Ц.Шинэбаяр: Нам байгуулах эрх хэн бүхэнд бий. Гайхах хэрэггүй

УИХ-ын гишүүн Ц. Шинэбаяртай ярилцлаа.

-УИХ-ын чуулган завсарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд та болоод МАХН-аас ямар ажлыг амжуулж байна даа?

-УИХ-ын чуулган завсарласнаас хойш Дорнод аймаг руу яваад ирлээ. Аймгийн байдал ямар байгааг харж, сонирхсон гэх үү дээ. Харин МАХН-ын хувьд гэвэл намынхаа их хурлыг хийснээс хойш бага хурлыг мөн хуралдуулсан. Миний хувьд намын дэд даргаас түдгэлзсэн учраас намын дотоод ажилд тэр болгон оролцохгүй байна.

-Та ямар учраас намынхаа дэд даргын албан тушаалыг өгөх болов?

-Сүүлийн 20 жил хүмүүс улс төр хийхдээ бүгдээрээ албан тушаалын төлөө, зарим нь амин хувийн эрх ашгийн shinabayar_suujтөлөө, нам бүлэглэлийн төлөө байдаг болсон. Тиймээс үүнийг эсэргүүцэж би ийм жишиг тогтоох нь зүйтэй гэдэг байр сууринаас хандаж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, Монголд ард түмний улс төр гэж алга байна. Хүн яагаад албан тушаал, сонгуульт ажлаас сайн дураараа татгалзаж болдоггүй юм бэ. Яагаад үүний төлөө мөнгө төлөөд, аминаасаа илүү үнэ цэнэтэй юм шиг зүтгээд байдаг юм. Эдгээр хүмүүсийн эсрэг яагаад байж болохгүй гэж. Ер нь бол дэд даргын албан тушаалыг өгөх болсон маань үүнтэй холбоотой. Ийм жишиг тогтооё гэж бодсон юм. Тэгэхгүй бол одоо манай залуучууд мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн оронд энэ намд ямар ч үнээр хамаагүй ороод, намын тодорхой бүлэглэлд харьяалагдаж ямар ч үнээр хамаагүй албан тушаалд очихын төлөө амь хайргүй зүтгэж байна. Энэ байдал ганцхан МАН-д гэлтгүй АН-д хүртэл бий болж байна. Албан тушаалын төлөө амиа өгөхөөс буцахгүй тийм залуучууд цөөнгүй гарчээ. Үүнд яагаад би хариулт өгч чадахгүй байна. Хэвлэл мэдээллээр хариулахгүй шууд биеэрээ үлгэрлэж харуулъя гэсэн байр сууринаас хандсан маань энэ.

-Таныг ингэж биеэрээ үлгэрлэж үзүүлсэн ч гэсэн энэ байдал арилна гэж бодож байна уу?

-Арилгахын төлөө ажиллах ёстой. Арилахгүй гээд зүгээр сууж болохгүй. Монгол даяар ийм гаж үзэгдэл байсаар байхад хэн нэгэн хүн эхлэх хэрэгтэй. Зүгээр л хараад сууж байх ёстой биш биз дээ.

-Танай намын гурван нарийн бичгийн дарга чинь ажлаа өгөхөө мэдэгдсэн. Үүнд тайлбар хийхгүй юу?

-Энэ бас л эрүүл үзэгдэл юм. Ерөөсөө өнгөрсөн 20 жилд албан тушаалын төлөө амиа өгөхөөс буцахгүй явдаг байсан гэж дээр хэлсэн шүү дээ. Гэтэл анх удаа нарийн бичгийн албан тушаалаас өөрөө татгалзаж байгаа шинэ үзэгдэл бол МАХН-аас эхэлж байна. Хэрвээ энэ МАН-ынхан нарийн бичгийн албан тушаалаа.өг гэх юм бол оронд нь амиа хорлох нь дээр гэнэ. АН-д ч гэсэн сонгуульт ажлаасаа татгалзчих тийм аавын хүү байхгүй дээ. Тийм зориг зүрх тэд нарт байхгүй. Амь, албан тушаал бодсон хүмүүсийн нэгдэл болчхоод байна. Харин би ийм шийдвэр гаргаж байгаа залуусаар бахархаж байгаа. Энэ хоёр хөгширсөн, ялзарсан, хоцрогдсон намд том жишээ болж байгаа. Магадгүй энэ хоёр намд орох юмсан гэж мөрөөдөж байгаа олон залууст шинэ үлгэр дуурайл болж байгаа байх.

