Ирээдүйн компьютерүүд маш нимгэн болно

Ирээдүйд бидний хэрэглэж байгаа нөүтбүүк тэр ч бүүхэл ширээний компьютерүүд хүртэл маш нимгэн болох төлөвтэй байна. Үнэндээ энэ нь тийм ч холын ирээдүй биш. Учир нь “Apple” компани 13 инчийн macBook Air-ийн дэлгэцээ бичгийн цаас мэт нимгэн хийж олон нийтийн анхаарлыг ихээр татаад байгаа билээ. АНУ-ын технологийн судалгааны ажилтнууд ирээдүйн компьютерийн дэлгэцний хүрээ нь нүдэнд үл үзэгдэх бөгөөд маш хөнгөн болно гэжээ. Энэ нь ирээдүйд учрах “гэнэтийн бэлэг” гэвэл хараахан биш. Учир нь бидний нүдэн дээр компьютерийн загвар хийц хувисч, өөрчлөгдөж байгаа шүү дээ. Одоогоос 50 гаруй жилийн тэртээ асар том, нэг өрөөг дүүргэчих хэмжээтэй байсан анхны компьютерүүд бидний цаг үед ширээн дээр тавьчих хэмжээний, бүр цаашлаад бичгийн цаасны хавтасанд хийх хэмжээний болтлоо нимгэрсээр, жижгэрсээр байгаа билээ. Хэмжээний хувьд хувьсаад зогсохгүй бүх нөүтбүүк, ширээний компьютерт USB оролт, бүх төрлийн уншигч картууд суулгах болов. Цаашлаад CD, DVD хүртэл уншдаг болж Bluray гэх шинэ технологи ч “мэндэллээ”. Энэ нь гагцхүү хэрэглэгчдийн “Бүгдийг нэг доор хийдэг байх” гэсэн чин хүсэл дээр тулгуурлаж зохион бүтээгдсэн юм. Гэвч орчин цаг үед тэд “Бүгдийг нэг дор-гэхдээ авсаархан” хэмээн хүсдэг болж хувирсан билээ. “Хэмжээ нь жижигрэх тусам хүмүүс бүх төрлийн уншигч оролтуудыг хүсч байна. Энэ нь ирээдүйн компьютерийн хувьсалд маш чухал нөлөөлнө. Ирээдүйн компьютерүүд маш нимгэн жижиг хэдий ч бүх төрлийн уншигчтай байж хувьсахад хүргэнэ шүү дээ” гэж Resolve Market Research компанийн менежер Дисери Девис хэлж байна.

Чухамдаа энэ хувьслын эхний төлөөлөгч болж MacBook Air мэндэлсэн. Яг үүн шиг компьютерүүдийг орчин цагт “Ultrabook” хэмээн нэрлээд байгаа билээ. Удахгүй “Apple” компани ширээний компьютерийн хамгийн жижиг хувилбарыг зохион бүтээх гэж байна. Үүний эхлэл болгож одоогоос зургаан жилийн тэртээ эхний загвараа олон нийтэд хүргэсэн юм. Энэхүү загвар нь олон төрлийн онцлогтойгоос гадна дэлгэцээ хүссэн хэмжээгээрээ томруулж болох боломжийг мөн агуулсан байна.

Орчин цагийн бүх компьютерүүдийн USB оролтууд бүгд нүдэнд харагдахуйц, мөн Flash диск нь ч хэмжээгээр гарт баригдахуйц байгаа билээ. Харин ирээдүйд энэ оролтууд нүдэнд харагдахгүй бөгөөд Flash диск нь жижиг “чип” хэлбэрт орж, USB-ийн олон нүхнүүд бүгд алга болох аж. Ширээний компьютер харин процессор гэх чухал эдээсээ бүр мөсөн салах бөгөөд энэ нь дэлгэцийн хажууд байдаг товчлуурын хэмжээгээр солигдох юм байна. Ирээдүйн компьютерүүдийн хийц ч мөн өөрчлөгдөх гэнэ. Ихэнх нөүтбүүк өнөөдөр хөнгөн цагаан материалаар хийгдэж байгаа ч ирээдүйд хуванцар материал болж өөрчлөгдөх юм. Мөн хэрэглэгчдийн сонирхолд тулгуурлан модоор, чулуугаар ч хийж болох боломж бидний урд байгаа ажээ.

“Жингийн хувьд маш хөнгөн тэгээд ч үзэмжийн хувьд яаж ч өөрчилж болдог учир орчин үеийн компьютерүүд хөнгөн цагаанаар бүтэх болсон. Харин саяхнаас хуванцар эдээр хийдэг болж өөрчлөгдөөд байгаа энэ бол маш том дэвшил. Хуванцар материалын хэмжээ болон үзэгдэх байдлыг яаж ч өөрчилж болно шүү дээ. Тиймээс л MacBook Air мэндэлсэн” гэж iFixit технологийн хүрээлэнгийн мэргэжилтэн Мирослав Журич мэдэгдсэн байна. Ирээдүйд хүлээж байгаа бас нэг өөрчлөлт гэвэл компьютерийн гар, мауз огт хэрэггүй болох аж. Харин нэг нимгэн дэлгэц байх бөгөөд та өөрийн гараараа юуг ч, яаж ч хийж болох боломж таны өмнө ирэх юм. Ирээдүйн компьютерүүд өөртөө сүлжээг автоматаар унших төхөөрөмжөөр тоноглогдох бөгөөд интернетэд орох гэж хэдэн секунд хүлээх шаардлагагүй бөгөөд хэдэн дойлын хугацаанд л хүссэн зүйлсээ интернэтээс олж болох аж. “Бидний хүлээж байгаа энэ өөрчлөлтүүд үнэхээр боломжтой гэж үү? Яаж энэ зүйлсийг хийх юм бэ? Тэгвэл энэ яриад байгаа зүйлсүүд үнэхээр боломжтой. Бүх зүйлсийг ганцхан хавтан дээр маш нарийн системчилсэн кодын дагуу суурилуулах бөгөөд үүнд хэдхэн жил л шаардлагатай” гэж Мирослав Журич цааш нь хэлсэн байна.

Биднийг ямар ч байсан технологийн хувьсал хүлээж байна. Хүн төрөлхтөний бүгдийг чадах гэсэн эцэс төгсгөлгүй хүсэл нь технологийн хувьслыг эхлүүлсэн билээ.

Б.БОЛОРСҮХ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.