Иргэд хуулийн мэдлэггүйгээс эд хөрөнгөө ломбардад алддаг

На-Ставрополье-пойдут-под-суд-члены-банды-нападавшей-на-ломбарды

Банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү өндөр, бүрдүүлэх материалын нэр төрөл олон, чирэгдэл ихтэй, хугацаа их зарцуулдаг, барьцаа хөрөнгийн үнэлгээ зах зээлээс хэт доогуур зэргээс шалтгаалан иргэд аль болох богино хугацаанд санхүүгийн асуудлаа шийдэх үүднээс барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг сонгох нь элбэг. Санхүүгийн энэхүү хэрэгцээнд тулгуурлан ашиг олдог аж ахуйн нэгж бол ломбард юм. Өнөө цагт халаасандаа ямар нэг ломбардын бичиг, баримтгүй хүнийг олоход бэрх.

Тэр тусмаа эдийн засаг хүндхэн, иргэдийн худалдан авах чадвар муу байгаа энэ үед иргэд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг сонгож, сэтгэл санаа болон эд материалаараа хохирсоор байна. Өнөөдөр нийслэлийн зургаан дүүрэгт 532 ломбард үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 482 нь зохих зөвшөөрөлтэй, 50 нь зөвшөөрөлгүй байсан нь цагдаагийн байгууллагаас явуулсан хяналт, шалгалтаар тогтоожээ. Иргэдээс дээрх газруудтай холбоотой гомдол холбогдох хууль, хяналтын байгууллагуудад байнга ирдэг байна.

Тодруулбал, иргэдийн дунд хөрөнгийг үндэслэлгүй бага үнээр үнэлж, барьцаанд авдаг бөгөөд барьцаалсан эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал хангалтгүй, нэр төрлөөс шалтгаалж хүү болон хугацааг өөр өөрөөр тогтоодог, зээлдэгч зээлээ төлж чадахгүй нөхцөлд барьцаалсан эд хөрөнгийг худалдан борлуулахдаа эзэнд нь мэдэгддэггүй, эсвэл хэт бага үнээр худалддаг гэх мэт олон гомдол, маргаан байдаг. Жишээлбэл, ШӨХТГ-т иргэн Э-гээс гомдол иржээ. Тэрбээр “Миний бие барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн өмчлөлийн 13 сая төгрөгийн үнэ бүхий ачааны портер машинаа барьцаалан таван сая төгрөгийг нэг сарын хугацаатай зээлсэн.

Намайг хөдөө, орон нутагт ажиллаж байх хугацаанд зээлийн гэрээний хугацаа дууссан юм. Тухайн үед би утсаар холбогдож, “Зээлийн хүү, алдангийг дансаар шилжүүлье” гэхэд “Манайх дансаар гүйлгээ хийдэггүй” гээд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй. Улаанбаатарт ирсэн даруйдаа машинаа авахаар очиход зарчихсан байсан. Машины зарсан мөнгөнөөс миний төлөх ёстой үндсэн зээл, түүний хүү, алдангийг суутган үлдэгдэл мөнгийг надад өгөөгүй” гэжээ. Харин ШӨХТГ-аас гомдлын дагуу шалгаж, бусдын өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн барьцаалан зээлдүүлэх газраас 2.5 сая төгрөг гаргуулж, иргэн Э-гийн хохирлыг барагдуулсан байна.

Харин барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардын эзэд “Барьцаат зээлийн гэрээний хугацаа дуусч, хэтэрсэн тохиолдолд хэрэглэгчдэд заавал мэдэгдэх албагүй. Тухайн барьцааны эд зүйлийг зах зээлийн үнэлгээний жингээс нь хамааруулж борлуулдаг. Зарим тохиолдолд барьцаалан зээлдүүлэх газартаа тавьж зардаг. Худалдан борлуулсан үнээс зээлдэгчийн зээлсэн мөнгө, хүү, алдангийг тооцож хохирлоо барагдуулсны дараа үлдсэн мөнгийг өөрсдийн ашиг болгодог” хэмээн хээв нэг ярьж байх юм.

ИРГЭДИЙГ ШУЛЖ БУЙ ЛОМБАРДУУДЫГ ЧӨДӨРЛӨХ ЦАГ НЬ БОЛСОН

Тэгвэл манай улсад ломбардын үйл ажиллагааг зохицуулдаг хууль, эрх зүйн хоёр төрлийн баримт, бичиг байдаг. Тодруулбал, Монгол Улсын Иргэний хууль болон Барьцаалан зээлдүүлэх стандарт юм. Иргэний хуульд зааснаар барьцаалан зээлдэх газар нь зөвхөн хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл олгох ёстой. Өөрөөр хэлбэл, үнэт эдлэл болон гар утас, автомашин, хөөрөг, гэр ахуйн цахилгаан бараа гэх мэт хөдлөх эд хөрөнгийг барьцаалж болно. Харин газар, байшин зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл олгох эрх барьцаалан зээлдүүлэх газарт байхгүй. Хэрэв үл хөдлөх хөрөнгө барьцаанд авсан бол тухайн гэрээ хүчингүй бөгөөд хууль зөрчсөн гэж үздэг.

Энэ тохиолдолд үйлчлүүлэгч хүү тооцохгүйгээр зээлсэн мөнгөө өгөөд үл хөдлөх хөрөнгөө авах бүрэн эрхтэй. Харамсалтай нь, сүүлийн үед бэлэн мөнгөгүй иргэд хууль, эрх зүйн мэдлэг дутмагаасаа ломбардад үл хөдлөх хөрөнгөө тавих нь ихэсчээ. Үүнээсээ болж орох орон, ойчих аягагүй болсон иргэд ч цөөнгүй бий. Харин иргэд ломбардад тавьсан эд зүйлсээ хугацаандаа авч чаддаггүй учир үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд худалдахаас өөр аргагүй гэдгийг барьцаалан зээлдүүлэх газрын эзэд хэлж байна.

Өөрөөр хэлбэл, тэд эргэлтийн мөнгөө гаргаж авахын тулд арга буюу эд зүйлсийг нь зардаг гэх тайлбарыг өгч байгаа юм. Дээр нь иргэдийн хулгайд алдсан зүйлс нэг ломбардаас нөгөөд дамжин эргэлдэж, борлуулагддаг талаар албаныхан хэллээ. Дахин нэг жишээ дурдахад, иргэн Бнэр бүхий барьцаалан зээлдүүлэх газарт 1500000 төгрөгийн үнэтэй компьютерээ барьцаалж, 400 мянган төгрөг авчээ. Гэтэл ломбардын эзэн барьцаанд тавьсан компьютерийнх нь зээлийн хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр, үйлчлүүлэгчдээ огт мэдэгдэлгүйгээр зарж, борлуулсан байна. Тэгвэл Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг худалдаж, борлуулсан үнийн дүнгээс өөрийн авах ёстой мөнгөө авч, үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заажээ. Харамсалтай нь, ломбардын эзэд зээлийн гэрээний хугацаа нь дууссан тухай болон барьцааны зүйлийг худалдан борлуулах хугацааны талаар зээлдэгчид урьдчилан бичгээр мэдэгддэггүй, улмаар барьцааны эд зүйлийг дур мэдэн, хууль бусаар зардаг болохыг нь судалгаагаар тогтоосон байна.

Тэр ч бүү хэл, борлуулсан эд зүйлийн үнийн дүнгээс зээлдэгчийн төлөх ёстой төлбөрийг суутган, зөрүүг буцаан олгодоггүй аж. Энэ мэт иргэдийн хууль эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулан, халаасыг нь сэгсэрч буй том толгойтой, барьцаалан зээлдүүлэх газрын задарсан эздэд хариуцлага тооцож, зах замбараагүй олон ломбардыг чөдөрлөх цаг нь хэдийнэ болжээ.

Б.Төрбат


URL:

Сэтгэгдэл бичих