-Танай намынхны албан тушаалаа өгөх болсныг гадуур өөрөөр ярьж байгаа шүү дээ. Н.Энхбаяр гэдэг хүн намынхаа нэрийг авуутаа л 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг ярьж доод албан тушаалын хүмүүсээ хайхрахаа больсон гэж?

-Ардчилсан нийгэмд оршин байгаа хэн нэгэн өөр бусдаар хайхруулж амьдарна гэж байхгүй. Өөрөө өөрийгөө авч явах итгэл үнэмшил дээр амьдарч байгаа шүү дээ өнөөдөр. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль гээд албан тушаалын төлөө амьд яваа юм шиг ийм яриатай ялзарсан 20 жил ард үлдэх ёстой гэж би үзэж байна. Ийм яриаг “дахиж гаргамааргүй байгаа юм. Бид энэ ялзарсан 20 жилд цэг тавих цаг болчихлоо. Яг Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ийм яриа би сонсоогүй.

-Тэгэхээр танай намд үүсээд буй үл ойлголцол, албан тушаалын халаа сэлгээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай ямар ч холбоогүй гэсэн үг үү?

-Хамаагүй. Би лав ийм юм дуулаагүй, мэдээгүй юм байна.

-Эдгээрээс хамгийн гол нь Өрнөхбаяр нарийн бичгийн даргыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ойрын, баруун гарын хүн гэдэг. Тийм байтал  яагаад  ингэж даргаасаа нүүрээ буруулах болов гэдэг асуудал гарч ирээд байгаа?

-Би Н.Энхбаярын баруун гар нь тэр, тэрний ойрын хүн нь тэр, энэ гэж хэлж мэдэхгүй л дээ. Тийм учраас Өрнөхбаярыг баруун гар гээд зарлачихсаныг би албан ёсоор мэдээгүй байна. Тийм бичиг цаас ч олж үзээгүй.

-Түүнээс гадна Ю.Атар даргын хувьд бас нэг яриа байгаа. Танай дотоодод болсон мэдээллийг МАН-ынханд аваачиж өгч байсан гэж?

-Ер нь бол энэ 20 жилийн хугацаанд МАН дотор ч АН-ын батлахтай хүн явж байгаа, АН-д ч гэсэн МАН-ын батлахтай хүн байдаг. Энэ хоёр ялзарсан намын тогтолцоо МАХН-д орж ирэх хэрэггүй л дээ. Аль ч нам руу орох учиргүй. Энэ зүйлийг л таслан зогсоох хэрэгтэй гэж ард түмэн хүсээд байгаа. Гэхдээ би Ю.Атарын тийм үйлдэл хийснийг мэдэхгүй байна. Ер нь бол энэ МАХН-ыг байгуулах явцад энэ хоёр нам байнга л хүнээ явуулж байсан. Үүнийгээ одоо болих хэрэгтэй. Бид нар үзэл бодол, итгэл үнэмшлээрээ өөрийнхөөрөө баймаар байна. Яагаад заавал энэ хоёр намын гай бусад намд очиж наалдаж байх ёстой юм.

-Сонсоод байхад Ю.Атар дарга тиймэрхүү хандлагатай байсан юм биш үү?

-Би мэдэхгүй. Тийм юм байгаагүй. Ер нь энэ хоёр намаас нэг ийм балиар юм гардаг. Үүнийгээ одоо болимоор байна. Монгол Улс өөрчлөгдөх хэрэгтэй байна ш дээ. Үнэнийг хэлэхэд ард түмэн ч залхаж байна. Одоо энэ Ю.Атартай холбож ярьж байгаа юм бас л нэг зохиомол шоу. Шинэ хүнд муу юм аваачиж наах гэсэн арга Энэ аргыг нь бүх хүн мэдчихсэн байгаа. Одоо энэ муу зүйлд баригдсан аргаа хэрэглэхээ болих хэрэгтэй, эрх баригч намынхан. Толгой нь ажилладаг  юм бол арай өөр арга бодож олох хэрэгтэй.

-Та шинэ нам байгуулж МАХН-аас гарах гэж байгаа юм уу?

-Бас л тийм янз янзын явган яриа байна. Ер нь нам байгуулах эрх хэн бүхэнд байгаа. Надад ч байна, чамд ч байна. Тийм учраас Монголын ард түмэн үнэхээр хүсэж байгаа бол хэн ч нам байгуулж болно. Ард түмний  төлөө улс төр хийж байгаа хэнд ч нам байгуулах эрх байгаа. Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон эрх. Үүнд гайхаж, эсвэл илт сонин үзэгдэл мэтээр хүлээж авах хэрэггүй. Энэ чинь Үндсэн хуулийн дагуу л асуудал.

-МАХН-ын хурал дээр нэг ийм яриа гарсан юм уу. Шинэ намд хөрөнгө санхүү хэцүү байдаг. Тиймээс намын дарга, дэд дарга, генсек нь энэ удаа нэр дэвшье гэж.  Гэтэл  залуучууд чинь уурласан гэх юм?

-Сонсоогүй юм байна. Намайг байхад тийм асуудал огт гараагүй. Тэгээд ч хүмүүст хандаж хэлэхэд сонгууль ярьдаг байдлаасаа гарах хэрэгтэй. Монгол хүн сонгуулийн төлөө амьдарч байгаа юм шиг л байх юм. Би эх орныхоо төлөө л амьдрах хэрэгтэй биз дээ. Ард түмнийхээ сайн сайхны төлөө ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй байна. бүтэлгүй хэсэг нөхдийн сонгуулийн компанит ажлын хийрхлийг халах учиртай. Хуулийн хугацаа нь болоогүй байхад улс даяар сонгуулийн сурталчилгааг эхлүүлчихсэн байна. Хөвсгөл аймагт болж байгаа наадмыг бүтэн өдөржингөө ТВ-ээр гаргалаа. Сэлэнгэ аймгийн наадмыг харлаа.

Баахан улсууд оччихсон байж байна. Уг нь ойг угтаж бүтээн байгуулалт явуулаад тэр бүтээн байгуулалтаа тэмдэглэх ёстой шүү дээ. Түүнээс биш юу ч хийгээгүй байж наадмыг хавтгайруулж болохгүй. Үүнийг нь бас улстөрчид ашиглан шоу хийдэг энэ байдлаас салъя. Зарим нь тойргийнхоо ойн баярт 500 сая төгрөг хандивласан тухай мэдээлэл байна. Тэд одоо хаанаас тийм их мөнгө олсон юм. Яах гэж тэгж их мөнгө хандивлаж байгаа юм бол. Тэр 500 сая төгрөг нь илүүдээд байгаа юм бол тухайн аймагт нь хэрэгтэй барилга барьчхаж болоогүй юм уу. Ойд нь аваачаад баахан мөнгө өгчихдөг. Ойн тайлан гэж олигтой юм гардаггүй ш дээ. Хэн ч түүнд хяналт, шалгалт хийдэггүй.

-МАН-ын зүгээс Дээд шүүхийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Танай намын нэрийг бүртгэсэн нь буруу гэж…

-Намын нэрийг бүртгүүлэх гэсэн өдрөөс хойш хуулийн дагуу МАХН-ыг бүртгэх боломжтой байсан. Болохгүй гэж МАН-ын хэдэн нөхөд яриад байгаа юм. Бусдаар бол энэ олон шүүгч өмгөөлөгч хуульчид бусад намын төлөөлөгч зөвшөөрч байсан асуудал шүү дээ. Харин одоо бүртгүүлсэн хойно асуудалд, гайхсан байдлаар хандаж болохгүй. Өөрөөр хэлбэл Монголын улс торд олон жил болчихсон зурагдсан пянз шиг нөхдүүд хэрэггүй болчхоод байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө хоцрогдлыг бусдад тохох гэж оролдоод байгаа нь үнэхээр явцгүй байна. Тэд хариултаа авчихсан. Үнэндээ тэр зурагдсан пянз шиг нөхдүүд хууль эрх зүйн галаар мэдлэг муу бололтой. Манай залуу үеийн шинэ хуульчид гараад ирчихсэн гэдгийг мартах учиргүй. Тэднээс илүү  толгойтой хуульчид гарч ирсэн учраас энэ асуудал үнэн зөвөөр шийдэгдсэн юм.

– “Эх орон шударга ёс. Тусгаар тогтнол” гэсэн хөдөлгөөн гарсан. Энэ дундаас та бүхэнтэй хүч хавсарч байсан зарим “хүмүүс хөдөлгөөнийг орхиж яваад байх шиг байна. Ямар асуудлаас болж салж сарнив?

-Мэдэхгүй. Би яг ямар хүмүүс орхиж гарсныг мэдэхгүй байна.

-Тухайлбал, Д.Нинж нарын хэсэг хүмүүс гарсан биз дээ?

-Бүр гараад явчихсан юм ч байхгүй. Албан ёсоор би гарлаа гэж хэлээгүй байгаа. Миний хэлээд байгаа энэ улс төрийн нам  иргэний хөдөлгөөн бол ихэнх нь зохиомол цаанаа эзэнтэй, даалгавар авч ажилладаг юм. Энэ өнгөрсөн хэдэн сарын хугацаанд Монголын улс төр яасныг би дүгнээд хэлчихсэн. УИХ-д улс төр алга, намд, иргэний хөдөлгөөнүүд дотор улс төр алга. Ард түмэн үүнийг хүлээж авахаа больсон. Тийм учраас энэ талаар бид нэлээд анхаарах ёстой гэж бодож байна.

-МАХН нэрээ бүртгүүлснээс хойш “Эх орон-шударга ёс” хөдөлгөөний үйл ажиллагаа сулраад байх шиг?

-Үгүй.  Энэ хөдөлгөөн өөрөө МАХН-тай холбоотой үүссэн учраас тийм асуудал гарахгүй. Сөрөг хүчний орон зайн дээр нэгдэж нягтаръя гэсэн хүсэл эрмэлзэл байгаа. МАН, АН хоёр улс төрд сөрөг хүчингүй парламент бүрдүүлчхээд байна. Монголд болж байгаа бүх муу муухай юм энэ хоёр намаас гарч байдаг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдаад авчхаж. Хууль хяналтын байгууллагыг бүрэн хяналтдаа байлгадаг болжээ. Ганц нэгээрээ байгаа нам хөдөлгөөнүүдэд асар их дарамт учруулж байна.Тийм учраас хүчээ нэгтгэж, нэгдсэн хөдөлгөөн болж байж эд нарын эсрэг сөрөг хүчний орон зайд ажиллаж ард түмнийхээ дуу  хоолой нь болохгүй бол хэцүүдэх нь. Ард түмэн юу ч мэдэхгүй байна. Мэдээлэлгүй байдаг. Тиймээс муу бүхнийг нь гаргаж ирэх хэрэгтэй болоод байгаа юм.

-Тэгэхлээр энэ хөдөлгөөнийхөн цаашдаа үйл ажиллагаагаа явуулж сонгуульд хамтран орно гэж ойлгож болох уу?

-Сонгууль болтол зай ч байна, лай ч байна. Сонгуулиас наана зөндөө  юм бий. Тэр болтол энэ эрх баригчидтэсэж үлдэж чадах юм уу. Энэ их хулгай, луйвраа сонгууль хүртэл ард түмнээс нуугаад байж чадах уу гэдэгт би эргэлзэж байна. Утгагүй болчхоод байна. Нурж унах гээд ан цав үүсчхээд байгааг харахгүй байна уу. Хэнийг дарж унах вэ гэдгээс хүмүүс болгоомжилж байгаа.

-Ан цав яг хаана, хэн дээр нь үүсээд байгаа юм бэ?

