Хувийн банкуудыг яагаад томруулахаар болов?

-ТОМ БАНКУУД ЖИЖГҮҮДЭЭ ЗАЛГИХААР ШИЙДСЭН БАЙЖ БОЛНО-

Монголбанк арилжааны банкуудын дүрмийн санг хоёр дахин өсгөх шийдвэр гаргажээ. Одоогоор манайд 16 арилжааны банк байгаа бөгд тэдгээрийн найм нь Монголбанкны шаардлагад нийцэж байгаа аж. Өмнө нь банкуудын дүрмийн санг найман тэрбумаар тогтоож байсан бол одоо 16 тэрбум төгрөгтэй байж л банк байгуулах эрхээ олж авиа. Монголбанкныхны тайлбараар бол банкуудыг томруулах нь олон талын ашигтай гэнэ. Банкуудын зээлийн чадвар нэмэгдэнэ. Өрсөлдөөн бий болсноор зээлийн хүү буурах магадлал ихэснэ. Гэхдээ энэ бол дүрмийн сан өсгөсний нэг л талын тайлбар.

Харин дээрх шийдвэрт эргэлзэх тэр бүү хэл эсрэг саналтай иргэд цөөнгүй байна. Тэдний үзэж буйгаар бол иргэд баяжиж банк томордог болохоос банк нь томроод иргэд баяждаг тохиолдол байдаггүй. МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдын хэлснээр иргэдийн 38 хувь нь амьжиргааны түвшин доогуур, 5-8 хувь маш чинээлэг амьдралтай байна. Энэ тохиолдолд банк томрох нь хэнд ашигтай вэ гэсэн асуулт гарна. Хүн амын тарчигхан 38 хувьд банк томрох, жижигрэх нь бүү хэл байсан, байгаагүй нь ямар ч хамаагүй. Нийгмийн дундаж давхаргад хамрагдах 40 хувь нь банкнаас бага зэргийн мөнгөн гүйлгээ хийх хэмжээний л үйлчилгээ авахад хэрэг болно. Эндээс харвал банк томрох нь хэнд ашигтай вэ гэсэн хартай асуулт төрнө. Өнөөдөр манай банкны зах зээлийн 55 орчим хувь нь монголчуудын гарт байгаа гэдэг.

Бид банкны хамгийн том сүлжээгээ гадныханд хувьчилснаас болж иргэдийн 21 мянган төгрөгийг тараах ажил нэг өдөр таг зогсож байна. Мэдээж банкны буруу биш. Хувийн өмч өөрт ашигтай хувилбараар явах нь тэдний эрх. Нэгэнт хуулийн дагуу хувьчлагдсан банкинд хэн нэгэн төрийн түшээ захирамж тушаалаар халдаж болохгүй. Харин саяхан Монголбанкны гаргасан шийдвэр нийт банкны зах зээлд сөрөг нөлөө үзүүлж мэдэх нь. Учир нь банкууд боломжийн хэрээр дотоодын мөнгийг татсан байгаа. Хоёрхон жилийн дотор найман тэрбум төгрөгийг хоёр дахин өсгөнө гэдэг нь хэр бодит шийдвэр бол. Тухайн шийдвэрийг хэрэгжүүлэх хоёр л зам бий. Дэлхийд байхгүй өндөр хүүтэй Монгол Улсын Засгийн газрын бондыг худалдаж авч болно. Эсвэл гадаад зах зээл дээр хэвтэж байгаа жилийн 0,75-3 хүртэлх хувийн хүүтэй зээлийг авч болно. Мөн хязгааргүй нэмэгдэж байгаа улсын төсвөөс хулгайлж мэднэ. Сүүлийн үед Дэлхийн банк, Олон улсын валютын сан гэх мэт санхүүгийн байгууллагууд эдийн засагт оролцох нь түгээмэл болж байна. Банкны Базелийн хороо гэж байгууллага байдаг. Тэр нь олон орны Засгийн газар, Төв банкуудад зөвлөгөө өгдөг. Хувийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд хаа хамаагүй гадны хүн оруулах өөрчлөлт оруулж. Үүн шиг банкны тухай хуульд тусгасан байна.  Хэдэн  жилийн өмнө архины үнийг нэмэх тухай асуудал үүсэхэд хяналтын байгууллагууд хуурамч хортой архи олширно гэсэн шалтгаанаар хориг тавьсан. Түүнтэй адил томорсон банкуудын дэргэд хуурамч санхүүгийн байгууллагууд үүсэх аюул бий. Томорсон банкууд жижиг үйлчилгээ үзүүлэх сонирхол буурна. Энэ орон зайн дээр элдэв сүлжээ, хадгаламж зээлийн хоршоонууд төрж мэднэ. Банк гэсэн нэр нь хатуухан хяналт, томоохон хуулиар үйл ажиллагаагаас явуулах нөхцөл болдог. Харин ломбард, сүлжээ, хоршоо нь тийм хэмжээний хариуцлага хүлээх боломжоор бага. Саятан биш боловч багахан хэмжээний банкаар үйлчлүүлэх сонирхолтой олон иргэд байдаг. Харамсалтай нь одооноос эхлэн том банкаар, эсвэл сүлжээгээр үйлчлүүлэх гэсэн хоёр зам үлдэж байна. Энэ бүхнээс болж хэн хохирох бол. Харин банк томорсноор хэн хожих бол. Яагаад хэвийн ажиллагаатай банкуудыг заавал томруулах болов. Гадны хэн нэг нь манай зах зээл дээр тоглохоор шийдсэн байж болно. Том банкууд нь жижиг банкуудаа залгихаар шийдсэн байж болно. Бүр илүү хардвал банкны эзэд төр зайдагнасан байж болно. Хэн нэгэн захиалагч байгаа бол 2013 онд л тодорно.

Х.БАТТӨГС


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.