Хазайлт өгсөн барилгын засварын зардлыг хэн төлөх вэ

1430884515554990a36f67cНийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо III хорооллын нутаг дэвсгэрт байрлах Ачлал их дэлгүүрийн ард талын 16 дугаар байрны оршин суугчдыг Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр нүүлгэн шилжүүлж, байрыг цагдаагийн хамгаалалтад аваад байсан. Учир нь “Би Жи Би Жи” компани байрнаас долоохон метрийн зайд 18 давхар барилга барихаар тус байрны үерийн даланг нурааснаас 16 дугаар байрны даацын хавтанд суулт өгч хазайлт үүссэн гэж оршин суугчид үзэж байгаа. “Би Жи Би Жи” компани нь уг газрын зөвшөөрлийг 2008 онд Нийслэлийн Засаг даргын 565 дугаар захирамжаар авч байжээ. Ингэхдээ гарааш, үйлчилгээний зориулалтаар ашиглана гэсэн аж. Харин 2014 оны хоёрдугаар сард дахин сунгуулаад мөн оныхоо долоодугаар сарын 22-ны өдөр БХБЯ-наас 18 давхар худалдаа, үйлчилгээний барилга барих зөвшөөрлийг авч, барилгын ажлаа гүйцэтгэхээр оролджээ. Нийслэлийн Засаг даргын 2014.2.24-ний өдрийн А/115 тоот захирамжаар 3000 м2 газрыг таван жилийн хугацаагаар “Би Жи Би Жи” компанид гарааш, үйлчилгээний зориулалтаар олгосон байдаг. Гэтэл Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 2014.03.19-ний өдөр БГД/337 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар үйлчилгээ бүхий 18 давхар орон сууцны барилга болгож газрын зориулалтыг өөрчлөн баталжээ. Энэ нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь /олгосон газарт зориулалтын бус барилга, байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах/ заалтыг зөрчсөн гэсэн үг юм. Үүнтэй холбогдуулан 16 дугаар байрны хажууд барилгын хууль, стандарт зөрчиж газар шорооны ажил эхлүүлснээр тус байрны суурьт доргилт өгч, тодорхой хэмжээгээр хазайлт үүссэн гэж үзэх хүмүүс цөөнгүй байгаа. Гэтэл оросууд барилгыг анхнаасаа дөрвөн см налуу барьчихсан. Мөн 16 дугаар байрнаас гурван метрийн зайд байдаг бохирын хоёр худагнаас болж хөрсний шилжилт хөдөлгөөн үүсэх эрсдэлтэй бөгөөд энэ нь байрны сууринд нөлөөлж болзошгүй. Тиймээс тус байрны хажууд ухсан нүхийг битүүлж, хөрсийг нь хүчитгэн бэхжүүлэхэд л хангалттай гэж үзэх хүмүүс ч байна. Гэхдээ тэр нүхийг зүгээр булаад орхиж болохгүй, тусгай зориулалтын аргаар хөрсийг нь бэхжүүлэх шаардлагатай. Хэрхэн бэхжүүлэх талаар зураг төсөл, төлөвлөгөөг нь ч гаргачихсан байгаа гэж албаныхан мэдээлсэн. Энэхүү асуудлыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар хариуцаж байгаа бөгөөд дээрх ажлыг ямар компаниар гүйцэтгүүлэх шийдвэр хараахан гараагүй байна.Тус ажлынурсгал засвар болон оршин суугчдын зочид буудалд хоноглох мөнгийг Нийслэлийн Нөөцийн сангаас гаргаж буй. Тэд бүх ажил дууссны дараа энэ ажилд зарцуулсан бүх зардлаа анх энэхүү үйл явдлын гол буруутнаар “тодроод” байсан “Би Жи Би Жи” ХХК-иар гаргуулна хэмээн мэдэгдэж байгаа. Гэвч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр тус компани буруугүй нь тогтоогдсон. Тэгэхээр 16 дугаар байртай холбоотойгоор гарсан Нийслэлийн Нөөцийн сангаас гаргасан зардлыг “Эн Эс Ар” болон “Би Жи Би Жи” компаниудаар төлүүлэх асуудал бас эргэлзээтэй байна.

Т.Болор

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих