Гал түймэр хаана, хэзээ ч гарч болзошгүй

gallXXI зуунд амьдарч байгаа бид өөрсдийгөө “хөгжиж байна” хэмээн ярьдаг. Нийслэл хотод сүрлэг өндөр барилга байгууламж жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ нь хэдийгээр хотын өнгө үзэмжинд эергээр нөлөөлж, тааламжтай сайхан харагддаг ч аюулгүй байдал талаасаа ямар хэмжээнд байгааг мэдэх аргагүй. Мөн шилэн байшин, ухаалаг утас, тансаг машинаар хөгжлийг хэмждэггүй. Эх орны өрсөлдөх чадвар нь дэд бүтэц, аюулгүй байдлаас хамаардаг. Гэтэл манайд онцгой үед хэрэглэх техник төхөөрөмж үнэхээр байдаггүй юм гэж үү. Он гарсаар улсын хэмжээнд нийслэлийн Баянзүрх дүүрэг, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай, Төв гэсэн таван аймгийн 14 суманд ой, хээрийн түймэр гарч урьдчилсан байдлаар 19 га ой, 29.581 га хээрийн бүс шатсан. Түймрийг унтраахад Онцгой байдал, Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллага жирийн иргэн гээд нийт 4094 хүн, 418 автоамшин тус тус ажиллажээ. Аврах гал унтраах ангийн аврагч, гал сөнөөгчид гал түймрийн аюулаас 157 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн есөн тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан мэдээлэл одоогийн байдлаар гараад байгаа юм. Ганц жишээ дурдахад, 250 мянган га нутаг дэвсгэртэй. Инээдэг хад, Арслан хад, Жамбалнавгийн агуй болон төгөл ой зэрэг үзэсгэлэнт байгальтай, 80 орчим эмийн ургамал ургадаг Түмэнцогт сум үнс нурам боллоо. Тэнд гарсан түймэртэй тав хоногийн турш ноцолдсоны эцэст сая нэг цурманд оруулжээ. Гэвч тус сумын 90 хувь нь шатаж үгүй болов.

Тэнд ажиллаж байсан жирийн иргэн байтугай онцгой байдлын ажилтан нь хүртэл резинэн цохиур, хүрз, бургас зарим нь өөрийн өмсч буй цамцаараа тэрхүү түймрийг унтрааж байлаа. Онцгой байдлын аврагч нарт багаж хэрэгсэл дутмаг гэдгийг хаана хаанаа ярьдаг. Гэтэл энэ асуудлыг ярихаас цаашгүй юм. “Хэрэв бүрэн багаж хэрэгсэлтэй байсан бол Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймагт олон хоногоор үргэлжилсэн галыг цаг алдалгүй унтраах байсан ч юм билүү” гэх иргэдийн сэтгэгдэл ч цөөнгүй байна. Тиймээс төр засаг энэ асуудлыг анхааралдаа авч техникийн шинэчлэлийг Онцгой байдлын салбарт хийгээсэй. Гал түймэр хаана, хэзээ ч гарч болзошгүй. Тиймээс хаана хаанаа бэлэн байх юмсан.

 

Ц.Заяа

 


URL:

Сэтгэгдэл бичих