Д.Хаянхярваа: Засгийн газар “Хан ресурс”-тэй заргалдаад уначихлаа. Энэ бол төрийн албаны чадваргүйнх

527-1430362766hyrwaa0410_500x500УИХ­ын Өргөдлийн байнгын хорооноос төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан асуудлаар тал талын төлөөлөл оролцсон нээлттэй сонсголыг Төрийн ордонд өчигдөр зохион байгууллаа. Нээлттэй сонсголд ажлаасаа халагдсан гэх иргэдийн төлөөл лийг оролцуулж, санал бод­ лыг нь сонсов. Засгийн газрын гишүүд, Төрийн албаны зөвлөл, улс төрийн шалтгаанаар ажлаасаа халагдсан хэмээн гомдоллож байгаа иргэд зөрүүтэй байр суурь илэрхийлж, өөр өөрсдийнхөө үзэл бодлыг хамгаалж байлаа. Өргөдлийн байнгын хороонд ирсэн иргэдийн гомдлын дагуу нээлттэй сонсгол зохион байгуулсан нь сайшаалтай ч “бай”­гаа онож, гарц шийдэл хайсан хэлэлцүүлэг болсонгүй гэж шүүмжлэх хүн цөөнгүй байв. Дайрин дээр давс гэгчээр байнгын хорооны дарга О.Баасанхүү сайд нарт хоёр минут үг хэлэх эрх олгосон нь тэднийг бухимдуулахад хүргэлээ. Учир нь, Засгийн газрын гишүүд тайлбараа гүйцэд хийж чадахгүй байв. УИХ­ын гишүүд ч БОНХАЖ, Хөдөлмөр, ЭМС­ын яамыг олноос онцолж, шүүхийн танхимд байгаа мэт сайд нарыг өмнөө суулгачихаад яагаад байцааж буйг тодруулсан. Өргөдлийн байнгын хорооны гишүүд өндөр сэнтийд заларч өмнөө сайд, бусад албаны төлөөллийг суулгасан төрх сэтгүүлчдийн нүдэнд ч таатай харагдсангүй. Нээлттэй сонсголын гол дүрд О.Баасанхүү гишүүн тоглов. Хэн асуултад ямар хугацаатай хариулахыг байнгын хорооны дарга өөрийн үзэмжээр шийдэж байсан гэхэд хилсдэхгүй Дээр нь хэдэн яамдынхаа нэрийг хольж, солиод төлөөлөгчдийг өндөр индрээс зандарч дэг зөрчсөн хүнийг хурлын танхимаас албадан гаргахаа санууллаа. Нээлттэй сонсголыг улс төрийн зорилгоор ашиглах зорилготой хүмүүс ч мэр сэр байлаа. Сүүлийн үед МАН­ ын Тусгаар тогтнолын ордны харшилтай болсон АН­ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар МАН­ын бүлгийн дарга С.Бямбацогтыг үг хэлэх үеэр танхимд чанга дуугарч, бараг л хөөгдөхдөө туллаа. Өргөдлийн байнгын хорооны ажилчдын зүгээс түүнд сануулга өгснөөр намжсан юм. Гишүүдийн зүгээс энэ удаагийн нээлттэй сонсголд БОАЖНХЯ, Хөдөлмөрийн яаманд дээр бүх фокусаа тааруулсан нь анхнаасаа улс төрийн акци байсныг нь бэлхнээ батлах шиг болов. Тиймээс бусад ч “Дээрх гурван яам халаа сэлгээ хийсэн. Үлдсэн нь ямар ч асуудалгүй гэсэн үг үү” гэж бухимдах нэгэн ч байлаа. Өргөдлийн байнгын хороонд 2014­2015 онд ажлаас нь чөлөөлсөн гэх 179 иргэний өргөдөл, гомдол иржээ. Үүнээс 64 нь Хөдөлмөрийн яам, 66 нь БОНХАЯ, 11 нь Эрүүл мэнд, спортын яамтай 14 нь ХХААЯ, тав нь БХБЯ, найм нь БСШУЯ- тай холбоотой байсан аж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өгсөн мэдээллээр, төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн иргэдэд 2.5 тэрбумын нөхөн олговор олгох шүүхийн шийдвэр гарсан байна. Гол буруутан нь АН, МАН гэж талцахаасаа илүүтэй төрийн албаны чадамж муудаж, холбогдох хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулахаас өөр аргагүй болсныг илтгэж байна хэмээн гишүүд хэлж байв. Нээлттэй сонсголын үеэр хэн, юу ярьсныг тоймлон хүргэж байна.
