Ж.Мөнхбат : Бид АН-ын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийг дэмжих гэж засагт хамтраагүй

 c80fee46281c1e29originalЭх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар тусгаар тогтнолын төлөө амь биеэ хайрлалгүй тулалдаж явсан 13 ахмад дайчинд МАН-ын дээд шагнал Тусгаар тогтнолын одон гардуулсан юм. 1939 оны Халх гол, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан тэдгээр 13 ахмад дайчдын дунд Халх голын дайнд 31 дүгээр отрядын байлдагчаар оролцсон Баянгол дүүргийн VI хорооны иргэн 97 настай С.Сумьяа, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан 94 настай, чөлөөнд байгаа бэлтгэл дэд хурандаа Т.Бат-Очир зэрэг энгэр дүүрэн гавьяаны одонтой буурлууд байсан юм. Энэхүү ёслолын ажиллагааны дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай уулзаж цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна.
-Сая болсон ёслолын үйл ажиллагааны талаарх товчхон тайлбараас ярилцлагаа эхлэх үү?
-Хоёрхон хоногийн дараа Оросын ард түмэн хүн төрөлхтнийг Германы фашизмын савраас авран хамгаалсан агуу их ялалтын 70 жилийн ойн баяр болох гэж байна. Өнөөдөр 1939 оны Халх гол, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдаа МАН хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж байна. 1945 оны чөлөөлөх дайн бол зөвхөн Өвөр Монголыг Японы түрэмгийлэгчдээс чөлөөлөх асуудал байгаагүй.
Даян дэлхийд Германы фашизмын дараа аюул занал учруулж байсан Японы милитарист хүчнийг бут цохиж, Ази тивд энхтайван тогтоох эрхэм үйлсэд Монголын ардын арми, Монгол Улс татагдан орж өөрийн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн юм. Хамгийн гол нь Японы милитаризмын эсрэг холбоотны үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн байдлыг 1945 оны Ялтын гэрээгээр их гүрнүүд хүлээн зөвшөөрсөн нь түүхэн чухал үйл явдал байсан. Энэ түүхэн үйл явдлын гэрч болж, биеэрээ оролцож явсан ахмад дайчдынхаа төлөөлөлд МАН-ын дээд шагнал Тусгаар тогтнолын одон гардуулан өгч байгаа нь зүй ёсны шагнал юм. Ер нь 1939 оны Халх гол, 1945 оны чөлөөлөх дайн, баруун хязгаарт болсон олон удаагийн хилийн мөргөлдөөн, тулгаралтуудад өнөөдрийн МАН Монголын журамт цэргүүдийг удирдаж эх орныхоо төдийгүй даян дэлхийн энхтайвны үйл хэрэгт түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. МАН Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолд түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн агуу их ялалтын 70 жилийн ойд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн нэгээхэн хэсэг нь ахмад дайчдад Тусгаар тогтнолын одон гардуулж байгаа энэ үйл ажиллагаа гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр ялалтын баяр бол эрх чөлөөтэй, тусгаар тогтносон Монгол Улсын иргэн бүрийн баяр гэж ойлгож байгаа.
-Сүүлийн өдрүүдэд УИХ дахь МАН-ын бүлэг, түүний маргааш нь МАН-ын даргын дэргэдэх “Зөвлөхүүдийн танхим” дараалан хуралдлаа. Эдгээр хуралдаанууд нэлээн чухал асуудал хэлэлцсэн нь ойлгомжтой. Харин эдгээр хуралдаанууд дээр хамтарсан Засгийн газраас гарах талаар ямар нэгэн шийдвэр, чиглэл гаргасан уу?
-УИХ-ын хаврын чуул¬ганаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцэж байгаа. Жишээлбэл Сонгуулийн тухай, Улстөрийн намын тухай хуулийн төсөл гээд л. Мөн саяхан УИХ-ын даргын шийдвэрээр Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхээр болж, ажлын хэсэг гараад ажиллаж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал хүнд байгааг манай иргэд сайн ойлгож, мэдэрч байгаа. Түүнээс гадна УИХ-аар 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх тогтоолын төсөл оруулж ирсэнтэй холбоотойгоор бид асуудлыг олон талаас нь нэлээн нухацтай авч үзлээ. Үндсэндээ 2012-2016 оны Засгийн газар гэдэг бол Н.Алтанхуяг сайдын үеийн Шинэчлэлийн Засгийн газар огцорсноор энэ мөрийн хөтөлбөр байхгүй болсон. МАН бол АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж, биелүүлэх гэж, түүнийг эрчимжүүлэх гэж Засгийн газарт хамтраагүй юм. Бид хамтарсан Засгийн газарт орохдоо хоёр нам хамтын ажиллагаа, итгэлцэл, ойлголцлын гэрээ байгуулсны үндсэн дээр Засгийн газрын нэг субьект болж орсон. Тэгэхдээ эдийн засгийн хямралыг даван туулах тусгай эдийн засгийн хөтөлбөр, төлөв¬лөгөө гарган түүнийгээ Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгож Ч.Сайханбилэг Ерөнхий сайдтай Шийдлийн Засгийн газарт хамтарсан юм. Харамсалтай нь 2012-2014 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр нь маш муу хэрэгжсэн гэж үзэж байгаа учир огцорсон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн ярих нь ямар ч авцалдаагүй, утгагүй асуудал гэж үзэж байгаа. Өнөөдөр Монгол Улсад эдийн засгийн хямралыг яаж даван туулах вэ гэдэг ганцхан том асуудал бий. МАН хамтарсан Засгийн газарт орсон нь ч энэ асуудалтай л шууд холбоотой. Эдийн засгийн хямралыг ямар нэгэн аргаар зогсоосны дараа хямралын хохирлыг яавал түргэн хугацаанд бараг¬дуулж, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх вэ гэдэг л асуудал байгаа. Харин 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг МАН дэмжихгүй. МАН-ын даргын дэргэдэх Зөвлөхүүдийн танхимын хурлаас ч ийм шийдвэр гарсан.
-УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр Шадар сайд У.Хүрэлсүх “ Монгол улсын эдийн засаг туйлын хүнд боллоо. Хамтарсан Засгийн газарт орсноороо энэ хямралын хариуцлагыг АН-тай хамтран хүлээх байдалд орчихлоо. Энэ талаар даруйхан шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол оройтлоо” хэмээн мэдээлсэн талаар шуугиж байна. У.Хүрэлсүх сайд яг юу гэж мэдэгдсэн юм бэ?
-Шийдэх энэ тэр гэдэг бол өөр асуудал л даа. Ер нь бол У.Хүрэлсүх сайд эдийн засаг болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. МАН-ыг төлөөлж Монгол Улсын Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байгаагийн хувьд өнөөдөр Засгийн газрын үйл ажиллагаа ямар байгаа, нийгэм эдийн засаг, ялангуяа эдийн засгийн өнөөдрийн бодит байдал ямар байгааг тодорхой тоо баримттай, нэлээн гүнзгий тайлбарласан. Урьд нь иймэрхүү тоо баримт нь МАН болон нийгэмд хаалттай байлаа шүү дээ. Харин хамтарсан Засгийн газарт орсноор нэг сайн тал нь иймэрхүү тоо баримттай танилцах, дүн шинжилгээ хийх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл Сангийн яам ч юмуу, Монголбанкнаас яг өнөөдрийн бодит мэдээллийг бид авдаг болсон. Эдгээр мэдээллээс харахад Монгол Улсын эдийн засаг, сан¬¬хүүгийн байдал үнэхээр хүнд байдалд оржээ. Гэтэл АН-ынхан Монгол Улсын эдийн засаг хямраагүй юм шиг ярих гээд байгаа. Товчхондоо өвчтөнөөр зүйрлүүлбэл Монгол Улсын эдийн засаг сэхээний орон дээр дусал залгуулаад хэвтэж байгаа маш хүнд өвчтөн шиг л болчихсон байна. Энэ бүхнийг Монгол Улсын Шадар сайд тодорхой тоо баримттайгаар дэлгэн танилцуулсан. Түүнээс биш юу юугүй засгаас гарахгүй бол болохоо байлаа, шийдвэр гаргах цаг болсон энэ тэр гэсэн юм байхгүй.
-Тавантолгойн асууд¬лаар МАН-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн байр суурь зөрчилдөөд байгаа юм бишүү. Ер нь байр сууриа нэгтгэж чадсан уу?
-Анхнаасаа МАН Тавантолгойг хөдөлгөх нь зүйтэй гэсэн л байр суурьтай байсан. Хамгийн гол нь ямар нөхцөл байдлаар хөдөлгөж Монгол Улс, Монголчуудад ямар ашиг орлого хүртээх юм , эдийн засгийн үр дүн нь аль хэр тогтвортой, хэчнээн жил үргэлжлэх юм гэдгийг анхнаас нь маш сайн ярилцаж, Оюутолгой дээр гаргасан алдаагаа яагаад ч давтаж болохгүй гэдэг байр суурин дээр л зогсож байгаа. Хоёр нам хамтарч Засгийн газар байгуулахдаа үзэглэсэн хамтын ажиллагааны гэрээн дээр Тавантолгойн асуудал маш тодорхой заалттайгаа байж байгаа. Олон нийтэд ил тод, парламентын хараа хяналтын дор, өнөөгийн байгаа нөхцөл байдлыг муутгахгүйгээр, УИХ, Засгийн газраас гаргасан хууль дүрмүүдийг зөрчихгүйгээр, Монгол Улсад ашигтайгаар Тавантолгойн ордыг урагш нь явуулах ёстой гэсэн байр суурин дээрээ өнөөдөр ч бат зогсож байна. Тавантолгойн асуудлыг УИХ-д оруулахгүйгээр Засгийн газар дээр шийдээд явахын эсрэг МАН-ын дарга М.Энхболд гарын үсэг зурсан. МАН-ын зарчмын байр суурь бол өнөөдөр УИХ дээр ирсэн М.Энхсайхан сайдын ахалж хийсэн Тавантолгойн гэрээнд ямар алдаа мадаг байна маш сайн нягтлаад УИХ-аар хэлэлцээд явах ёстой гэдэг дээр санал нэгдсэн. Түүнээс биш МАН-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлэг хоёрын байр суурь зөрчилдөөд байгаа юм байхгүй.
-Сүүлийн өдрүүдэд МАН Засгийн газраас гарах гэж байгаа тухай хэвлэлээр ихээхэн шуугиж байна. Та МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд энэ асуудалд тодорхой хариулт өгөөч?
-Товчхон хэлэхэд МАН Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газраас гарч явах тухай ямар нэгэн улстөрийн шийдвэр гараагүй. Хэрвээ тийм шийдвэр гар¬гахад хүрэх юм бол намын Удирдах зөвлөл, намын бага хурлаар улстөрийн шийдвэр гаргадаг. Хамтарч Засгийн газар байгуулахдаа ч ийм л шийдвэрээр хамтарсан. Тэгэхээр өнөөдөртөө намын бага хурал хуралдаагүй учир ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэсэн үг. Ер нь бол өнгөрсөн бүлгийн хуралдаанууд дээр Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлуудыг бүх талаас нь сайтар нягтлан ярилцсаар ирсэн. Түүнээс гадна Сангийн сайд, Барилгын сайд, Хөдөлмөрийн сайд, Шадар сайд нараас бүх талын мэдээлэл сонсож, МАН-ын зургаан сайдын удирдаж байгаа салбаруудын бодит байдалд дүн шинжилгээ хийж, хойшид авах арга хэмжээний талаар ярилцсан. Ер нь сайд нарын мэдээллээс харахад бүх салбар маш хүнд байдалд орчихоод байгаа нь тодорхой харагдаж байна. Барилга, хөдөлмөр эрхлэлт, Монгол Улсын төсөв санхүү гээд бүх салбар өнөөдрийн хувьд гялтайх, гялайх юм үнэхээр байхгүй болсон байна. Өнгөрсөн 2012-2014 оны хооронд Монгол Улсын эдийн засаг, санхүүг үнэхээр туйлдуулсан байна. Бид нэгэнт хамтарсан Засгийн газарт орж ард түмнийхээ өмнө үүрэг хүлээн, төрийн ачааг үүрэлцэж яваа улстөрийн хүчний хувьд ямар ч гэсэн энэ хямралаас гарах, улс орныхоо эдийн засгийг хөл дээр нь босгохын тулд цаашаа явахаас өөр арга байхгүй гэдгийг сайн ойлгож байгаа.
-МАН, АН хоёр хамтарч МАНАН үүсгэсний үр дүн гарч байна уу. Ер нь хамтраад зургаан сар болсны дараа ямар нэгэн эерэг үзүүлэлт гарч байгаа болов уу?
-Бид ха쬬гийн гол нь эдийн засгаа сэргээх, ард түмнийнхээ амьжиргааг жаахан ч гэсэн дээш¬лүүлэхийн төлөө л хам¬тарсан Засгийн газар байгуулсан. Эдийн засагт эхний нааштай үр дүнгүүд харагдаж, ногоон гэрлүүд асч эхэлсэн гэж бид ойлгож байна. Гэхдээ нэг харамсалтай зүйл нь саяхан УИХ руу АН-ын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх тогтоолын төсөл орж ирснийг МАН яагаад ч дэмжих бололцоогүй. Бид АН-ын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийг дэмжих гэж засагт хамтраагүй. Бид засагт хамтрахдаа байгуулсан гэрээ өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа. Сүүлдээ АН өнөөдрийн эдийн засгийн хямралаас гарах үнэхээрийн хүсэл сонирхол байна уу, үгүй юу гэдэгт эргэлзэж эхлээд байна. Өмнөх Ерөнхий сайд нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадалгүй, туйлын хариуцлагагүй ажилласныхаа төлөө огцорчихсон байхад өнөөх мөрийн хөтөлбөрийг нь эрчимжүүлэх тухай яриад сууж байгаа нь үнэхээр хариуцлагагүй явдал мөн.
Бид аль нэг намын мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх тухай ярихаасаа илүүтэй эдийн засгийн хямралаас аль болох хурдан гарах тухай л ярилцаж, тэр талын ажлаа эрчимжүүлэх ёстой.
-МАН-ын удирдлагын зүгээс УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ахалсан Тавантолгойн гэрээний талаар санал дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсэгт багтсан гурван гишүүндээ ажлын хэсгээс гарах талаар чиглэл өгсөн зүйл байна уу, үгүй юу?
-Тийм юм байхгүй. Тиймэрхүү ор үндэсгүй яриа гарсан байж болзошгүй. Харин намын зүгээс огтхон ч тийм асуудал байхгүй гэдгийг хэлье.
Эх сурвалж : Өглөөний сонин
Д. Түвшин

URL:

Нэр: zochin Огноо: 7 May 2015

iimteng humuuseer duuren nam da dandaa dolignuur shunaltai ner turund durtai humuus bdag yum

Нэр: bat yandan Огноо: 7 May 2015

zugeer mungu shaah gesiin

Сэтгэгдэл бичих