Элсэн “тахлыг” ногоон байгууламж “анагаана”

ХИС-ын Сэтгүүлзүйн гуравдугаар ангийн оюутнууд бид Экологийн сэтгүүлзүй хичээлийн хүрээнд БНХАУ-ын Эрээн хоттой хил залган орших Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг зорьж очлоо.

 da6a011fbe5bbe0fbig

Манай ангийн нийт 30 гаруй оюутнууд ус, цөлжилт, иргэдийн аж амьдрал гэх мэт сэдвийн дор баг болон хуваагдаж телевиз, радиогийн нэвтрүүлэг, мөн сонин сайтад зориулж нийтлэл бичих байв. Манай багийн хувьд гамшгийн хэмжээнд хүрсэн нь хэн хүний нүдэнд илхэн байдаг тухайн сумын цөлжилтийн асуудлыг хариуцсан юм. Ийнхүү бид Монгол улсын хэмжээнд цөлжилт, газрын доройтлын 2010 оны судалгаагаар нэн цөлжилттэй нь тогтоогдсон Замын-Үүд сумын цөлжилтийн байдалд өөрсдийн ажиглалт дүгнэлтийг хийсэн билээ.

Юуны өмнө уншигч авхай танд цөлжилт гэдэг нь чухам юу болох, энэ нь хэрхэн үүсдэг талаар тодорхой ойлголт өгөх нь зөв болов уу. Учир нь манай баг ард иргэд цөлжилтийн талаар хэр их мэдээлэлтэй байдаг тухай 60 хүнийг хамруулсан социологийн судалгаа явуулахад судалгаанд оролцогчдын 40 хувь нь л цөлжилтийн талаар бага зэрэг мэднэ гэсэн бол 20 хувь нь огт мэдэхгүй хэмээн хариулсан юм.

Мөн цөлжилтийн талаарх мэдээллийг аль мэдээллийн хэрэгслээр түлхүү хүлээн авдаг вэ гэхэд 46% нь телевизээс, 33% нь сониноос, 20% нь интернэтээс хэмээн хариулсан бөгөөд цөлжилтийг зогсоохын тулд ямар арга хэмжээ авбал болох вэ гэсэн асуултад 60% нь энэ талаар нарийн мэдээлэл үгүй тул хариулахад хүндрэлтэй байна гэлээ. Үүнээс үзэхэд ард иргэд цөлжилтийн талаар нэр төдий л мэдэхээс биш ягаад үүссэн, ямар арга хэмжээ авах тухай ойлголт байхгүй нь харагдаж байна.

Замын-Үүд суманд судалгаа хийж байхад ЕБС-ын Нэгдүгээр сургуулийн 10в ангийн сурагч Д.Мөнхдэлгэр “10 жилийн сурагчид жилдээ ганц, хоёр удаа л мод тарьдаг. Ихэнхи сурагчид их идэвхигүй оролцдог. Модоо тарьчихаад эхний хоёр өдөр услаад, больчихдог. Дараа нь үзэхэд хугалчихсан байдаг. Ер нь манайд ухамсартай хүүхэд ховор доо” хэмээн ярьсан. Тиймээс зөвхөн дээд албан тушаалтнууд мод тарихыг үүрэг даалгавар болгох биш яагаад мод тарих хэрэгтэй байгааг ард иргэддээ ойлгуулах нь хамгийн чухал зүйл юм.

Ургамлаар бүрхэгдсэн талбайн хэмжээ багасан, хөрсний үржил шим доройтож, биологийн нөхөн сэргээх чадавхи удаан хугацаагаар хомсдох үзэгдлийг цөлжилт хэмээн үзнэ. Энэ нь байгалийн болон хүний хүчин зүйлийн улмаас үүсдэг бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцаас гаргасан судалгаагаар цөлжилтөнд хүний хүчин зүйлийн нөлөө 80 гаруй хувиар нөлөөлдөг ажээ. Үүнд бэлчээрийн даацыг хэтрүүлэх, уул уурхайн нөхөн сэргээлтийг хийхгүй байх, таван хошуу малын бүтцийн тэнцвэр алдагдах болон ХАА үйл ажиллагааг буруу төлөвлөх, ойн нөөцийн хомсдол, тээврийн жолоочдын дур зоргоор гаргасан зам гэх мэт олон зүйл нөлөөлдөг байна. Үүнээс харахад хүн төрөлхтөн бид байгаль дэлхийтэйгээ буруу харьцсанаас болж цөлжилт хэмээх гамшгийг “нойрноос нь сэрээж” орхижээ.

 

Монгол орны хувьд нийт нутаг дэвсгэрийн 90% нь цөлжилтөнд өртөх магадлал тун өндөр. Манай улс далайд гарцгүй, эх газрын гүнд байрлалтай учир уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр цөлжилт үүсэх магадлал ихтэй юм. Сүүлийн арван жилийн хугацаанд Монгол орны нутаг дэвсгэрийн 78% нь цөлжилтөнд их бага хэмжээгээр өртсөн гэсэн судалгаа байдаг аж. Мөн манай улс цөлжилтөнд хүчтэй нэрвэгдэж буй Ази тивийн улс орнуудыг жагсаахад Хятад, Энэтхэг, Казахстан улсын дараа жагссан байх юм. Үүнээс гадна 2080 он гэхэд Хэнтий, Хөвсгөлөөс бусад бүх нутаг цөлжиж, хөрс нь доройтон, ургамал ургах боломжгүй болно гэсэн урьдчилсан тооцоо хүртэл байдаг ажээ. Монголчууд бид дэлхий нийтийг чимээгүй бүрхэж байгаа шаргал элсэн тахалтай одооноос л тэмцэхгүй бол мал идэх өвс байтугай өөрсдөө идэх үр тариагүй болоход ойрхон байна.

Цөлжилт үүсэх хамгийн том нөхцөлийг бүрдүүлж буй хүчин зүйл бол уул уурхайн компаниудын ашигласан газрын нөхөн сэргээлтийн тухай асуудал юм. Манай орны хувьд уул уурхайн салбартай эдийн засгийн хувьд салшгүй уялдаа холбоотой. Уул уурхайгаа ашиглаад алт мөнгө олж болно. Гэхдээ олборлолтонд ашигласан хөрсийг нөхөн сэргээхгүй бол ирээдүйд ухаж гаргасан алтан дээрээ тариа, ногоо тарих хэрэг үү? Иймээс уул уурхайн компаниудын нөхөн сэргээх үйл ажиллагаанд хатуу хяналт тавих нь туйлын зөв алхам юм.

Үүнээс гадна бэлчээрийн даац хэтрэх нь цөлжилт үүсэх шалтгаан болж байна. Үүнээс болоод бэлчээрийн талхагдал, ургамлын төрөл зүйл цөөрөх, хөрсний үржил шим алдагдах олон олон сөрөг үр дагавар үүсээд байгаа билээ. Улсын хэмжээнд 7.7 сая га бэлчээрийн ургамлын зүйлийн бүрэлдэхүүнд хүчтэй өөрчлөлт орж, бэлчээр талхлагдсан байна. Үүнээс хамгийн их буюу 857.6 мянган га газрын бэлчээр талхлагдсан аймаг бол Дорноговь аймаг юм. Учир нь тус аймгийн Айраг, Алтанширээ, Даланжаргал, Дэлгэрэх, Иххэт сумд тал хээрийн, Өргөн, Улаанбадрах, Замын-Үүд, Хатанбулаг, Сайншанд, Сайхандулаан, Хөвсгөл сумд цөлөрхөг хээрийн, Мандах сум цөлийн бүсэд хамаарагддаг ажээ.

НҮБ-гаас гаргасан судалгаагаар тус улсын нийт нутаг дэвсгэрийн 10-аас бага хувийг ой мод эзэлж байвал нөөц багатай улс хэмээн тооцдог аж. Монгол орны хувьд нутаг дэвсгэрийнх нь 7%-ийг ойн мод бүрдүүлдэг. Тиймээс ойн нөөц багатай улсын тоонд орно. Гэтэл манай улсад ойн модыг их хэмжээгээр огтлох, ургамлын ховор зүйлийг замбараагүй хэрэглэсээр байгаа юм. Ойн модны нөөц багатай гэдгээ мэдсээр байж, нэмж тарьж ургуулахын оронд, тайрч сүйтгэсээр нэг мэдэхэд элсэн талд гозойх нэг ширхэг ч модгүй болох вий дээ. Ой, Усны Хайгуул судалгааны төвөөс 2007 онд хийсэн ойн зохион байгуулалтын ажлаар Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийн 194.6 мянган га талбайг ойн сан эзэлдэг гэсэн дүн гарсан байна. Мөн 157.3 мянган метр куб ойн нөөцтэй хэмээн тогтоогдсон байна. 2013 оны судалгаанаас Замын-Үүд суманд  байгалийн модны тархац огт байхгүйг харж болно. Энэ бол яах аргагүй цөлжилт үүсэх нэг томоохон хүчин зүйл юм.

Бид Замын-Үүд суманд өглөө эрт очин, шууд л Засаг Даргийн тамгийн газрыг зорин Засаг Дарга М.Баянмөнхтэй уулсан юм. Ингээд түүнээс сум орондоо цөлжилтийн эсрэг ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар тодруулсан юм. Тэрээр “Энгийн үед хилээр өдөртөө бүртгэлтэй 500 гаруй, бүртгэлгүй 69 машин 500 гаран, том тэрэг 300-аас 500 гаран нэвтэрдэг. Үүнээс болж манай сумын хөрс механик гэмтэл ихтэй байдаг. Ялангуяа говийн хөрс маш эмзэг учир хөрсний механик гэмтлээс үүдэлтэй цөлжилт нэлээн өндөр. Говь нутагт хөрсний эвдрэлээс сэргийлэх, цөлжилтийг зогсоохын тулд ногоон байгууламж барихад нэлээд их хөрөнгө мөнгө шаардлагатай байдаг. Эрээн хот манай сумтай эн тэнцүү төвшинд байсан. Тэгээд 25 жилийн дотор хотын зохион байгуулалтаа зөв хийж, өнгө төрхөө өөрчилсөн. Нөгөө талаар Эрээн хот жил бүр 20-30 сая юанийг ногоон байгууламжинд зарцуулдаг гэсэн тооцоо бий. Мөн мод тарьсныхаа дараа маш сайн арчилдаг. Бид модыг суулгасанаас хойш 3 жилийн дараа тухайн мод байгалийнхаа жамаар өөрөө ургах ёстой гэж боддог. Гэтэл Эрээн хотод тариад 10, 20 жил болсон модонд хүртэл тэжээлийн дусал хийдэг юм байна лээ” хэмээлээ.

Мөн тэрээр “Манай сум ойн нэгдүгээр зурвасыг байгуулж үр дүнгээ өгсөн. Тарьсан моднууд 11.5 метрийн өндөртэй элсийг хуримтлуулж чадсан. Энэ жил ойн зурвас хоёрыг байгуулах төлөвлөгөөтэй байна. Үүнээс гадна өнгөрсөн жил улсын комисст хүлээлгэж өгсөн том тээврийн тэрэгний замын дагуу айл өрх, албан байгууллагаас 20 метрийн зайтай 30 метрийн өргөнтэй ногоон байгууламжийг барихаар төлөвлөсөн. Үүнээс гадна говь нутагт зохицон, ургах чадвартай мод тарихын тулд мод үржүүлгийн газар байгуулахаар зорьж байгаа” хэмээн ярьсан юм.

Бид Засаг Даргын Тамгын Газраас гараад Замын-Үүдэд 2000 оноос хойш мод тарих буянтай ажлыг хийж байгаа Энхтайван хэмээх дайчин бүсгүйтэй уулзаж ярилцсан билээ. Тэрээр Тамгын Газартай хамтран төслийн хүрээнл 10 мянган мод амжилттай тарьж, ургуулсан туршлагатай мэргэжилтэн юм.

Та хэзээнээс эхэлж мод тарьсан бэ? Хичнээн мод тарьсан бэ?

Би Замын-Үүд суманд 2010 оноос эхлэн хувиараа мод тарьж, ажиллаж байна. 2000 оноос хойш нийт 100 мянга гаруй мод тарьж, ургуулсан. Өнгөрсөн жил Тамгын газарт гэрээгээр 10 мянган мод тарьж өгсөн. Бүгд сайн ургасан.

Говьд ямар мод тарих хэрэгтэй вэ?

Голчлон хайлаас тарьдаг. Энэ бол говийн бренд мод. Говийн хөрс бол ямар ч үржил шимгүй. Гэхдээ хөрсөө ухаад дээрээс нь хоёр, гурван жил салхинд өнжсөн хөх туяатай бууц хольж байгаад мод тарьвал ургана. Манай Замын-үүдэд модоо таван сараас хойш тариад үхүүлээд байдаг тал бий.  Говьд мод тарих тохиромтой хугацаа нь дөрвөн сарын сүүлээс таван сарын 15 хүртэл байдаг.

Мод тарьсаны дараах арчилгаа, усалгааг хэрхэн хийдэг вэ?

Би усалгааг оройн долоон цагаас хойш бараг харанхуй болсон байхад хийдэг. Өглөө 4 цагт нар мандаагүй байхад модоо усладаг.  Усны хэм, гадаах агаарын хэм хоёр ойролцоо дулаантай байвал сая модыг усласан болно. Өдрийн халуунд уславал ус модны үндэсний түвшинд хүрэхгүй ууршаад алга болчихдог. Хамгийн гол нь харанхуйд услах хэрэгтэй.

Замын-Үүд сум элсэрхэг хээрийн бүс нутаг бөгөөд байгалийн модны тархацгүй. Мөн хилээр нааш цааш зорчих машинууд гэх мэт олон шалтгааны улмаас нэн хүчтэй цөлжилтэнд нэрвэгдээд байгаа газар юм. Гэсэн хэдий ч ойн зурвас, ногоон байгууламж байгуулан цөлжилттэй тэмцэсээр байна. Ногоон байгууламж бол элсэн шаргал тахлыг анагаах хамгийн үр дүнтэй эм юм. Иргэн та ч гэсэн амьдарч байгаа хашаандаа, орон сууцныхаа гадаа мод тарьж цөлжилтийн эсрэг тэмцээрэй.

ХИС-ийн Сэтгүүл зүйн 3-р ангийханы “Экологийн аялал”ын цуврал нийтлэл


URL:

Сэтгэгдэл бичих