М.Энхболд: Бусад яам ямар ч асуудалгүй юм уу 
-Монголын төрийн албан хаагчдын ажлаасаа халагдаж байгаа асуудлыг нэгдсэн журмаар авч үзэж, цаашид засч залруулах арга замыг ярих гэж байна гэж ойлгосон. Гэтэл манай байнгын хорооны дарга гурван яамыг сонгож авсан байна. Бусад нь ямар ч асуудалгүй юм уу. Өргөдлийн байнгын хороо 11 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Таныг байнгын хорооны дарга болсноос хойш гурван ажилтан ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэдний оронд Эрдэнэбат, Туяа нарыг томилсон. Энэ хүмүүс төрийн албан хаагчийн шалгалтаа өгсөн юм уу гэдгийг байнгын хорооны даргын мэдээлэл дээр нэмж сонсмоор байна.
УИХ дахь МАН- ын бүлгийн дарга С.Бямбацогт: Өргөдлийн байнгын хороо өмнө нь яагаад ийм сонсгол зохион байгуулаагүй юм бэ? 
-2012 онд Төрийн алба 148000 хүнтэй байсан бол одоо 183601 болсон байна. Халагдсан, чөлөөлсөн хүний оронд шинээр ажилд авсан орон тоо 80 мянгатай дүйцэж байгаа. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг хуйгаар нь халсан. Тэр үед Өргөдлийн байнгын хороо яагаад ийм сонсгол зохион байгуулаагүй юм. Зарим гишүүн халаа сэлгээ 2000 онд эхэлсэн гэж байна. 1996 онд эхэлсэн юм шүү. Энэ мэт асуудал ярихдаа тулбал хаа хаанаа анхаарах зүйл бий. Гэхдээ энэ удаагийн сонсголыг нэг сайдыг байцаах байдлаар асуудалд хандмааргүй байна. Юунд алдав, цаашид яах ёстой, төрийн албыг мэргэшсэн мэргэжлийн болгохын тулд яах ёстой вэ гэдэг гарц шийдэл хайсан хэлэлцүүлэг явуулбал сайн байна. Төрийн албыг улстөржүүлмээргүй байна
Д.Хаянхярваа: Ийм эрүү шүүлт шиг сонсгол явуулах шаардлагагүй байсан 
-Өнөөдрийн нээлттэй сонсгол улс төрийн өнгө аястай эхэлсэн шүү. Энэ асуудлыг 2012 онд анхнаасаа маш сайн ярих хэрэгтэй байсан. Би төрийн албанд ажиллаж байгаад халагдсан иргэдийн зовлонг ойлгож байна. Та нарын оронд байгаад халагдсан хүний зовлонг ч ойлгож байна. “Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ” гэдэг үг бий. Н.Алтанхуяг Ерөнхий сайд 2012 онд 26 тоот тушаалаар төрийн албаны журамд өөрчлөлт оруулсан Ингэхдээ “Иргэнийг түр орлон гүйцэтгэгчээр томилж болно” гэсэн. Үүнээс болж төрийн албан хаагчдыг хоморголон халдаг их давалгаа эхэлсэн. Энэ тушаалаас болж 10,20 мянган хүн гудамжинд ажилгүй явж байна. Уг асуудал дээр Төрийн албаны зөвлөл түрүүлж дуугарах ёстой байсан. Хууль зөрчсөн нь үнэнд гүйцэгдэхээр өмнө нь гаргасан хуулиа хүчингүй болгодог муу арга “Шинэчлэл”-ийн Засгийн газарт байсан. Үүнийг нь засахгүй өөгшүүлсээр байгаад өнөөдрийн байдалд хүрлээ.Хөдөлмөр, Зам тээвэр, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ТЕГ, МХЕГ, ОБЕГ, ЦЕГ-ын дарга нарыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёроос гурван удаа бүтцийн өөрчлөлт хийсэн байна. Ингэж төрийн албыг завхруулчихаад дараа нь үүнийг нь засах гэхээр “Хууль зөрчиж байна. Болохгүй” гэдэг. Баахан хүмүүс оруулж ирээд энд эрүү шүүлт шиг зүйл явуулах шаардлага байгаагүй. Төрийн алба чадваргүй болсон. Энд би хоёр жишээ татъя. Өмнө нь Засгийн газар дөрвөн удаа Арбитрын шүүхэд заргалдаж, бүгдэд нь ялалтаа авч байсан. Гэтэл сая Засгийн газар “Хан Ресурс”-тэй заргалдаад уначихлаа. Энэ бол төрийн албаны чадваргүйнх. Өнгөрсөн онд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 36 хуулийн төслийн 19 нь унасан. Төрийн албан хаагчид чадваргүй байгаагийн илрэл. Монголын төрийн алба хөл толгойгоо олохоо байсан. Ямар ч шалгуургүйгээр гудамжнаас томилдог болсноор ийм асуудал үүссэн. Энэ танхимд сууж байгаа иргэдийг “Гудамжны чадваргүй хүмүүс” гэж хэлээгүй. Төрийн алба тогтворгүй байдлаасаа болж та бүхнийг өнөөдөр эвгүй байдалд оруулж байна. Цогцолбор сургууль нийгмийн даатгал, халамж гээд хаана мөнгө, жижиг эрх мэдэл байна түүнд очих гэж уралддаг болсон. Бүх газрын дарга нарыг дээрээс томилдог жишиг тогтлоо
Л.Энх-Амгалан: Өмнөх алдааг нь зассаны төлөө сайд нарыг байцааж болохгүй 
-Их эмгэнэлтэй бас харамсалтай байна. Хамтарсан Засгийн газар улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр байгуулсан. Иргэдийн нуруун дээр байгаа ачааг хөнгөлж, Засгийн газрын гишүүд цаг наргүй ажиллахаар болсон Гэтэл сайд нарыг ажлыг нь хийлгэхгүйгээр өмнө нь гаргасан алдаа дутагдлыг засч өгснийх нь төлөө шүүж байгаад гүнээ эмгэнэж, харамсч байна.Энэ Засгийн газар цаг алдахгүй ажиллах ёстой. Иргэдийн дунд том хүлээлт байгаа. Монгол Улс шүүх засаглалтай. Алдаа дутагдал гарсан бол шүүхийн шийдвэр гарсны дараа ярих хэрэгтэй байсан. Гэтэл цөөн хэдэн сайд нарыг онцгойлон дуудаж авчраад дүгнэлт гаргах гээд сууж байгаа нь буруу. Төрийн албаны халаа, сэлгээний асуудлыг ярих нь зүйтэй. Хоёр жилийн турш яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараас эхлээд аймгийн хэлтсийн дарга хүртлээ түр орлон гүйцэтгэгч гэсэн тушаалтай ажиллаж байгаа. Энэ төрийн алба мэргэшсэн алба мөн үү. Өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн даргыг улс төрийн намаас томилж байгаа. Энэ хүн чинь намын даргынхаа үүрэг даалгаврын дагуу ажиллана шүү дээ. Төрийн албаны зөвлөлийн дарга ажилчдынхаа эрх ашгийг үнэхээр хамгаалж чаддаг юм бол яагаад 36 мянган хүн өөр ажилд шилжээд байгаа юм. Энэ иргэдийн эрх ашгийг хамгаалахгүй яасан юм бэ. Та ажлаа хийгээгүй байна. Төрийн албаны зөвлөлийн маш ойлгомжтой дүгнэлт гарсан. Төрийн албан хаагчид өнөөдөр нийтээрээ авлигач нэрээр дуудуулж байна. Бүгд цалин, орон сууцны зээлтэй байна. Төрийн албан хаагчдын дуу хоолойг хамгаалж байгаа нь хаана байна. Бид хэзээ ч хэн нэгнээс буруутан хайж болохгүй. Байнгын хорооны төвшинд ч яриад орхиж болохгүй.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Нэр: зочин Огноо: 30 April 2015

Хаян хярваа “Хан Ресурс” -г Баяр Путиний захиалгаар улаан цайм дээрэмдсэнийг мэдэхгүй дүр үзүүлээд хэрэггүй Тэгээд ч өөрийнх нь төрийн албаны чадвар сонгуулийн өмнө зөвхөн Дарханд 1072 хувьцааны мөнгийг олгосоноор маш тод илэрсэн ч дээ Төрийн албаны чадварын тухай ярих дээр тулвал таниас арай өөр ёс суртхуунтай хүний ярих асуудал шүү

Сэтгэгдэл бичих