-Энэ хоёр намд хоёуланд нь ан цав үүссэн. Оюу толгойн гэрээ, Таван толгойн гэрээ гээд Монголын стратегийн томоохон ордыг байгуулж чадахаа больчихлоо. Энэ хоёр уурхайн гэрээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж “түүхий байна” гэж хэлээд байгаа. Улстөрчид өнөөдөр юу ярьж байна гэхээр гурван улсын эрх ашгийг шийдсэн дахиад хоёр улсын эрх ашигтай холбоотой асуудал байгаа гэх юм. Энэ баялгаа тэдний эрх ашигт нийцүүлэхээсээ илүү өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж харилцан ашигтай гэрээ хийх хэрэгтэй байна, Гэтэл бусад орнуудад найр тавьдаг балай зуршлын  энэ Засгийн газар байхад больж чадахгүй нь бололтой Мөн энэ Засгийн газарт төрийн бодлого гэж юу ч алга. Ойрын бодлогогүй. Гадаад бодлого бас байхгүй. Нэг хүн ажлаар ирэхэд манай гурав дахь хөрш гэж хөл алдан гүйнэ.

Өөрсдөө  гадаадад очихоороо манай гурав дахь хөрш гээд хэл амаа билүүдээд байдаг. Нэг дэх хөрш нь хэн юм. Хоёр дахь нь аль нь юм. Хичнээн гурав дахь хөрштэй юм бид нар. Энэ олон гурав дахь хөршийн аль нь бидэнд юм өгөх бол. Ийм хачин утгагүй юм ярьдгаа болих хэрэгтэй. Монголд айлчилсан хүн болгоныг гурав дахь хөрш гэж явцуурах хэрэггүй. Тийм учраас энэ хоёр нам нурж унана. Суурь нь байхгүй болчихлоо. Юун сонгууль, тэр болтол тэсэхгүй. Түүнээс гадна нэг зүйлийг нэмж хэлэхэд, улс төрд хамаагүй үг хэрэглэдгээ болих хэрэгтэй. Америкчууд гурав дахь хөрш гэж ярьж байна уу. Өөр орнууд гурав дахь хөрш гэж ярьж байна уу. Ард түмнээ хуурдаг шигээ гадаад орныг хуурна гэж бодож байгаа бол үүн шиг том эндүүрэл байхгүй. Үүнээс болж Монгол Улсын гадаад бодлогод сөрөг нөлөө гарч байна. Энэ гайг дараа нь яаж засах юм. Ард түмэн эд нарын гайг яаж үүсэх юм. Эрх баригч намууд нурж унахаа мэдсээр байж болгоомжтой байх хэрэгтэй.

-МАН-ынхан намын дарга С.Батболддоо сануулга өгөөд байгаа гэсэн. Та сонссон уу?

-Сонсоогүй. Ерөнхийдөө бол Монголын ард түмэн нэг намын дарга буухтай холбоотой зүйлийг сонирхохгүй. Ард түмэн зөвхөн улс төрд байгаа хар мөртэй хүмүүсийг хурдан зайлаасай гэж хүсэж байгаа. Өөрсдөө эргэж мөрөө харах хэрэгтэй байна.

-Хар мөртэй хүмүүсийг нэрлэвэл?

-Шийдвэр гаргаж байгаа хоёр намын голлох хүмүүс бүгд хар мөртнүүдийн тоонд орно.

-УИХ-ын зарим гишүүд таныг муу улстөрч гэсэн байна лээ?

-Нэг л зүйлийг ойлгох ёстой. 20 жилийн дотор хүмүүс хөрөнгө мөнгөтэй болж байгаа. Маш цөөхөн хүмүүс ухаан зарж гар хуруугаа цэврүүтүүлэн эд нар шиг мөнгө олсон. Энэ хүмүүсийг хөрөнгө мөнгөтэй байна гэж зарим хүмүүс шүүмжилж байна л даа. Яагаад тэр хүмүүс компани байгуулаагүй шударгаар хөдөлмөрлөөгүй хүмүүсийг шүүмжлэхгүй, татвараа төлж шударга байсан хүмүүсийг шүүмжлээд байгаа юм. Би бол шударгаар татвараа төлсөн нүүр бардам хүн. Гэтэл 20 жилийн хугацаанд компани байгуулаагүй татвар төлж үзээгүй хүмүүс асар өндөр хэрэглээтэй байна. Би бол тодорхой бизнес эрхэлдэг. Тодорхой хэрэглээтэй. Гэхдээ тийм өндөр хэрэглээ хэрэглэж чадахгүй байна. Яагаад гэвэл өөрийнхөө хөлс хүчээр олсон мөнгийг хүн хамаагүй хэрэглэж чаддаггүй. Тэгэхээр хууль бусаар хөрөнгөтэй болсон хүмүүс тансаг хэрэглээтэй байдаг. Тийм хүмүүс л намайг шүүмжлээд байгаа юм л даа.

-Ийм яриа гарсныг та эмзэгээр хүлээж аваагүй гэсэн үг үү?

-Яах ёстой юм бэ. Шударгаар хөдөлмөрлөөд олсон юм чинь. Худал хуурмагаар олсон хөрөнгөө бусдын нэр дээр байлгадаг хүмүүс энэ яриаг гаргаж байгаа. Энэ бол ардчилсан нийгмийн ёс биш. Ардчилсан нийгэмд хүн шударга байх ёстой. Айж ичихгүй амьдрах ёстой. Итгэлтэй амьдардаг байх хэрэгтэй. Зарим хүмүүс айгаад зүсээ хувиргаад л, эсвэл өрөөндөө суугаад орсон гарсныг нэг бүрчлэн сонсоод л байж байна. Тайван бай л даа гэж хэлье.

-Сонгуулийн хуульд чих тавьж л байгаа биз дээ?

-Өнгөрснөө эргэж харж явахаасаа илүү урагшаа шинэ юм руу тэмүүлж хөгжих ёстой. Ер нь бид мажоритар тогтолцооны нөөцийг шавхчихсан гэж үзэж байгаа. Пропорциональ Тогтолцоо хүлээгдэж байна. Гэхдээ шууд шилжихэд бэлэн байна уу, үгүй юу. Үүний дунд нэг шат гишгэж орох ёстой юу, үгүй юу гэдгийг сайтар тунгаах хэрэгтэй байна. Ингэвэл бид алийг нь сонгох ёстой юм. Холимогтоо яг ямар хувилбар нь байвал оновчтой вэ гээд тохиролцох болохоор хоёр тийшээ хараад суучих юм. Шууд 50:26 гээд нэг яриад байна. Эсвэл 24:52 гээд байгаа. Энэ хоёрын яг дундах хувилбар бол 38:38 шүү дээ. Ерөнхийдөө холимог тогтолцоо гэвэл энэ чинь дотроо их олон болчхоод байна. Эсвэл мажоритар давамгайдсан, эсвэл пропорциональ давамгайлсан эсвэл бүр тэнцүү гэсэн гурван хувилбар яригддаг. Миний хувьд тэр дундаж хувилбар нь зүгээр гэж бодож байгаа, Тэгээд алсдаа пропорциональ нь давамгайлсан хувилбарт шилжээд сайжруулаад явах гэсэн бодол байна. Гэхдээ Сонгуулийн систем ямар байхаас илүү улстөрчдийн ёс зүйтэй байх, хуулийг дээдэлдэг байх, шударга 5айх нь сонгуулийн амин сүнс юм. Ард түмэн сонгуулийн систем гэхээсээ илүү шударга байхыг л их хүсэж байгаа.

-МАХН бүлэг байгуулахаар ажиллаж эхэллээ. МАН-аас гишүүд урвуулах гэнэ гэсэн яриа гарсан гэсэн, үнэн үү?

-1990 оноос хойш ийм ялзарсан яриа гараад байгаа юм. Нэг хүн ятгачихаар л хүрээд ирэх юм шиг ярих болж. Энэ чинь бид өөрийн итгэл үнэмшлээ хааш нь хийнэ гэсэн үг вэ. Тийм учраас МАХН-д МАН ч бай, АН-аас ч бай гишүүн ирэхэд нээлттэй. Нөгөө талаас МАХН-аас гарах асуудал бас чөлөөтэй. Харин хүнтэй ярилцаад л хэн нэгнийг ятгахаар нь ирэх чинь тэнэг асуудал, Өөрөө хүсээд ирвэл энэ тухай асуудал яригдана уу гэхээс хүнээр яриулаад ирнэ гэдэг ойлголт утгагүй зүйл юм.

Эх сурвалж: Өдрийн сонин Л.Мөнхтөр


URL:

Сэтгэгдэл бичих