нь татна гэсэн хүсэлт гаргаж өгөөд байгаа юм. Ажил үүргээ ном ёсоор нь гүйцэтгээд яваа хүмүүсийг чөлөөлнө гэж юу байх вэ. Миний хувьд ч бас тайлбар өгөөд явж байна. Дотооддоо асуудлаа шийдээд явах ёстой. Намын дотоод асуудлаа олон нийтэд дэлгээд, цагдаа шүүхээр яваад байх онц биш л дээ.

-Цэрэнчимэг гэж энэ эмэгтэй хэдийд танай намын даргаар сонгогдсон юм бэ?

-2012 онд, сонгуулийн өмнө сонгогдсон. Дорнод аймгийн Ардчилсан намыг сонгуульд ялагдуулсан хүн. Намын дүрмээр сонгуульд ялагдуулсан бол сонгуульт ажлаа өгөх ёстой. Гэтэл ажлаа өгөлгүй гурван жил гаруй хугацаа өнгөрч байна. Намаа илүү сайжруулж, сайн авч явах байх гэж манай намын хорооны гишүүд сонгосон байх. Одоо байгаа байдал нь цагдаа шүүхээр явсан, Дорноддоо байхаасаа байхгүй нь голдуу л байдаг юм шиг билээ. Намын үүд хаалга байнгын хаалттай шахуу, намаар орж гардаг хүний тоо ч их цөөрсөн байна.

-Энэ байдлаас Ардчилсан нам олонхи болдог Дорнод аймагт ардчиллын рейтинг буурч байгаа юм болов уу гэсэн бодол төрлөө?

-Тийм байж болох юм шүү. Удирдлага нь ийм байхаар гишүүд нь хүртэл итгэл алдарна л даа. Уул нь намын удирдагч хүн бүгдийг мэдрэх ёстой. Нам гэдэг олон нийтийн байгууллага. Гишүүдийн тоогоо нэмж тэлж байх ёстой. Гишүүдээ халж, хавчдаг нам хаана ч байж таарахгүй.

-Танай намд намын залгамж халаа, боловсон хүчин хэр хангалттай вэ?

-Өмнөх дарга маань залуучуудаа их дэмждэг байсан. Намын бараг 30 хувь нь залуучууд. Фракц, үл ойлголцол залуучуудыг ч бас дотор нь хоёр хуваагаад байсан. Одоо фракц гэдэг зүйл байхгүй болчихвол үнэхээр сайхан байна.

-Аймаг, сумын нам тус тусдаа даргатай үйл ажиллагаа явуулдаг биз дээ?

-Тусдаа л даа. Тусдаа тамга тэмдэгтэй, зөвлөлтэй, идэвхтэй тогтолцоотой. Аймгийн нам дотооддоо асуудал ихтэй байж сумын намыг дотор нь бас хоёр хувааж, хоёр даргатай болгож явмааргүй байгаа юм. Албан ёсоор сонгогдсон дарга, тамга тэмдэг нь байна. Гишүүд дэмжигчид хоорондоо холбоотой үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэтэл өөр хүнийг даргаар тавих гээд, тамгыг маань төрөөр далайлгаж авах хэмжээний ойлголт төрүүлээд яваад байгаа. Миний хувьд энэ асуудалтай холбоотой тогтоол, шийдвэр гээд албан ёсны бичиг баримтуудыг цагдаад гаргаж өгсөн. Одоо сонгууль дөхөж байна, цагдаа шүүх гэж явмааргүй байна. Гишүүд дэмжигчид маань ч хэлж байна, гишүүд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулмаар байна. Намын болон хүмүүсийн эрх ашгийг хамгаалмаар байна, бодлого тодорхойлж оролцмоор байна гэдэг.

-Удтал үргэлжилсэн энэ маргаан тэмцэл хэдийд төгсгөлөө олох бол?

-Манай Ардчилсан намын генсек Дорнод аймагт хоёр өдөр ажиллах юм билээ. Аль аль талыг нь хүлээж авч уулзаад, дүрмийн дагуу зөвлөмж зөвлөгөө өгч, сонсоод, тодорхой шийдвэрт хүрэх болов уу гэж бодож байна. Олон урьгалч үзэл нэгдэж байж энэ ардчилал гэдэг зүйл бий болдог гэж би ойлгодог. Шүүмжилсэн болгоныг дайсан мэтээр харж, хавчиж дарамталвал ардчиллын үнэт зүйл алга болно. Шүүмжлэх зүйл байна. Түүнийг хүлээж авахын оронд дайсан мэтээр хандаж болохгүй гэж бодож байна.

-Таны хувьд тамга тэмдгээ өгөхгүй, авч зугтаасан асуудал бий юү?

-Байхгүй ээ (инээв.сурв). Надад ийм улс төрийн соёл байхгүй. Би Дорнод аймгийн Ардчилсан залуучуудын холбооны даргаар таван жил ажилласан. Залуу хүний хувьд тодорхой хэмжээний мэдлэг, туршлага хуримтлуулж явна. Дамжих ёстой үе шатаа дамжаад, итгэл үнэмшлээ хамгаалж, олны итгэл дэмжлэгийг хүлээгээд явснаас намын хаалга үүдийг эвдэж, тамга тэмдгээ булааж аваад, нуун дарагдуулах сэтгэл надад байхгүй. Олон нийтийн байгууллага удирдаж яваа хүний хувьд тийм айхтар зан гаргаад явах зохисгүй.

 

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих