Хөгжлийн банк тойрсон хуудуутай баримтууд

152227-17122014-1418780930-686316920-hugjliin-bankУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах Ажлын хэсгийг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан. Үүнд тус банкны тухай хууль хэрхэн хэрэгжиж буй, Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүдийн үр дүн, Чингис, Самурай бондын зарцуулалт зэрэг асуудлууд тусгагджээ. Тэгвэл энэхүү шалгалтыг хийсэн Аудитын ерөнхий газрын дүгнэлт гарч, шалгалтын дүнг танилцуулахад бэлэн болсон байна. Хараахан олон нийтэд мэдээлэгдээгүй байгаа аудитын дүгнэлтэд анхаарал татсан, олон зөрчил байгаа аж.

Зөрчлүүдийг нэрлэхийн өмнө Хөгжлийн банкийг байгуулах болсон түүхийг эхлээд сануулъя.

Хөрөнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл олгожээ

Хөгжлийн банк 100 хувь төрийн мэдлийнх. Харин гүйцэтгэх удирдлагынх нь 50-иас дээшгүй хувь нь монгол хүн байхаар хуульчилсан. Энэ нь манайд тус чиглэлээр ажиллаж байсан банкны туршлага байхгүйтэй холбоотой. Тиймдээ Хөгжлийн банк байгуулж, түүгээрээ амжилтад хүрсэн орны туршлагыг нэвтрүүлэхээр Солонгосоос менежментийн баг авчирж байлаа.

Арилжааны банк шиг хадгаламж татахгүй, жижиг зээл олгохгүй бөгөөд урт хугацаанд үр ашгаа өгөх тэрбум, их наяадаар хэмжигдэх хөрөнгө шаардсан томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх чиг үүрэгтэй.

Энэ хүрээнд өмнөх Засгийн газар таван тэрбум ам.долларын бонд гадаад зах зээл дээр арилжаалах эрхийг УИХ-аас авч байлаа. Гэхдээ парламентаас авсан эрхээ бүрэн эдлээгүй ч, 1.5 тэрбум ам.долларын бонд босгож, түүнийгээ “Чингис” хэмээн нэрлээд буй. Түүнээс гадна Японоос “Самурай” бонд босгож, 30 тэрбум иений зээлийг Хөгжлийн банк аваад байгаа. Мөн “Кредит Свисс” банкнаас 300 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас найман жилийн хугацаатай 162 сая ам.долларын зээлийн гэрээг байгуулсан. Авсан зээлийн эргэн төлөгдөх хугацаа эхнээсээ тулаад буй.

Гэвч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хөгжлийн банк ашигтай ажилласан гэхээс илүүтэйгээр алдагдал хүлээснийг аудитын шалгалтаар тогтоожээ. Тухайлбал, бүхий л төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зээлийг Засгийн газрын тогтоолын дагуу ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр олгосон байна.

Хөгжлийн банкны гаргасан нийт зээлийн 60.2 хувь төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгогдсон. Гэвч энэ нь 2017, 2022 онуудад төсөвт ихээхэн дарамт учруулахаар байгаа нь шалгалтаар тогтоогджээ. Мөн Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбарт хамааралгүй гэх ангилалд багтах Хөрөнгийн биржид Засгийн газрын өнгөрсөн оны тавдугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор 1.49 сая ам.долларын зээл олгожээ.

Гэхдээ энэхүү аудитын дүгнэлтэд өдгөө асуудал дагуулаад байгаа Шинэ төмөр зам барих төсөл болон авто замын салбарын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг тусгаагүй байна. Учир нь Аудитын ерөнхий газраас дээрх хоёр төсөл, хөтөлбөрүүдэд тусгайлан шалгалт хийх багийг томилоод байгаа аж. Өөрөөр хэлбэл, “Чингис” бондын хөрөнгөөс Шинэ төмөр зам буюу “Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын ажилд 280 сая ам.долларыг санхүүжүүлсэн ч өдгөө үйл ажиллагаа нь зогсонги байдалд шилжээд байгаа. Мөн аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой холбох авто замын ажил болон нийслэлд хэрэгжсэн “Гудамж” төслүүдийн шалгалтын дүн эцэслэгдээгүй байгаа юм. Төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр олгосон зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэх болно.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ АЖИЛТНУУД ӨӨРСДӨӨ НЭГ ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВЧЭЭ

Үйл ажиллагаанаас гадна байгууллагын бүтэц орон тоо, цалин хангамж, гадаад дотоод томилолтын зардалд багагүй зөрчил илэрсэн байна. Хөгжлийн банкны орон тоог 2013 онд 62 албан хаагчтай байхаар Засгийн газраас тогтоосон. Гэвч орон тооны энэхүү хязгаарыг даруй бараг нэг дахин нэмж, 112-д хүргэжээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны захирал өөрийн дураар дотоод бүтцэдээ “Барилга захиалагчийн алба” гэгчийг нэмж, албан тушаал “үйлдвэрлэсэн” байх юм.

Түүнээс гадна Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд хийгээд тэдний үйл ажиллагаа анхаарал татаж байна. ТУЗ-д Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Шинэбаатар, Зам тээврийн яамны ТНБД асан Б.Батзаяа, Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга асан Ч.Отгочулуу, Үйлдвэр, хөдөө, аж ахуйн яамны газрын дарга асан М.Баянмөнх, МҮХАҮТ-ийн газрын дарга Ч.Нэргүй, Монгол банкны Хяналт, шалгалтын газрын дарга Д.Ганбат, Сангийн яамны хэлтсийн дарга асан О.Хуягцогт болон Эдийн засгийн хөгжлийн яамны газрын дарга асан Р.Баасанжав нар багтдаг байна. Гэвч шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ дагаад өөрчлөгдөх ёстой дээрх сонгуульт албан тушаалтнуудыг өдийг хүртэл шинэчлэгдээгүй байна.

ТУЗ-ийн дарга сардаа 800 мянган төгрөгийн цалин авдаг бол, гишүүд нь тус бүрийн 600 мянган төгрөгийн цалинтай аж. Мөн ТУЗ нь өөрийн бүрэн эрхэд заагаагүй буюу тус банкны ажилтнуудад хөнгөлөлттэй зээл олгох тухай шийдвэр гаргажээ. Энэ хүрээнд тус банкны ажилтнууд арилжааны банкуудаар дамжуулан нэг тэрбум төгрөгийн зээл авчээ.

90 САЯАР ШИНЭ ЖИЛ ТЭМДЭГЛЭЖ, 14 ТЭРБУМААР ГАДААД ЯВЖЭЭ

Хөгжлийн банкны өнгөрсөн оны эхний хагас жилийн үйл ажиллагааны төсвийг долоон тэрбум 522 сая төгрөгөөр баталсан ч гүйцэтгэл нь 3.8 тэрбум төгрөг гарчээ. Хэдийгээр батлагдсан төсвийг хэмнэж байгаа мэт харагдах ч зардал нь хэт өндөр байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн оны эхний хагас жилийн гадаад томилолтын зардлыг 195 сая төгрөгөөр батлуулж, 83.2 саяыг зарцуулсан байна. Мөн тус банкны гүйцэтгэх захирал нь гадаад томилолтын зардлыг хэт үрэлгэн зарцуулжээ.

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат гадаад томилолтод явахдаа үргэлж бизнес ангиллын суудалд “тухалдаг” байна. Харин зочид буудлын төлбөр нь Сангийн сайдын баталсан тарифаас хэд өндөр зарцуулдаг аж. Жишээ нь өнгөрсөн онд Санкт Петербург хот руу томилолтоор явахдаа хоногийн 2150 ам.долларын зочид буудалд бууж, Улаанбаатар-Москва-Санкт Петербург-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцны тийзэнд бизнес ангиллаар 8.9 сая төгрөг зарцуулсан байна.

Гэтэл түүнтэй хамт явсан хэлтсийн дарга нь зочид буудлын нэг хоногийн зардалд 408 мянган төгрөг, онгоцны тийзэнд 2.3 сая төгрөг төсөвлүүлжээ. Хэмнэвэл хэмнэж болохоор л хувилбар. Үүнээс гадна дотоодын үйл ажиллагаанд үл хамаарах хүмүүс буюу УИХ-ын гишүүн Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайд байхдаа Хөгжлийн банкнаас томилолтын зардлаа гаргуулдаг байж. Түүнчлэн тус банкны гүйцэтгэх удирдлагын багийн сарын дундаж цалин зургаан сая төгрөг аж. Цалингаас гадна урамшуулал тэдэнд бий. Тэр нь урамшуулал нэрээр улирал тутам мөн л зургаан сая хүртэл төгрөгийг удирдлагын багийнхан нь тус бүр авдаг нь аудитын дүгнэлтэд тусгагджээ. Зөвхөн өнгөрсөн оны баяр ёслолын арга хэмжээний зардалд 116 сая төгрөг. Хөгжлийн банкныхан шинэ жилийн арга хэмжээгээ 90 сая төгрөгөөр хийжээ. Манай улс төрөөсөө эхлээд түмэн олноороо бүсээ чангалах зарчимд шилжээд буй. Тэгвэл хэмнэлт хэн дээр үйлчлээд байгааг эндээс харж болохоор байна.

Б.Даваатогтох

Засгийн газрын мэдээ


URL:

Нэр: үзэгч Огноо: 4 May 2015

Банкны захиралыг буусан хөлөглөсөн онгоцоор нь цаад тал хүлээж авдгийг бизнесийн том хүрээнийхэн мэднэ дээ

Нэр: Зочин Огноо: 5 May 2015

за да энэ ч нөгөө хэвлэлээр хэрэгтэн болгож, олон түмнээр үзэн ядуулж, шүүхэд тулгалт хийх ажиллагаа эрчимтэй явагдаж байгаагийн бас нэг ажиллагаа байх даа. 14 тэрбумын ямарч томилолт байдаггүй. манайхан ч одоо хар цагааныг дэнслэхтэйгээ болоо байлгүй дээ

Нэр: zochin Огноо: 5 May 2015

Kim gd solongos nuhur undur tsalin avaad, tansag hangamjtai mongol ulsiin hugjliin banknii zahiral ner zuugeed, bhan aldagdald oruulaad suuj bhad manaihan tag sohor dulii yum shig suuj bsan tsag sayhan. odoo neg mongol zaluu amjilttai ajilluulaad irheer ni uls turjuuleed ehellee. ahiin duu bitgii too bid demjine.

Сэтгэгдэл бичих